Монгол Улсын гавьяат тамирчин, спортын мастер Б.Гангаамаа долоо дахь ноён оргилдоо гарахаар өчигдөр эх орноосоо мордлоо. Явахаасаа өмнө фэйсбүүк хуудаснаа дараахь мэдээллийг оруулсан байв. “Эрхэм найзууд, нийт монголчууд та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Дэлхийн долоон тивийн ноён оргилын долоо дахь оргил болох Антрактидын Винсон Массиф уулын миний авиралтад зориулж өрнүүлсэн “Амжилтын төлөө хамтдаа” хандивын аян амжилттай өндөрлөж өнөөдөр би эх орноосоо мордож байна.
Өнгөрсөн хугацаанд надтай хамт байж, хамт алхаж, лекцэнд маань шимтэн сууж, хандив өгч урам хайрлаж байсан хүмүүст сэтгэл зүрхнийхээ гүнээс баярлаж байгаагаа хэлмээр байна. Миний Монголын ард түмэн минь шинэ оноо амжилт аз жаргалаар дүүрэн угтаарай. Дараа жил амжилт баяраар дүүрэн уулзацгаая”.