Т.ЖАНЦАН
Эдийн засгийн “Өөрчлөгч клуб”-ийнхэн ирэх оны төсөвт төрийн өмч хувьчлалаар орлого хэрхэн оруулах талаар мэргэжлийн хүмүүстэй өчигдөр уулзав. Уулзалтад Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын Бодлого төлөвлөлт Удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ, Ард санхүүгийн нэгдэлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, Үнэт цаас, арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Б.Өлзийбаяр нар оролцов. Энэ үеэр Үнэт цаас, арилжаа эрхлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Б.Өлзийбаяраас өмч хувьчлалын талаар тодрууллаа.
-Төрийн өмчийн компаниудыг ирэх онд хувьчлахаар болсон. Сүүлийн үед яаж хувьчлах талаар ярьж байна. Та хөрөнгийн зах зээлээр хувьчлах ёстой гэсэн байр сууриа илэрхийлж буй. Яагаад?
-Өмч хувьчлалын олон арга хэлбэр бий. Жишээ нь шууд дуудлага худалдаа хийж болно. Мөн хөрөнгийн зах зээлд нэмэлт хувьцаа гаргаж, хувьцаат компанийн хэлбэрт оруулж хувьчилж болох юм. Өнөөдөр өмч хувьчлалыг оновчтой хийх арга нь хөрөнгийн зах зээл гэж бид харж байгаа. Яагаад гэвэл өмч хувьчлалын үйл явц нээлттэй болно. Нээлттэй гэдэг нь тухайн компанийн нэг ширхэг хувьцаа хэдэн төгрөгөөр хувьчлагдаж байна, үнэлгээ нь яаж тогтоогдсон, аудит болон хуулийн фирм ямар дүгнэлт хийв гээд тэр компанийн бүх мэдээллийг нээлттэй олон нийтэд ил тод болгож байгаа юм. Үүнээс гадна үнэлгээ зөв тогтоно. Уулзалтын үеэр эдийн засаг хямарсан үед өмчийг хувьчилахаар бодит үнэд хүрэхгүй гэсэн асуулт гарч ирж байна. Үнэд хүрч болно. Хэрэв ирээдүйн бизнес нь баталгаатай компани бол үнэд хүрнэ. Хамгийн гол нь баталгааг нь үнэ цэнийг нь зах зээл өөрөө тогтоодог. Ийм байж л өмч хувьчлал үр өгөөжтэй болно. Зах зээлийн үнийг хөрөнгийн зах зээл л тогтооно. Хөрөнгийн зах зээлд хувьцааны үнэ эрэлт нийлүүлэлт дээр тогтдог жамтай. Иймээс бид хөрөнгийн зах зээлээр дамжуулж төр өмчөө хувьчлаач ээ гэж хэлээд байгаа юм. Дараа нь хувьцаат компанийн хэлбэрээр өмчийг оновчтой хувьчлах юм. Миний хэлсэн энэ бүх үйл ажиллагаа нь олон нийтэд нээлттэй байдаг учраас.
-Тэгэхээр та хөрөнгийн бирж шударга хувьчлал хийж чадах субьект гэж тодорхойлж байгаа юм уу?
-Төрийн бодлого чухал үүрэгтэй. Тухайн компанийг хувьчлаад хаях гэж байгаа бол үнэд хүрэхгүй. Дараагийн үнэ цэнэ юун дээр гарах вэ харах нь чухал. Жишээ нь Монголын хөрөнгийн биржийн хувьчлалыг аваад үзье. Хэрэв төр бид хөрөнгийн зах зээлийг дэмжинэ гэж байгаа бол, хөрөнгө оруулагч нарт татварын таатай орчин бүрдүүлнэ гэвэл зах зээл л байна. Хөрөнгө оруулагч нарыг татах тууштай бодлого эндээс эхэлнэ гэж хэлээд байгаа юм. Тэгвэл Монголын хөрөнгийн бирж үнэд орно. Яагаад гэвэл цаашдын бизнес нь тодорхой. Үүнд төр засгийн дэмжлэг байна гэдэг үүднээс. Үнэ цэнэтэй болгоё гэж байгаа бол төр үүнд анхаарлаа хандуулах л ёстой. Бодлогоор дэмжих ёстой.
-Жилд арван тэрбум төгрөгийн ашигтай ажилладаг компанийг төр хувьчлах гэж байгаа нь үнэгүйдэл мөн үү?
-Өөрөө “Монгол шуудан”-г ярьж байна уу. “Монгол шуудан” компанийн ашиг 10 тэрбум төгрөг биш л дээ. Орлого нь байж магад. Орлогыг ашиг гэж тооцвол ямар билээ дээ. Өнөөдөр Хөрөнгийн зах зээлд хувьцаа хэдэн төгрөгөөр арилжаалагдаж байна тэр хэрээр үнэ цэнэ нь гарч ирдэг. Тэгвэл өнөөдөр “Монгол шуудан” компанийн нэг хувьцаа 300 төгрөг гэж бодъё. Үүнийг нь үржүүлж тооцоод зах зээлийн үнэлгээ тийм байна гэж гаргаж ирсэн тоо. Гэхдээ энэ өөрчлөгдөнө. Хэдэн хувийг нь яаж хувьчлах гэдгээс шалтгаалаад энэ компанийн хувьцааны үнэ өсч болно.
-Төрийн өмчит компанийн алдагдал олон тэрбумаар яригддаг. Алдагдалтай компани ашиг олох болов уу?
-Алдагдал ашиг нь компанийн менежменттэй холбоотой. Төрийн өмчит бүх төрлийн мэргэжлийн компаниуд бий. Тэнд тухайн мэргэжлийн хүний томилгоо хийгдэхгүй байна, дандаа шахаа хийдэг. Тухайлбал, улстөрчид, тэр мэргэжлийг нь ойлгодоггүй хүмүүс захирлаар ирдэг. Тухайн компанийг алдагдалтай ажиллуулж буй гол шалтгаан энэ гэж харж байна. Тэгэхээр тэнд салхи оруулах нь зүйн хэрэг. Тодорхой хэмжээнд салхи оруулж компанийн засаглалыг сайжруулах ёстой. Компанийг компани чигээр нь ажиллуулах нь чухал байна.
-Тэгэхээр стратегийн ач холбогдолтой компаниудыг хувьчилна. Цахилгаан дамжуулах, түгээх гээд. Энэ компаниудын хэдэн хувийг хувьчлах нь зүйтэй бол гэж бодож байна вэ?
-Төр засаг тодорхойлох ёстой. Мэдээж асуудал болгон шат дараатай судалгаатай байх ёстой. Эхний өмч хувьчлалаар цахилгаан станцын 51 хувийг хувьчилна гэвэл алдаатай бодлого болж таарна. Мэдээж хэрэг. Бүх юм шат дараатай. Эхний ээлжинд 17 хувийг хөрөнгийн зах зээлд гаргаж болно. Тэгээд тодорхой хэмжээнд хөрөнгө босгоод менежментээ сайжруулж болно. Компанийн менежмент сайжрах тусам компанийн үнэлгээ өсдөг. Хөрөнгийн зах зээлийн нэг гоё юм тэр. Дараагийн шатанд тав эсвэл 10 хувийг нь зарж илүү хөрөнгө босгоод хөгжих боломж бий. Шат дараалалтай хийх үйл явдал. Түүнээс биш нэг өдөр, нэг амьсгаагаар хийх ажил биш.
-Тэгвэл ирэх жил хувьчлах долоон компанийн судалгаа дуусч байна уу. Хэзээнээс эхний компани хувьчлагдаж эхлэх бол. Та юу гэж бодож байна вэ?
-Үүнийг Төрийн өмчийн хороо л мэдэх байх. Төрийн өмчийн өмч хувьчлалыг Төрийн өмчийг зохицуулах газар дангаараа хийхгүй гэж би харж байгаа.
Үүнийг маш олон газрын мэргэжилтнүүд оролцож дүн шинжилгээ хийж байж төлөвлөгөө гаргаад, төр засаг тодорхой бодлогоор энэ өмч хувьчлалыг хийх ёстой гэж бодож байна. Түүнээс биш 10 мэргэжилтэн ширээний ард суугаад өмч хувьчлал хийхгүй. Хийх ч ёсгүй.