Б.БИЛГҮҮН
Хөгжлийн банк 1.5 тэрбумын “Чингис” бондыг 2012 онд, 600 сая ам.долларын “Самурай” бондыг 2013 онд босгосон явдал нь тухайн үедээ байж болох хамгийн тааламжит нөхцөлөөр арилжсан бондууд байв. Жишээ нь, “Чингис” бонд 5.75 хувийн хүүтэй арилжаалагдсан байхад зээлжих зэрэглэл ойролцоо болон ижил Шри-Ланк 6.75, Филиппин 8.75 хувийн хүүтэй Засгийн газрын баталгаат бонд арилжаалж байсан юм. Гэхдээ бондын суурь нөхцөлөөс илүү өнөөдөр үр ашиг нь гарсан уу, эрх баригчид бондын эх үүсвэрээс явцуу хүрээнд ашигласан уу, гэх асуудал Төрийн ордонд өрнөж, Хөгжлийн банкинд АН, МАН-ын Засгийн газрын үед шалгалт оруулсан байдаг. Гэхдээ аль, аль ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-аар хэлэлцэж чадахгүй байна. Тухайлбал, сөрөг хүчин байхдаа бондыг жадлан эсэргүүцэж байсан МАН-ынхан өөрсдийн хамааралтай компанид энэ үүсвэрээс зээл авсан тул 65-ын бүлгээ ашиглаж чадахгүй байгаа талтай. Хэдийгээр бондын үүсвэрээс зээл авах, эргэн төлөх нь гэмт хэрэг биш ч үгэндээ хахахын үлгэрээр бондтой нэр холбогдохоос эмээж, няхуур хандах болж. Эхнээсээ “Чингис” бондоос зээл авсан компаниас эзэмшдэг хувьцаагаа өөрт хамааралгүй болгосон эрхмүүд ч бий.
Харин одоогийн сөрөг хүчин “МАН-ынхан Засгийн эрхэнд гарсан даруйдаа бондыг аль болох болохгүй талаас нь ярьж, гэм бурууг нь АН-д нялзаах гэж хичээх болсон...” тухай ярилаа. МАН-ынхан Засгийн эрхэнд гарсны дараа ажлын хэсэг байгуулж, Хөгжлийн банкинд шалгалт оруулсан бөгөөд 1.3 их наяд төгрөгийн санхүүгийн зөрчил илэрсэн гэх мэдэгдэл хийгээд байгаа юм. Хагас сарын өмнө дээрх дүгнэлтийн дэлгэрэнгүйг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэх байсан ч сөрөг хүчний бүлэг тав хоногийн завсарлага авч, дүгнэлттэй танилцахаар болсон юм. Тэдний завсарлагын хугацаа дууссан ч байнгын хороод дүгнэлтийг хэлэлцэж эхлээгүй бөгөөд энэ долоо хоногийн ажлын хуваарьт багтаагүй байна. Өчигдөр АН-ын бүлэг хуралдаанаараа Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэж, байр сууриа тодорхой болгожээ.
Тиймээс энэ асуудлаар бүлгийн гишүүдээс байр суурийг нь тодрууллаа.
С.Эрдэнэ: Санхүүгийн байгууллагаар шалгалт хийлгэх ёстой
АН-ын бүлгийн дарга
-Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүгнэлтийг хэлэлцээд ерөнхийд нь юу гэж дүгнэв?
-Хөгжлийн банктай холбоотой асуудлаар Засгийн газраас гаргасан ажлын хэсгийн дүгнэлттэй танилцсан. Нэгдүгээрт, мэргэжлийн бус ажлын хэсэг мэргэжлийн бус дүгнэлт гаргасан байна гэж үзлээ. Хоёрдугаарт, дүгнэлтэд дурдсан олон асуудал баримтаар нотлогдохгүй байгаа. Гуравдугаарт, С.Дэмбэрэлийн ахалж байсан парламентын үед болон Сү.Батболдын ахалсан Засгийн газрын үед гарсан шийдвэр, тогтоолуудыг АН-ын үед гаргасан мэтээр дүгнэлт рүү “шургуулсан” байна. Мөн 2017 онд төлөгдөх 1.6 их наяд төгрөгийн зээлийн төлбөрийн 1.3 их наяд орчим нь Сү.Батболдын Засгийн газрын үед авсан Евро бондын зээл байгааг тодотгож, дүгнэлтэд оруулсан.
-Тэгэхээр хэлэлцэхийг дэмжихгүй гэсэн үг үү?
-Маш олон зөрүүтэй дүгнэлт болсон байна. Иргэдийн тархи толгойг эргүүлсэн дүгнэлт болсон гэж үзсэн. Тиймээс хэлэлцэх, хүлээн авах боломжгүй. Харин цэвэр мэргэжлийн, хөндлөнгийн аудит, санхүүгийн байгууллагаар шалгалтыг хийлгэх нь зөв гэдэгтэй бүлгийн гишүүд нэгдсэн.
-“Чингис” бондын эргэн төлөлт эдийн засагт дарамт болж байгаа талаар юу хэлэх вэ?
-“Чингис” бондын эргэн төлөлт ирэх оны төсөвт ачаа учруулж байгаа мэт тайлбар хийж байгаа нь өрөөсгөл ойлголт. Учир нь, 2017 оны гуравдугаар сараас эхлээд манай улс бондын төлбөр төлж эхэлнэ. Энэ нь МАН Засгийн газар буюу Сү.Батболдыг Ерөнхий сайд байхад авсан 580 сая долларын евро бондын өр. Үүнд, Чингис бондын мөнгө ямар ч хамаагүй. “Чингис” бонд 2018 оны зургадугаар сараас эхлэн төлөгдөнө.
Д.Оросоо: Хөгжлийн банкийг буруутгах үндэслэл харагдахгүй байна
АН-ын бүлгийн хуулийн зөвлөх
-АН-ын бүлэг Хөгжлийн банкны шалгалтын дүнг хүлээж авах боломжгүй гэж үзсэн байна. Хуулийн ямар үндэслэлүүд байгаа вэ?
-Юун түрүүнд УИХ-ын гишүүд болон бүлэгт ирүүлсэн ажлын хэсгийн танилцуулга, дүн илтгэл, танилцуулгыг үндэслэж АН-ын бүлэг энэ байр суурийг илэрхийлж байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй. Бидэнд Хөгжлийн банкинд хяналт, шалгалт хийсэн 200 хуудас ажлын тайланг ирүүлээгүй байгаа. Тиймээс бид удаа дараа ажлын хэсэг ямар бүрэлдэхүүнтэйгээр, ямар шалгалт хийсэн бэ, гэдэг албан ёсны шалгалтын тайлангаа ирүүл гэх шаардлага тавьж, албан бичиг явуулсан. Хамгийн гол нь бид Хөгжлийн банкыг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй гэж харж байгаа.
-Яагаад. Хөгжлийн банк захиран зарцуулах эрхтэй байсан биз дээ?
-Ажлын хэсэг 2008-2012 оны үе буюу МАН олонхи байх үед баталсан УИХ-ын тогтоолыг буруутгаж эхэлсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг “УИХ-ын 2011 оны 15 дугаар тогтоол нь Хөгжлийн банкны тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт нийцэхгүй байна...” гэсэн дүгнэлт гаргаж. Энэ нь ажлын хэсэг УИХ-ыг буруутгаж эхэлж байна гэсэн үг. Энэ тогтоолыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл тэргүүтэй МАН олонхи байх үедээ баталсан.
Мөн 2010 оны 36 дугаар тогтоолоор Шинэ бүтээн байгуулалт, дунд хугацааны зорилт хөтөлбөр, Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого, Сайншанд Аж үйлдвэрийн цогцолбор гэх мэт тухайн үеийн УИХ-ын гаргаж байсан тогтоолтой холбоотой шийдвэрүүд баталгаажсан. Эдгээр нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. Тиймээс шийдвэрийн дагуу ажилласан Хөгжлийн банкыг буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй гэж харж байгаа.
-Хариуцлага тооцох бол УИХ, Засгийн газартай ярих гэж үү?
-Хэрвээ УИХ, Засгийн газрын тогтоол хууль бус юм бол тухайн үеийн Засгийн газар, УИХ-тай л асуудлаа ярих ёстой. Хөгжлийн банкны хувьд УИХ, Засгийн газар бол дээд шатны байгууллага нь. Тиймээс дээд шатны тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж байгаа байгууллагыг буруутгах үндэслэл байхгүй ээ, гэж үзэж байгаа юм л даа. Хоёрдугаарт, ажлын хэсэг дүгнэлт гаргахдаа хүчингүй болсон Засгийн газрын тогтоолыг үндэслэл болгож дүгнэлт гаргасан гэж бид үзсэн.
Тухайлбал, ажлын хэсэг дүгнэлтдээ “Засгийн газрын гишүүдийн баталсан Хөгжлийн банкны үйл ажиллагаанд холбогдох журмууд нь Засгийн газрын 2010 оны 119 дүгээр тогтоолоор баталсан Захиргааны хэм хэмжээг тогтоосон шийдвэр гаргах журмыг зөрчсөн...” байна гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл Засгийн газрын 2016 оны 86 дугаар тогтоолоор дээрх Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгочихсон. Гэтэл хүчингүй болгочихсон тогтоолыг үндэслэж Хөгжлийн банкыг буруутгах хууль зүйн үндэслэл харагдахгүй байгаа юм.
-Бондын мөнгийг ханшийн зөрүүнээс алдагдал хүлээсэн гэж байгаа. Үүнийг хөгжлийн банкны үйл ажиллагаатай холбон тайлбарлаж байгаа.
-“Чингис” бондын хөрөнгийг Хөгжлийн банкинд байршуулаагүйгээс 694 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх мэдээлэл гарсан. Гэвч, 2013 оны тавдугаар сарын 6-наас 2014 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийг хүртэлх 11 сарын хугацаанд 10 удаагийн гүйлгээгээр “Чингис” бондын мөнгө монгол төгрөгөөр Хөгжлийн банкинд шилжиж орсон. Өөрөөр хэлбэл, валютын ханшийн эрсдэл ярих юм бол Хөгжлийн банк валютын ханшийн эрсдэлд орсны дараа мөнгөө шилжүүлж авсан байна. Үүнээс өмнөх хариуцлагыг тухайн үеийн Монгол банк, Сангийн яам, Засгийн газар хүлээх ёстой. Өөрөөр хэлбэл, УИХ, Засгийн газрын алдаатай шийдвэрийн үр дагвараар бий болсон хариуцлагыг Хөгжлийн банк үүрэх ёсгүй.
-Яармаг дахь орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газрын тогтоол, УИХ-ын шийдвэргүй хэрэгжсэн гэж байгаа.
-УИХ-ын тогтоолоор уг ажлыг эхлүүлсэн. Асуудлыг ингэж мушгин гуйвуулж болохгүй. Мөн Хөгжлийн банкинд шалгалт явуулсан ажлын хэсэг мэргэжлийн агуулгаас илүү улс төрийн дүгнэлтүүдийг гаргасан байна. Энэ дүгнэлт дээр үндэслэн өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалт хийсэн 2000 гаруй аж, ахуй нэгжийг хуулийн байгууллагаар хэлмэгдүүлэн шалгах эх суурийг тавьж байна.
Ж.Батзандан: Явж, явж эрх баригчидтай холбогдож байна
УИХ-ын гишүүн
-Хөгжлийн банкинд хийсэн шалгалтын дүгнэлтийн талаар ямар байр, суурьтай байгаа вэ?
-МАН-ынхан хулгай, луйвар гарлаа гээд бахиралдаад гүйгээд байгаа. Жишээ нь, Хөгжлийн банк 28 тэрбум төгрөгөөр Худалдаа хөгжлийн банкны барьсан байшингийн хоёр давхрыг худалдаж авсан гэж шүүмжилж байна. Үүнийг нь шалгаж үзсэн. Гэтэл тэр 28 тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас гаргасан этгээд нь хоёр жилийн өмнө Сангийн сайд байсан одоогийн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат болж таарч байна. Ж.Эрдэнэбатыг Сангийн сайд байхад энэ ажил, луйвар, булхай хийгдсэн байна гэж бид харж байна. Мөн “Оюутолгой”-той холбоотой хоёр тэрбум ам.долларын зардлын хэтрэлийг хүлээн зөвшөөрсөн этгээд нь мөн л тухайн үеийн Сангийн сайд Ж.Эрдэнэбат болж таарсан. Иймэрхүү асуудлууд байна. Хэн ийм хууль бус үйлдлийг зөвшөөрч гарын үсэг зурсан бэ, гэдэг талаас нь харвал одоогийн Ерөнхий сайдтай холбогдоод байна.
Үүнээс гадна, хоёр жилийн өмнө Худалдаа хөгжлийн банк нэртэй бүлэглэлд 500 сая ам.доллартай тэнцэх хэмжээний бонд гаргах эрх олгож, гарын үсэг зурсан хүн Ж.Эрдэнэбат болж таарсан. Тэгэхээр Хөгжлийн банк, бондтой холбоотой болон АН-ынхан идэж уулаа гээд байгаа Дарханы төмөрлөг, Хөтөлийн цементийн үйлдвэрийг хувьчилсан асуудлууд явж, явж эрх барьж байгаа нөхдүүдтэй холбогдоод байна. Үүнийг АН нарийн шалгуулна.