Б.СУВД
ОХУ-ын Дотоод яамны харьяа Эдийн засгийн аюулгүй байдал, авлигатай тэмцэх ерөнхий газрын хоёр ажилтныг хээл хахууль авсан хэргээр баривчилсан тухай “ТАСС” агентлаг мэдээлжээ. Одоогоор хуулийн байгууллагынхан баривчилсан хоёр албан тушаалтны нэрийг зарлаагүй байгаа аж. Гэхдээ тэднийг баривчилсан нь өнгөрсөн есдүгээр сард Эдийн засгийн аюулгүй байдал, авлигатай тэмцэх ерөнхий газрын дарга Дмитрий Захарченког баривчилсантай холбоогүй гэдгийг хуулийн байгууллагаас мэдэгдсэн байна. Тэднийг тус бүр авлига, хээл хахууль авсан хэрэгт сэжиглэн баривчлаад байгаа бөгөөд өчигдөр Холбооны аюулгүй байдлын алба болон Дотоод яамны аюулгүй байдал хамтран тэдний ажлын байранд нэгжлэг хийжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн дөрөвдүгээр сард 2016-2017 онд авлигатай тэмцэх үндэсний төлөвлөгөөг баталсан юм. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн есдүгээр сард тус улсын авлигатай тэмцэх байгууллагын орлогч даргын гэрт нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгөтэй цүнх хураан авч, түүнийг баривчилсан юм. Түүнчлэн ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Алексей Улюкаевыг авлигын хэрэгт буруутган Улсын мөрдөн байцаах хороо өнгөрсөн сард баривчлан саатуулаад байгаа билээ. Түүнийг “Башнефть” компанийн төрийн өмчийн багц хувьцааг ”Роснефть” компанид шилжүүлэхэд нааштай үнэлгээ өгснийхөө төлөө хоёр сая ам.долларын авлига авсан хэмээн буруутгаж байгаа юм.