Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Шинхуа”-н сонирхол ба Тавантолгойн гэрээний төсөл өөрчлөгдөх үү


Т.ЦЭЛМЭГ

“Шинхуа” группийн дарга Лу Бинг, Ерөнхий менежер Лиу Шиан нар Тавантолгой төслийн хэлэлцээрт оролцохдоо “Тавантолгойн төслийн тендерт бид хоёр ч удаа оролцож, хоёр удаа ялсан.

Монгол Улсад болсон сонгуулийн дараа байгуулагдсан танай Засгийн газраас Тавантолгойн өмнөх хэлэлцээрийг үргэлжлүүлэх, “Шинхуа” гурпптэй хамтран ажиллах сонирхолтой байгаад бид баяртай байна. Бид ч танай ажлын хэсэгтэй хэлэлцээрээ үргэлжлүүлж, Тавантолгойн төсөлд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлж байна” гэжээ. Энэ бол Тавантолгойн төслийг хөдөлгөх, хэлэлцээрийг үргэлжлүүлэх үүрэгтэй ажлын хэсгийн анхны уулзалтын үеэр болсон яриа. Засгийн газар Тавантолгойн төслийн хэлэлцээрийг үргэлжүүлэхээ мэдэгдсэн. Тэгэхдээ төмөр замыг нь хамт шийдэх гарц, гаргалгаа хайж буй. Тиймээс Хятадын тал нэлээд ач холбогдол өгч байгаа. Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат өнгөрсөн намар урд хөршид айлчилж ирээд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замыг БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар барьж, үр өгөөжийг нь хүртэх талаар ярьсан. “Шинхуа” компани 51 хувьд нь хөрөнгө оруулалт хийж, үлдсэн 49 хувийг нь “Монголын төмөр зам” ТӨХК гаргах ёстой гэнэ.

Эдийн засаг хүнд байгаа энэ үед “Монголын төмөр зам” ТӨХК хөрөнгө оруулалт хийх мөнгө санхүү гаргах нь битгий хэл хүндхэн байдалтай байгаа. Тэгэхээр УИХ-ын дарга М.Энхболдын  Хятадын айлчлалаар санал тавьсан 4 тэрбум ам.долларын зээлээс Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замд санхүүжилтийн зээл хэмээн ТӨХК-ндаа олгох сонголт л үлдэнэ.

Хамтдаа шийдэгдээд явах Тавантолгойн орд, тус ордоос урд хилийн боомт хүртэлх төмөр замыг “Шинхуа” хэмээх Хятадын төрийн өмчийн компанийн тусламжтайгаар шийдэхээс өөр гарц үгүй бололтой. Төмөр зам дээр чинь 51 хувиа оруулаад бариад өгье, Тавантолгойн ордын хөрөнгө оруулагчийн нэг болъё гэж “Шинхуа” хэлж байна. Хэлэлцээрийг үргэлжлүүлж үр дүнд хүргэх ажлын хэсгийг Уул уурхайн сайд Ц.Дашдоржоор ахлуулж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Зам тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нарын 19 гишүүний бүрэлдэ­хүүнтэйгээр хэлэлцээрийг Хятадын талтай уулзсанаар эхлүүллээ. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Ц.Дашдорж сайд Тавантолгойн төслийг ордын олборлолт, борлуулалт, төмөр зам төдийгүй Өмнөговь аймгийн бүс нутгийн бүтээн байгуулалттай хамт цогц байдлаар шийдэх байдлаар хэлэлцээрийг үргэлжүүлэх бодлого барьж байгаагаа энэ үеэр илэрхийлсэн.
Ажлын хэсгийнхэн үндэсний олборлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөсөн гэсэн. УИХ-ын босго давалгүй бүдэрсэн өмнөх гэрээний төслөөр Тавантолгойн ордод “Шунхлай”, “М Си Эс Холдинг”, “Петровис” зэрэг томоохон хувь эзэмшигчдийн оролцоотой “Монголиан Майниг Корпрейшн” /ММС/ Монголын талын хөрөнгө оруулагчаар сонгогдсон байсан. Тэгвэл тэдний төлөөлөл уулзалдсан байж таарна. Энэ том төслөөс тийм ч амархан гараад явчихна гэж үгүй. Тавантолгойн гэрээний төслийг буцаах нэг том шалтгаан нь үндсэн компаниудаас илүүтэй төрийн өмчийн компанийн оролцоо чухал гэж байсан билээ. Тэр нь “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчийн компанийг оруулах. Харин “Эрдэнэс Тавантолгой” компанийн гол олборлолт хийж байгаа гүйцэтгэгч нь Хятадын “TTJV Co”  компани. Тавантолгойн ордод өнөөдрийн байдлаар “TTJV Co”, “Энержи Ресурс”, орон нутгийн жижиг “Тавантолгой” компани олборлолт хийж байгаа гэхээр тэднээс өөр сонирхолоо илэрхийлж Засгийн газрын ажлын хэсгийнхэнтэй уулзсан аж ахуйн нэгж бий эсэх нь эргэлзээтэй.

Тэгтэл яг энэ хэлэлцээр эхлэхтэй зэрэгцэн нэгэн мэдээлэл тархсан. 2015 онд Монгол Улсад хийсэн Бүгд найрамдах Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Модигийн айлчлалын үеэр гарын үсэг зурсан нэг тэрбум ам.долларын зээлтэй холбоотой байв. Тус улсын зээлийн нөхцөлд нэг тэрбум ам.долларыг 2017-2020 он хүртэл олгохдоо төмөр зам, төмөр замын дэд бүтцийн төслүүдэд санхүүжилт хийхээр тохиролцсон. Тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайд Г.Ганболд уг зээлийн асуудлаа хөндөж тавихад таатай хүлээн авч эерэг хариу өгсөн аж. Тэгэхдээ сүүлийн үед үүсээд буй Монгол Хятадын харилцаанаас үүдээд зээлийн нөхцөлөө дахин судлахаар болсноо  Энэтхэгийн тал илрэхийлжээ. Ийм нөхцөл байдалтай зэрэгцэн Хятадын зарим нэг хэвлэлээр Монгол Улс Энэтхэгээс тусламж хүссэнийг улс төрийн хувьд хэтэрхий хөнгөн шийдвэр гээд байдлыг улам хүндрүүлж байгаа талаар бичиж эхэлсэн байна.
 
Дээрхийн гэгээнтэн XIV Далай ламыг улсдаа хүлээж авсныг буруутгасан мэдэгдэл БНХАУ-ын Гадаад хэргийн яам хийсэн. Үүнээс хойш төлөвлөөд байсан хоёр орны хоорондын уулзалт, хэлэлцээр, айлчлалууд тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Парламен­тын түвшний өргөн бүрэлдэхүүнтэй айлчлал цуцлагдсан гэж байв. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 5-10-ны хооронд УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан УИХ-ын даргын захирамжаар БНХАУ-д томилолт авч ажиллажээ. Зээл хүсэх хэлэлцээр хийх Засгийн газрын ажлын хэсгийн айлчлал цуцлагдсан. Шадар сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг БНХАУ-ын Хөгжил шинэтгэлийн хорооны даргын ахалсан ажлын хэсэгтэй уулзаж, хөнгөлөлттэй зээл, Тавантолгойн төмөр зам, зэс хайлуулах үйлдвэр, нүүрснээс хий гаргах төсөл зэрэг олон чухал асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байж. Ерөнхий сайдын 2017 онд тус улсад хийх айлчлалын бэлтгэл ажлыг хангах Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын айлчлал, Москва хотноо болох байсан ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын Зам тээврийн сайд нарын уулзалт гэрээнд гарын үсэг зурах үйл ажиллагааг хүртэл цуцлахаа мэдэгдсэн. Харин энэ бүхний дараа Тавантолгойд голлох үүрэгтэй оролцогч байхаа илэрхийлж, өөрсдөө гүйж ирж байгааг юу гэж тайлбарлах бол. Зээл тусламж хүсч, түүнийг нь даруй шийдээд өгчих боломжтой айл урд хөрш л байдаг. Тэдний хүсэл Тавантолгойн буцаагдсан гэрээний төслийг хэвээр нь явуулж, бүр өмнөх хэлэлцээрийг амжилтад хүргэх байхыг үгүйсгэх аргагүй. Хэн мөнгө төлнө тэр хөгжмөө захиалдаг гэдэг дээ. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан