Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дональд Трамп: БНХАУ худалдааны асуудал дээр буулт хийхгүй бол АНУ “Нэг Хятад” бодлогыг дэмжихгүй

Б.СУВД

АНУ-ын 45 дахь Ерөн­хийлөгчөөр сонгогдоод буй Дональд Трамп өчигдөр “Fox News” агентлагийн ярилц­лагын цагт оролцжээ. Тэрээр байгаль орчин, “Нэг Хятад” бодлого болон Ерөнхийлөгчийн сонгууль, ОХУ-ын дэмжлэгийн талаар ярьсан байна.

Тэрээр ярилцлагынхаа үеэр бүрэн эрхийнхээ хугацааг найман жил хэмээн харж буйгаа илэрхийллээ.  Тэрээр Ерөнхийлөгчийн өглөөний мэдээллийн тухай ярихдаа “Ирэх найман жилийн турш би өглөө бүр нэг ижил зүйлийн талаар сонсмооргүй байна. Би найман жил гэчихлээ, гэхдээ найман жил байх гэж бодож байгаа.

Өмнөх Ерөнхийлөгч нарын адил өглөө бүр эрхэм ээ юу ч өөрчлөгдөөгүй байна, дахин үргэлжлүүлэх үү гэдэг үгийг сонсохыг хүсэхгүй байна. Надад өөрчлөлт хэрэгтэй. Тэгэхээр Үндэсний аюулгүй байдлын асуудал дээр ямар нэг зүйл өөрчлөгдвөл надад хэлээрэй гэж аюулгүй байдлын агентлагт дамжуулна. Харин Дотоодын аюулгүй байдлын сайд, Батлан хамгаалахын сайд нарыг тогтмол мэдээлэл танил­цуулж байхыг үүрэгдэнэ” гэжээ.

Мөн тэрээр АНУ-ын удаан хугацаанд баримталж ирсэн Тайвань бол “Нэг Хятад”-ын нэг хэсэг гэдэг байр суурийг цаашид үргэлжлүүлэх нь зүйтэй, эсэхэд эргэлзэж буйгаа хэлжээ. Тэрээр “Би Нэг Хятад бодлогыг маш сайн ойлгож байгаа. Гэхдээ бид яагаад “Нэг Хятад” бодлогыг биелүүлж байж, Хятад улсаас хамааралтай гэрээ, тухайлбал худалдааны гэрээг хийх ёстойг ойлгохгүй байна. Тиймээс БНХАУ худалдаа болон бусад асуудал дээр буулт хийхгүй бол АНУ тус улсын “Нэг Хятад” бодлогыг дэмжихгүй” гэжээ.

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп Тайванийн удирдагчтай утсаар ярьсан бөгөөд үүнээс үүдэн Хятадтай дипломат маргаан бий болоод байгаа билээ. АНУ Тайванийг Хятадын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрсөөр ирсэн бөгөөд сүүлийн арван жилийн хугацаанд АНУ-ын Ерөнхийлөгч эсвэл Ерөнхийлөгчөөр сонгогдсон хүн Тайванийн удирдагчтай утсаар ярилцсан анхны тохиолдол нь энэ болсон юм. Тэрээр Хятадтай худалдааны хэлэлцээр хийхээр ширээний ард суух хүртлээ энэ талаар дахин бодохоо илэрхийлжээ.
Мөн АНУ-ын зах зээл дээр өөрийн бүтээгдэхүүний үнэд давуу байдал үүсгэх зорилгоор Хятад улс валютын ханшаа удирдаж байна хэмээн буруутгажээ.
Үүнээс гадна АНУ хил дээр ямар нэг нэмэлт татвар бий болгоогүй байхад Хятад улс хил дээр татвар ногдуулж байгаа нь худалдаанд маш хүнд тусч буйг илэрхийлсэн байна. Тэ­рээр “Би илэн далангуй байя. Хятад улс биднийг маш муухай хохироож байна. Хэрэв Хятад улс нэг Хятад бодлогыг дахин хүлээн зөвшөөрүүлэх бол Хойд Солонгосын асуудал дээр бидэнд туслах хэрэгтэй. Хятад улсад цөмийн зэвсэг байна. Тий­мээс Хойд Солонгосын цө­мийн зэвсгийн асуудлыг шийд­­вэрлэх боломжтой” гэсэн байна.

Гэхдээ Дональд Трамп Ерөнхийлөгч Ричард Никсоны үеэс баримталж ирсэн АНУ-Хятад хоорондын дипломат харилцааны тулгын чулуу болсон “Нэг Хятад” бодлогыг үргэлжлүүлэх, эсэх нь тодорхойгүй хэвээр байна.

АНУ-ын Тагнуулын төв газрын нууц мөрдлөгөөр 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Оросоос нөлөөлж, нэр дэвшигч Дональд Трампыг ялахад хүргэсэн гэсэн дүгнэлтийг өнгөрсөн баасан гаригт Вашингтон Пост сонин нийтэлсэн юм. Үүнээс өмнө АНУ-ын тагнуулын чиглэлээр ажилладаг төрийн 16 байгууллага дуу нэгтэйгээр ОХУ-ын Засгийн газрын оролцоотойгоор Ардчилсан намын дотоод материалууд, Клинтоны сонгуулийн кампанит ажлын менежэр Жон Подестагийн и-мэйлд халдсаныг олж тогтоосон юм. Гэвч Трамп энэ талаар “Энэ бол тун инээдтэй сонгуулийн сөрөг пи-ар” гээд “Тагнуулын төв газар Барак Обамагийн тушаалаар нууц мөрдлөг явуулсан нь өөрөө байж боломгүй зүйл” гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан