Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эдийн засгийн шинжилгээний хариу муу гарсаар...

Т.ЖАНЦАН

Монгол Улсын эдийн засгийн лагшинг тодорхойлсон арваннэгдүгээр сарын шинжилгээний хариу гарлаа. Сүүлийн жилүүдэд энэ шинжилгээний хариу муу, уруудсан гарч ирсэн. Тухайлбал, эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд 2.4 хувьтай гарсан. Тэгвэл энэ онд 1.3 хувь болж буурсан билээ.  Мөн монголчууд өнгөрсөн онд 23.1 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байж. Тэгвэл энэ оны гуравдугаар улиралд 17.2 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд байгаа. Оны төгсгөлд 24.2 хувьд хүрнэ гэсэн төсөөлөл уг нь бий. Ингээд өнгөрсөн сард манай улсын эдийн засгийн дүн шинжилгээнд ямар ямар хариу гарсныг дор сийрүүлье.

Ажилгүй иргэдийн тоо өсч цалин нэмэгдсэнгүй

Үндэсний статистикийн хороо Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн өнгөрсөн сарын дүнг үндэслэн иргэдийн цалин орлого ямар байгааг тооцон гаргажээ.  Ингээд Монгол Улсад 37.1 мянган аж ахуйн нэгжид 581.4 мянган ажилтан бий гэсэн тооцоо гарав. Харин иргэдийн дундаж цалин 47 мянган төгрөгөөр нэмэгдсэн дүн байна. Нийт ажилчдын таван хувь буюу 29.4 мянга нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 192 мянган төгрөгийн цалин сард авч буй юм. Тэгвэл нийт ажилчдын цалингийн дундаж хэмжээ нь 300-500 мянган төгрөг. Ийм цалинг 112.1 мянган хүн авч байна. Хамгийн өндөр цалинг уул уурхайн олборлох салбарынхан авч байгаа дүн гарав. Тус салбарт ажиллагсад сард 1.9 сая төгрөгийн цалин дундажаар авдаг аж. Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын мэдээллээр “Нийгмийн халамжийн сан”-гаас мөнгө авдаг хүний тоо эрс өсчээ. Энэ онд нийгмийн халамжаас тэтэгвэр, ажилгүйдлийн тэтгэмж авагчдын тоо 70 мянгаар нэмэгдсэн байна. Мөн өнгөрсөн онд 31 мянга гаруй ажилгүй иргэн байсан бол эдүгээ 33 мянга болжээ. Нийт ажилгүй иргэдийн 19.3 мянга нь 15-34 насны залуус байгаа юм. Эдгээр дүн мэдээ нь эдийн засгийн хямралын улмаас ажилгүй иргэдийн тоо өсч аж ахуйн нэгжүүд дампуурч буйг илтгэнэ. Угтаа жижиглэнгийн худалдаа буурсан, сүүлийн гурван сар дараалан инфляц хасах утга заасан нь ажилгүйдэл, иргэдийн цалинтай холбоотой. Өөрөөр хэлбэл дундаж цалин бага ч атугай нэмэгдсэн ч иргэд орлого, зарлагаа илүү хянадаг болж худалдан авалтаа хумижээ.

Төсвийн алдагдал “рекорд” тогтоов

Улсын төсөв данхайж алдагдал өссөн шүүмжлэл ер тасардаггүй. Монгол Улсыг төсвийн алдагдалаа бууруулах улмаар бүр тэглэх ёстой гэдэг зөвлөгөөг эдийн засагчид байнга өгдөг. Тэгвэл энэ оны төсвийн орлого, тусламжийн нийт дүн өнгөрсөн сард таван их наяд гаруй төгрөг юм.  Харин зарлага, эргэж төлөгдөх зээлийн хэмжээ 7.7 их наяд гаруй төгрөгт хүрэв. Ингээд 2.6 их наяд төгрөгийн алдагдалтай гарав. Энэ нь  өнгөрсөн оныхоос 1.6 их наяд төгрөгөөр өссөн дүн. Монгол Улсын түүхэнд төсвийн хамгийн өндөр алдагдал юм. Ирэх онд ч бас ийм хэмжээний алдагдалтай гарах төсөв батлагдаад байгаа. Төсвийн алдагдал ийн өндөр байх нь мөнгөний бодлого суларч жижиг дунд бизнес, иргэдийн гар дээрх бэлэн мөнгө нэмэгдэж худалдааг дэмжих ямар ч боломж олгохгүй. Гэтэл эдийн засгийн хямралыг даван туулахын тулд дотоодын үйлдвэрлэл, иргэдийн орлогыг нэмэгдүүлж жижиглэн худалдааг дэмжих хэрэгтэй гэсэн зөвлөгөөг эдийн засагчид өгч байгаа. Үүний тулд зарлагаа танаж алдагдалаа бууруулах  ёстой аж. Тэгвэл төсвийн орлого бүрдүүлдэг гол механизм нь татвар, хураамж. Татварын нийт орлого 4.4 их наяд төгрөг байна. Энэ орлого нь өнгөрсөн жилийнхээс 214 тэрбум төгрөгөөр буурлаа. Харин энэ онд  нийгмийн даатгалын орлого 118, НАӨТ 80, Онцгой албан татвар 50 тэрбум төгрөгөөр тус тус өссөн дүн гарав.

Чанаргүй зээл 286 тэрбум төгрөгөөр нэмэгдэв

Эдийн засгийн хямралын үед арилжааны банкны зээл муудах үзэгдэл гардаг. Энэ даамжирвал банк санхүүгийн тогтвортой байдалд шууд нөлөөлнө. Арилжааны банкуудын аж ахуйн нэгж, иргэдэд олгосон нийт зээл 12.7 их наяд төгрөгт хүрээд байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 815 тэрбум төгрөгөөр өссөн дүн. Тэгвэл хугацаа хэтэрсэн зээл арваннэгдүгээр сарын эцэст 963 тэрбум төгрөг болов. Үүнийг өмнөх жилтэй харьцуулбал 63.8 тэрбум төгрөгөөр өсчээ. Үүнээс гадна банкны системийн чанаргүй зээлийн хэмжээ бас нэмэгджээ. Ингээд чанаргүй зээл 1.1 их наяд гаруй төгрөгт хүрсэн нь өнгөрсөн жилийнхээс 286 тэрбум төгрөгөөр илүү юм. Монголбанк ирэх жилийн мөнгөний бодлогодоо банкны системийн талаар ямар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай олон заалт тусгасан. Тухайлбал, банк, санхүүгийн системийн тогтвортой байдал, эрсдэлийн үнэлгээг олон улсын байгууллагуудтай хамтран хийнэ.  Үүний үндсэн дээр авах шаардлагатай арга хэмжээнүүдийг тодорхойлохоор мөнгөний бодлогодоо тусгажээ. Ингэснээр банкны хяналт шалгалт сайжирч чанаргүй зээлийг бууруулах, цаашид нэмэгдүүлэхгүй байх боломж бүрдэх ажээ.

Гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл буурчээ


Аж үйлдвэрийн салбарын өсөлт уруудсан. Гэвч бодит өсөлт нь 1.4 хувь байна. Энэ өсөлтийг хангахад хөдөө аж ахуй, цахилгаан дулаан, тээвэр, агуулахын үйлчилгээ, бөөний болон жижиглэн худалдаа, барилгын салбар голлон нөлөөлжээ. Үүнээс гадна Оюутолгойн баямжал үйлдвэрлэл, экспортын хэмжээ нэмэгдсэн. Гэвч нэг тонн баяжмал дахь зэс, алтны агууламж буурсан юм. Иймд уул уурхайн салбарын үйлдвэрлэл буурах гол шалтгааны нэг болсон байна. Уул уурхайн салбарын төмрийн хүдэр,  зэсийн баяжмал, цайрын баяжмал, алт, нүүрс зэрэг ашигт малтмалын олборлолт 6.6-40 хувиар өслөө. Гэвч дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнийн уналт үргэлжилж буй тул орлого нь буураад байгаа юм. Үүнээс гадна боловсруулах аж үйлдвэрийн салбарт нарийн боов, спирт, шар айраг, архи, шингэн сүү, ундаа, бууз, банш, хэвлэмэл хуванцар картууд, төмөр замын дэр мод зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэл 0.3 хувиас хоёр дахин өссөн байна. Харин цэвэр зэс, цемент, шохой, ган төмөр хийц, зүсмэл материал, вакум хаалга цонх, метал цувимал зэрэг гол нэрийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 0.1-66 хувиар буурсан дүн гарав.
 
Ачаа тээвэр өсчээ

Сүүлийн жилүүдэд эдийн засагт өссөн мэдээ тун ховор сонсогдох болсон. Хэдийгээр эдийн засгийн хямралтай байгаа ч тээврийн салбар өссөн дүнтэй гарлаа. Төмөр замаар 18 сая гаруй тонн ачаа тээжээ. Үүнийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 633 мянган тонноор өссөн байна. Харин зорчигчийн тоо буурав. Давхардсан тоогоор 24 мянга гаруй зорчигч тээвэрлэсэн аж.
Энэ нь өнгөрсөн оныхоос 161 мянгаар буурав. Төмөр замын тээврийн ачаа эргэлт нэмэгдсэн нь орлого өсөхөд гол нөлөө үзүүлсэн. Ингээд төмөр замын салбарын орлого 406 тэрбум төгрөгт хүрсэн нь өнгөрсөн жилийнхээс 52.8 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Агаарын тээврийн ачаа эргэлт 2828.9 мянган тоннд хүрлээ. Энэ нь өмнөх жилийнхээс 244 тонноор илүү юм. Тэгвэл давхардсан тоогоор 621 мянган хүн тээвэрлэв. Ингээд зорчигч тээвэр 47.9 мянгаар нэмэгдсэн байна.
 
Мал аж ахуйн салбар хүндэрч магадгүй байна

Өнгөрсөн сард цаг агаар эрс хүйтэрч ихэнх нутагаар цас орсон. Хамгийн их цас орсон газар нь Ховд аймгийн Булган сум. Тус суманд 38.2 см цасан бүрхүүл тогтожээ. Тэгвэл Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд -44 хэм хүртэл хүйтэрсэн байна. Харин Баян-Өлгий аймгийн Өлгий, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд салхины хурд 28 метр секунд хүрэв. Цаг агаарын энэ хүндрэл зарим аймаг суманд өвөлжилт хүндэрхэд хүргэжээ. Энэ онд улсын хэмжээнд 60.8 сая мал өвөлжиж байна. Үүний долоон сая мал нь отроор өвөлжиж буй юм. ОБЕГ-ын мэдээлээр баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар тал газраа 25-35 см, уулархаг газар, гуу жалгандаа 50-90 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Гэтэл цас орох үеэр ихэнх нутгаар хүйтний эрч суларч, салхитай байсан тул тал хээрт тогтсон цас өдөртөө хайлмагтан, шөнөдөө мөстөн, нягтарч хатуураад өвөлжилт хүндрэх нөхцөл болжээ. Ховд, Завхан, Хөвсгөл аймгуудын уулархаг нутгаар өвөлжиж байсан малчид цас их орж  байгаа тул мал сүргээ  тарга тэвээрэг алдаагүй байгаа дээр говийн бүс рүү отор нүүдэл хийж эхэлээд байгаа юм. Ингээд Засгийн газраас тодорхой асуудлуудыг шийдвэрлэн ажиллах болсон. Тухайлбал, манай оронд үйл ажиллагаа явуулж байгаа донор улсууд, хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд өвөлжилт, хаваржилтыг хохирол багатай даван туулахад хамтран ажиллах, туслалцаа дэмжлэг үзүүлэх, бэлэн байдалд ажиллах саналаа илэрхийлээд байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан