Б.СУВД
Киргизстан өнгөрсөн ням гаригт Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах тухай олон нийтийн санал хураасан байна. Ингэхдээ бүх улс даяар 2300 гаруй санал хураах цэг ажиллуулж, орон нутгийн цагаар 08.00 цагаас 20.00 цаг хүртэл “Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв, буруу” гэсэн асуултад санал хураажээ. Санал асуулгад оролцогчдын 78 хувь нь Киргиз улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ гэж тус улсын сонгуулийн хороо мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар, нийт саналын хуудасны 95 хувийг тоолоод байгаа аж. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг санал асуулгад оролцогчдын 50 ба түүнээс дээш хувь нь дэмжсэн тохиолдолд уг хуулийн 30 зүйл заалтад нэмэлт өөрчлөлт оруулах юм. Киргизстаны Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төсөлд парламент болон Ерөнхий сайдын эрхийг нэмэгдүүлэх, Ерөнхийлөгчийн эрхийг багасгах зэрэг 30 гаруй засвар оруулахаар төлөвлөжээ. Энэ удаагийн санал хураалтыг Киргизийн парламентын хэсэг гишүүд санаачилж, Ерөнхийлөгч, парламентын дарга тэрчлэн парламент дахь хамгийн том нам Ардчилсан намын дэмжлэгийг олсон юм. Олон нийтийн санал асуулгын урьдчилсан дүнгээр иргэдийн олонхи нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь зөв гэж үзжээ.