Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

В.Путин: Ерөнхийлөгчийн ажлаа амжилттай дуусгаж, дэлхийг өөрөөр харах нь миний мөрөөдөл


Б.СУВД

Олон улсын хэвлэлүүд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг сонгуульд дахин нэр дэвшиж өрсөлдөх, эсэх талаар таамаг дэвшүүлж, дэлхий дахинд ч энэ талаар чих тавин сонсдог. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Челябинск хотын “Росано” металлын үйлдвэрт очиж, тэнд цугласан ажилчидтай уулзах үеэрээ энэ талаар өөрөө ам нээжээ. Тэрээр үйлдвэртэй танилцах үеэрээ ажилчидтай илэн далангуй яриа өрнүүлж, “Ерөнхийлөгчийн ажлаа амжилттай дуусгаж тэтгэвэрт гарах нь миний мөрөөдөл” хэмээн ярьсан байна. Ингээд ч зогсохгүй тэрээр өөрийн мөрөөдлийн талаар үргэлжлүүлэн ярьжээ. Тэрээр байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газруудыг өөрийн биеэр очиж үзэж, дэлхийгээр аялахыг мөрөөддөг тухайгаа хэлсэн байна. Энэ нь дэлхий ертөнцийг өөрөөр харах нэг арга байх болно гэж тэрээр онцолжээ.

Владимир Путин “Би дэлхийн олон улсад очиж байсан ч нэг нисэх буудлаас нөгөө нисэх буудал руу, нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү л явсаар л таардаг. Саяхан л гэхэд би Перуд очсон. Тэгээд Перуд юу үзэж, харснаа эргэн бодоход зөвхөн онгоцны буудал, хэдэн барилга л хараад Москвад буцаж ирсэн байгаа юм. Гэтэл Перуд үзэж, харах зүйл хэчнээн их билээ” гэжээ. Путиний хэлснээр бол түүний мөрөөдөл нь Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа амжилттай дуусгаж тэтгэвэрт гараад байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газруудад өөрийн биеэр очиж үзэж, дэлхий ертөнцийг улс төрийн нүдээр харах бус аялагч хүний нүдээр шинээр харах аж.

Валерий Соловей: Путин дахин нэр дэвшихгүй, Ерөнхийлөгчийн сонгууль хугацаанаасаа эрт болно  

ОХУ-ын дараагийн Ерөнхий­лөгчийг 2018 оны гуравдугаар сард сонгоно. Гэхдээ энэ сонгууль хугацаанаасаа эрт болж магадгүй талаар таамаглалууд гарчээ. ОХУ-ын нэр хүндтэй улс төр судлаач ОХУ-ын улс төрийн шинжээч Валерий Соловей “Путин тэтгэвэрт гарах тухай бодоод эхэлжээ. Түүний хэлсэн дэлхий даяар чөлөөтэй аялах, Ерөнхийлөгчийн ажлаа амжилттай дуусгаж тэтгэвэрт гарна гэдэг нь хоорондоо холбоо утгатай.

Ерөнхийлөгчийн ажлаа амжилттай дуусгасан цагт л Путин дэлхийн хаа хүссэн газраа очиж чадна шүү дээ” гэжээ. Үүний өмнө буюу өнгөрсөн аравдугаар сард Валерий Соловей “Московский Комсолетс” сонины сайтад өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгчийн сонгууль хугацаанаасаа эрт болж магадгүй талаар дурдсан юм. Хамгийн хачирхалтай нь, энэхүү ярилцлага сайтад нийтлэгдсэнээс хойш хэдхэн минутын дараа устсан байна.
Уг ярилцлагад Москвагийн олон улсын харилцааны хүрээлэнгийн улс төр судлаач Валерий Соловей ОХУ-ын төрийн тэргүүн Владимир Путин өөрийн залгамжлагчийг үлдээх үүднээс Ерөнхийлөгчийн сонгуулийг хугацаанаас нь эрт зарлаж магадгүй гэж дурдсан байна.
Нэгдсэн Орос намын байр суурь суларсан хэвээр байгаа энэ үед Владимир Путин тодорхой хэдэн асуудалтай тулгарсан учир сонгуулийг хугацаанаас нь эрт буюу ирэх оны хавар явуулж, өөрийн залгамжлагчийг төрд үлдээхээр зэхэж байгаа аж. Мөн түүний хэлснээр Путин Ерөнхийлөгчид дахин нэр дэвшихгүй бөгөөд Путиний засаглал 2017 оны дунд үе хүртэл л тэсч чадахаар байдалтай байгаа аж. Үүнээс цааш Путиний засаглал төгсгөл болж, шинэ хүчин мэндлэх боломжтой тул Ерөнхийлөгчийн сонгуулийг яаравчлах төлөвлөгөөтэй байгааг тэрээр хэлжээ.

Валерий Соловей Кремлийн дотоод улс төрийн талаар сайн мэдээлэлтэй, тэнд болох үйл явдлын талаар хамгийн үнэн, зөв таамаглалыг дэвшүүлдэг нэгэн юм. Тухайлбал, тэрээр өнгөрсөн наймдугаар сард болсон томилгоог энэ оны эхээр зөв таамаглаж байжээ. Тэрээр Владимир Путин Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Сергей Ивановыг Антон Вайногоор солино гэсэн нь болсон юм.
Түүнчлэн тэрээр Кремлийн фракцууд хоорондын дайн үүсээд байгаа бөгөөд дотоод улс төрийн байдал хүнд байгааг хэдэнтээ хэлж байсан бөгөөд өнгөрсөн сард ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайдыг баривчилсан нь 1991 онд тус улсад төрийн эргэлт болсноос хойш төрийн өндөр албан тушаалтныг баривчилж буй анхны тохиолдол болсон юм. Зарим судлаач энэ явдлыг хаалттай хаалганы цаана өрнөж байгаа Кремлийн фракцууд хоорондын дайны нэг хэсэг хэмээн тайлбарласан билээ. Тиймээс энэ удаад ч мөн түүний таамаг “биелэх” магадлал өндөр юм.

Валерий Соловей Путиний засаглалын ирээдүйн төлөвлөгөө ирэх арванхоёрдугаар сард тодорхой болно хэмээн “Московский Комсолетс” сайтад өгсөн ярилцлагадаа дурдсан бөгөөд түүний хэлсэнчлэн Путин арванхоёрдугаар сард Ерөнхийлөгчийн ажлаа амжилттай дуусгах талаар ам нээлээ.
Валерий Соловейн үзэж буйгаар Путин өөрийн залгамжлагчаар хуучин Тамгын газрын дарга байсан Сергей Ивановыг сонгож магадгүй аж. Сергей Иванов нь Батлан хамгаалахын сайд, Шадар сайдаар ажиллаж байснаас гадна Кремлийн нарийн бичгийн дарга хийж байсан КГБ-ийн генерал цолтой хүн юм. Мөн зарим хэвлэлд Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу эсвэл Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Москва хотын захирагч Сергей Собянин нарыг Путиний залгамжлагчаар нэрлэж байгаа.

Ямартай ч хэд хэдэн Сергей овогтой хүмүүс Путиний залгамжлагчаар нэрлэгдэж байна.

Алексей Макаркин: Путин дахин нэр дэвших талаарх эцсийн шийдвэрээ ирэх гуравдугаар сард гаргана

Гэхдээ бусад шинжээч Путинийг залгамжлах боломжтой дараагийн хүнийг нэрлэхэд дэндүү эрт байна хэмээн үзэж байгаа юм.
Тухайлбал, Оросын улс төрийн шинжээч Алексей Макаркин “Путин ирэх сонгуульд нэр дэвшинэ. Бүх зүйл төлөвлөгөөний дагуу явж байгаа. Тэрээр саяхан Ерөнхийлөгчийн засаг захиргааны хамгийн өндөр албан тушаалтнуудыг сольсон. Энэ нь Путин 2018 онд сонгуульд өрсөлдөх замаа хэдийнэ засаад эхэлсний баталгаа. ОХУ-ын Сангийн сайд асан Алексей Кудринаар ахлуулсан шинэ баг эдийн засгийн шинэчлэлийн төлөвлөгөөг бэлтгэж байгаа. Энэ нь Путиний ирэх сонгуулийн кампанит ажлынх нь гол цөм байх юм. Путин тэтгэвэрт гарч, засаглалаа дуусгана. Гэхдээ ойрын хугацаанд лав биш” гэжээ.
Путин өөрийн мөрөөдлийн талаар ярихдаа Ерөнхийлөгчийн ажлаа амжилттай дуусгах талаар хэлсэн тухай Алексей Макаркин “Путин үлдэх, явах эсэхээ хараахан шийдээгүй байгаа. Путин дахин нэр дэвших, эсэх талаар эцсийн шийдвэрээ ирэх гуравдугаар сард гаргана. Өөрөөр хэлбэл, сонгуулиас нэг жилийн өмнө тэрээр шийдвэрээ гаргах болно. Путин дахин сонгуульд өрсөлдөж, ялалт байгуулбал 23 жил төр удирдана. Ингэснээр тэрээр Сталин, Брежнев нарын дараа орох хамгийн удаан төрийн эрх барьсан удирдагч болно.

Мөн тэрээр 71 настайдаа Ерөнхийлөгч байх юм. Тэрээр нэг талаар эрх мэдлээ хадгалж үлдэх хүсэлтэй байгаа ч нөгөө талаар Узбекистаныг 25 жил өөрийн дарангуй дэглэмээр удирдаж байсан Ислам Каримов шиг дуусахыг хүсэхгүй байгаа” гэсэн юм. Узбекистан улсыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд байх үеэс удирдсан Ислам Каримов өнгөрсөн есдүгээр сард 78 насандаа таалал төгссөн билээ. Ямартай ч, Оросын улс төрийн шинжээчид Путинийг дахин сонгуульд өрсөлдөх, эсэх талаар таамгуудаа дэвшүүлээд эхэлжээ. Харин тэд бүгд Владимир Путинийг эцсийн шийдвэрээ ирэх гуравдугаар сард гаргана хэмээн харж байгаа юм.

“Росано” металлын үйлдвэрт ажилчидтай уулзаж байх үеэр ажилчдын нэг нь “Владимир Владимирович, би нэг охинтой. Тэр маань надаас Путин гэж хэн бэ гэж асуувал би юу гэж хариулах вэ” хэмээн асуухад Владимир Путин түр бодосхийснээ “Тэр хүн биднийг аз жаргалтай байлгахын тулд ажилладаг юм гэж хэлээрэй. Путин гэдэг хүн үүний төлөө ажиллаж бас амьдардаг юм” гэжээ.

0 Сэтгэгдэл
Путин гуай: Та манайд ирээд 4 жил ерөнхийлөгч хийгээд өгөөч. Монгол орныг нэг ч авилгачгүй болгож тэднийг цаазалж өгөөч. Ард түмнээ ядууруулж байгаа энэ хүн хогнуудыг цэвэрлээд өгөөч????
Путин гуай: Та манайд ирээд 4 жил ерөнхийлөгч хийгээд өгөөч. Монгол орныг нэг ч авилгачгүй болгож тэднийг цаазалж өгөөч. Ард түмнээ ядууруулж байгаа энэ хүн хогнуудыг цэвэрлээд өгөөч????
Путин гуай: Та манайд ирээд 4 жил ерөнхийлөгч хийгээд өгөөч. Монгол орныг нэг ч авилгачгүй болгож тэднийг цаазалж өгөөч. Ард түмнээ ядууруулж байгаа энэ хүн хогнуудыг цэвэрлээд өгөөч????
тийм дээ...хоёр намын хулгайч нарыг харахаар цай ч орохгүй юм...
2017 ond devshihgui bol MGL-doo avch irj ursulduuleed erunhiilugchiin zasaglaltai bolgochih yum san hehe (arga yadsan irgenii ug)
Хамгийн их уншсан