Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Зах зээлийн шуурганд үл тасарсан үйлдвэрийн “симфони”


Ж.ЖАМУХА

“Хүн бүр бага балчраасаа социалист өмчийн эс ширхэг бүрийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж...” хэмээн шүлэг, дуу мэт цээжилж, хот дүүрэн малаасаа хонь ч гаргах эрхгүй байсан монголчууд өмч хувьчлалын үед оносноосоо алдсан нь их. Ямар сайндаа л хувьчлалын дүнд бий болсон 4000 гаруй компани, аж ахуй нэгжээс өдгөө үндсэн үүрэг чиглэлийнхээ дагуу үйл ажиллагаа явуулж байгаа нь цөөн. 1995-1999 оны хооронд хоёр үе шаттай хэрэгжсэн өмч хувьчлалын үр дүнд 466 хувьцаат компани, 1297 бүрэн бус хариуцлагатай компани, 1907 хоршоо, 850 хувиараа эрхлэх аж ахуй бий болсон ч зах зээлийн чанга хатуу шалгуурт тэнцэлгүй хаалгаа барьсан нь их. Хувийн өмч, чөлөөт зах зээлийн тухай ойлголт мэдэгдэхүүн муу байсан тухайн үеийнхэнд нийгэм, нийтийн өмч байсан үйлдвэр нь нэг л өглөө хувьд шилжсэнийг сонсох нэг талаас айдас дагуулсан мэдээ байв. Учир нь, хувьд шилжээд удаагүй байсан 4000 гаруй компани, аж ахуй нэгжүүд зах зээлийн шуурганд өртөж, өндөр эрсдэл үүрч, үйл ажиллагааны доголдолд орж эхэлсний цаана мянга мянгаар тоологдох ажилчид, тэдний гэр бүлийнхний хувь заяа нуугдаж байсантай холбоотой.

Ийнхүү нэг л өглөө хувьчлагдсан үйлдвэрүүд мөн л нэг өглөө хаалгаа барьж, ажилчид нь ажилгүйчүүдийн эгнээнд элсч эхэлснийг өмч хувьчлалын дараа болсон “гамшиг” гэх нь бий. Хэтэрхий богино хугацаанд болж өнгөрсөн эл “гамшиг”-ийн үед тэсч үлдсэн цөөн хэдэн үйлдвэрийн нэг бол өдгөө үндэсний манлай үйлдвэрлэгч хэмээгддэг “Мах импекс” ХК билээ.

1946 оны арванхоёрдугаар сарын 9-ний өдөр нийслэлийг мах, махан бүтээгдэхүүнээр хангах чиг үүрэг бүхий “Боловсон мах комбинат” нэртэйгээр байгуулдсан одоогийн “Мах импекс” ХК нь хүнс үйлдвэрлэлийн салбар, тэр дундаа мах, махан бүтээгдэхүүн боловсруулах салбарын ууган үйлдвэр билээ. Тус үйлдвэр 1968, 1987-1989 онд Германы тусламжтайгаар техник, технологио шинэчлэн сайжруулж өдөрт 15-20 тонн хиам, 30-40 мянган ширхэг консерв, консервын лааз үйлдвэрлэх хүчин чадал бүхий тоног төхөөрөмжтэй үйлдвэр болон өргөжсөн түүхтэй. Улмаар 1977-1991 онд “Мах консервын комбинат”, 1991-1996 онд “Мах импекс пүүс”, 1996-1999 онд “Мах импекс компани” нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 1999 онд хувьчлагдаж “Мах импекс” ХК болсон түүхтэй.

Харин өнөөдөр улсын ууган үйлдвэрийн нэг болох уг компанийн түүхт 70 жилийн ой тохиож байна. Өнгөрөгч баасан гарагт болсон “Мах импекс” ХК-ийн түүхт 70 жилийн ойн баярын хуралд үе үеийн ажилтан, албан хаагчид, ахмад буурлууд оролцсон юм. УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Д.Тэрбишдагва баярын хурлыг нээж хэлсэн үгэндээ “Энэ өдөр бол “Мах импекс” компанийн ой гэхээс илүүтэй Монголд Улсад мах үйлдвэрлэх, боловсруулах салбар үүсч хөгжсөний түүхэн баярын өдөр билээ. Миний бие эл үйлдвэртэй ажил амьдралаа холбож, өдий хүртэл өсч өндийсний хувьд та бүхэнд талархах учиртай. Намайг ажиллаж байх үед буюу “Мах импекс” компанийг “Мах консервын үйлдвэр” нэртэй байхад нь 3000 гаруй ажилтантай, зөвхөн Улаанбаатар хотыг мах, махан бүтээгдэхүүнээр хангаад зогсохгүй орон нутаг цаашлаад гадаад зах зээлд экспорт хийдэг байв. Тэр үеийн ерөнхий инженер Махбал дарга намайг 600 гаруй ажилтантай Эхлэн боловсруулах үйлдвэрийн даргад томилчихоод хэлж байсан үгийг нь би ер мартдаггүй юм. Махбал дарга маань “Үүдээр нь яваад ороход л ирж буй малынхаа дуу чимээ, хутга шөвөгнийх нь хавиралдаан, ажилчдынх нь царайд гийх инээд хөөр, эрч хүч гээд үйлдвэрийн үйл ажлыг симфони найрал хөгжимтэй зүйрлэж болно.

Энэ том найрал хөгжмийг удирдан авч явах нь өндөр хариуцлагын дээр маш том сэтгэл ханамж юм шүү” гэж хэлж байсныг тодхон санаж байна. Үнэхээр ч тийм. Түрүүхэн би телевизэд ярилцлага өгөөд ирлээ. Одоогийнх шиг эдийн засгийн хүндрэлийн үед бид тухайн үеийн мах комбинатын хамт олон шиг тийм систем, эрч хүчээр ажиллах юм бол хямралыг даван туулж чадна гэж бодож байна. 70 жил гэдэг урт хугацаа. Энэ хооронд үндсэн үүрэг чиглэлээсээ үл хазайж, мянга мянган айл өрхийг махаар хангасаар ирсний хувьд “Мах импекс” компани түүхэн гавьяатай билээ. Та бүхний ажил үйлсэд өндөр амжилт хүсье” гэсэн юм. Үнэхээр ч түүний хэлсэн шиг өнөөдөр ч “Мах импекс” компанийн үйлдвэрт өрнүүн их ажил буцалж, өглөөнөөс үдэш болтол симфони найрал эгшиглэж буй. Хоёр нийгэм дамнаж, зах зээлийн хахир хатуу шуурганд тэсч үлдсэн эл үйлдвэрийн хамт олон бүтээгдэхүүн үйлчилгээгээ гадаад зах зээлд гаргаж, ISO 9001 2008 олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлсэн цөөн хэдэн үйлдвэрийн нэг болоод байна. Цаашид ISO 22000 чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэхээр ажиллаж буй эл хамт олон олон улсад “Махны олимп” гэгддэг Германы Франкфурт хотноо гурван жилд нэг удаа тохиодог “IFFA-2016” олон улсын махны салбарын томоохон үзэсгэлэн яармагт оролцож “Нүүдэл”, “Дээдэс” зэрэг брэндээрээ хос медаль хүртэж байсан нь саяхан.

Түүнчлэн, ХБНГУ-ын “Multivac”, “Textor” компанийн олон улсад танигдсан хийн савлагааны технологийг суурилуулж, ашиглалтад оруулсан гээд Монголын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэх байр сууриа хадгалсан хэвээр байна. Хийн савлагааны онцлог нь мах, махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн олон төрлөөр зүсч савладаг бөгөөд Монголд анх удаа нэвтрүүлснээрээ онцлогтой. Уг савлагаа нь бүтээгдэхүүний хадгалах хугацааг 40-60 хоногоор уртасгадаг бөгөөд Европын орнуудад эл технологи нь эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын баталгаа болдог аж. Энэ мэт жил ирэх тусам техникийн хувьд дэлхий нийттэй эн зэрэгцэж, үйлдвэрлэлийн хүчин чадлаа өргөтгөсөөр байгаа “Мах импекс”-ийн хамт олон 70 жилийн ойгоо арвин их амжилт бүтээлээр угтаж байна.


Д.Машбат: Тоонд бус чанарт анхаарч байгаад баяртай явдаг

“Мах импекс” компанид 40 орчим жил тасралтгүй ажилласан ахмадуудын нэг Д.Машбаттай баярын  хурлын үеэр ярилцлаа.

-Юуны өмнө танд “Мах импекс” компанийн 70 жилийн ойн баярын мэнд хүргэе. Та энэ үйлдвэрт хэдээс хэдэн оны хооронд ажиллаж байв?
-Баярлалаа. Би 1970 оноос хойш буюу Германы өртгөтгөлийн нэгдүгээр ээлж хийгдсэний дараагаас 2000 он хүртэл нийт 40 жил ажилласан. Ингэхдээ 1971-1976 онд одоогийнхоор бол хүний нөөц буюу Боловсон хүчний зааварлах хэлтсийн даргаар ажиллаж байгаад сүүлд тэтгэвэрт гартлаа Ясны үйлдвэрийн даргаар ажилласан.

-Улсын ууган үйдвэрүү­дийн нэгд хоёр нийгэм дамжин ажилсан хүний хувьд өнөөгийн үйлдвэрийн тухайд сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Сайхан байна. Тухайн үед буюу хувьчлалын дараа “Манай үйлдвэр яадаг бол, бид ажилтайгаа хоцордог болов уу” гэж хүн бүр дор бүрнээ бодож, эргэцүүлж, эмээж байсан. Харин ч хувьчлагдсан ч гэсэн үндсэн үүрэг зориулалтынхаа дагуу үйл ажиллагаа явуулж үлдсэнд нь баяртай байдаг. Сая манай Эхлэн боловсруулах үйлдвэрийн даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Тэрбишдагва хэлж байна. Үнэхээр ид үедээ 3000 гаруй хүн ажиллаж байсны хувьд энэ үйлдвэр одоо ч оршин тогтнож байгааг нь хараад ахмад ажилчны хувьд баярлаж явдаг.

-Өнөөдөр үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүн, тех­ник технологи, хүчин чадлыг өөрөө ажиллаж байсан үетэйгээ харьцуулахад ямар санагдаж байна?
-Тэр үед жилдээ 1.2 сая бог мал, 120 мянга орчим бод, 2000-3000 гахай нядалж, боловсруулдаг байсан. Дээр нь хиам, дайвар бүтээгдэхүүн гээд дагалдах үйлдвэрүүд үйл ажиллагаа явуулдаг байв. Мөн анхны химийн үйлдвэр, ясны үйлдвэрийг ашиглалтад оруулж, жилдээ 4000 гаруй тонн ясны гурил, малын тэжээл үйлдвэрлэдэг байлаа. Өнөөдөр харахад үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний нэр төрөл олширч, эхнээсээ олон улсад танигдаад эхэлж. Мөн олон улсын чанарын тогтолцоо нэвтрүүлсэн нь сайшаалтай санагдаж байна. Орчин үед хүмүүс хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнээ эрүүл ахуй талаас нь өндөр ач холбогдол өгдөг болж. Харин “Мах импекс” компани маань тоонд бус чанарт анхаарч байгаад баяртай байна.

-Таныг ажиллаж байх үед хотын хэрэгцээнд хэч­нээн тонн мах хэрэглэдэг байв?
-Тухайн үед хотын хэрэгцээний 50-60 тонн махыг дангаараа хангачихдаг дээр нь хот тойрсон Оросын цэргийн ангиудад мах нийлүүлдэг байсан. Мөн Орос руу мах махан бүтээгдэхүүн гаргадаг байсан даа. Малын хувьд 20 гаруй сая малтай байсан юм. Тухайн үед үйлдвэр жилдээ 7.2 сая толгой мал нядалдаг байлаа. Гэхдээ одоо малын махны чанар муудчихаж. Гэсэн хэдий ч манай үйлдвэр мах, махан бүтээгдэхүүнээ үнэхээр сайн хийж чадаж байгаа.


Д.Дариймаа: Ийм хатуу чанга нийгэмд үйлдвэрийг өдий зэрэгтэй авч яваа залууст баярлаж явдаг

“Боловсон мах комбинат”-д 24-хөн насандаа хөл тавьж улмаар өндөр насны тэтгэвэртээ гартал ажилласан ахмад ажилтан Д.Дариймаатай ярилцлаа.

-Таныг “Боловсон мах комбинат” буюу одоогийн “Мах импекс” ХК-д 24 насандаа ирж байсан гэсэн. 70 жилийн түүхтэй энэ том үйлдвэртэй холбогдсон түүхээсээ хуваалцвал?
-Намайг МУИС-д сурч байх үед 45 хоногийн үйлдвэрлэлийн дадлага хийдэг байлаа. Би 1946 онд байгуулагдсан, И.В.Сталины нэрэмжит “Боловсон мах комбинат”-д үйлдвэрлэлийн дадлага хийхээр болж, 1966 онд анх энэ үйлдвэрийн хаалгыг татаж байсан. 45 хоногийн дадлага дуусч байх үед Савангийн цехийн лаборатори лаборантгүй болчихсон байсан юм. Тиймээс дадлагын хугацаагаа сунгахаар болж, сургуулиасаа дадлагын бичгээ сунгуулаад дахин нэг сар лаборантаар ажиллалаа. Ингээд үндсэндээ 1966 онд хоёр сар 15 хоног энд ажилласан болохоор үйлдвэрийнхээ ерөнхий байдал, цехүүдийн үйл ажиллагаа, юу хийдэгтэй танилцчихсан байсан. Намайг 1967 онд сургууль төгсөхөд Хүнсний үйлдвэрийн яамнаас Мах комбинатын шинэ өргөтгөл ашиглалтад орох гэж байгаа учир мэргэжлийн лаборант хэрэгтэй гээд томилолт өгч, үйлдвэртээ ирж байлаа. Яамны томилолт аваад 1966 оны долдугаар сарын 3-нд иртэл наадмын дараа ир гээд төгсч ирсэн хүүхдүүдийг бүгдийг нь буцаачихав. Тэгээд л наадам дөнгөж дуусуут сэтгэл нь догдолсон хүн ажилдаа орохоор иртэл “Нядалгаа эхлэх болсон тул бодын цехэд очиж, ажилчидтай хамт долоо хоног цэвэрлэгээ хий” гэдэг юм. Тэгэхээр нь даалгасан ажлыг нь хийчихээд иртэл “Хээрийн бойны мастерын тооцоологчоор очиж, ажилла” гээд пропуск бичиж өгөөд явуулсан. Тухайн үед комбинатын даргаар Бямбажав гуай ажиллаж байлаа. Тэгээд намайг хээрийн бойнд ажиллаж байх үеэр манай ажилтай танилцаж яваад “Чи лабораторид байх ёстой хүн. Одоо байх ёстой газартаа оч. Гар нядлагааны аргыг бүгдийг нь сурсан биз дээ” гэдэг юм байна. Тэгээд л би үндсэн лабораторидоо ирж, тоног төхөөрөмжөө угсрах, бэлтгэл ажлаа хийж эхэлсэн дээ.

-Тэгэхээр та 1968 онд хүчин чадлаа нэмэгдүүлэх зорилгоор тухайн үеийн БНАГУ-ын техник эдийн засгийн тусламжтай үйлд¬вэрийн шинэ өргөт¬гөл хүлээж авахад ажилд орж байж шүү дээ?
-Тийм шүү. Хуучин “Боловсон мах комбинат”-ын лаборатори нь зөвхөн хиамныхаа шинжилгээг хийдэг. Савангийн лабора­торидоо савангийнхаа л шинжилгээг хийдэг, цөөхөн хүнтэй байлаа. Биднийг ирэхэд Германы мэргэжилтэн Шульц гэдэг хүн ажиллаж байсан юм. Тэр хүнтэй хамтарч микробиологи, хими, фото лаборатори гээд үндсэндээ гурван лабораторитойгоор зохион байгуулагдаад бүх тоног төхөөрөмжүүдээ угсраад, шалгаад, лабораторио бүтэн босгож авсан даа. Үйлдвэр баригдаад боссоны дараа тэр их цэвэрлэгээг хийх гэж ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөнө гэгч л болсон. Комбинатаараа л хөдөлсөн дөө. Тухайн үед одоогийнх шиг бүх зүйл бэлэн байсангүй. Шилний хагархайгаар л наалдсан будаг, шохойг хусч цэвэрлэж байлаа. Эндээс хамгийн сонирхолтой нь гадаа талбайг усаар шүршиж цэвэрлэхийг анх удаа үзэж, их гайхаж байж билээ. Эхлэн боловсруулах үйлдвэр, Хөргөх үйлдвэр, Өлөнгийн заводын хоорондох зайнуудыг усаар шүршиж цэвэрлэж байсан юм. Ингээд л үйлдвэрээ 1968 оны долдугаар сарын 7-нд хүлээж авах болоод хүмүүс бужигнаад эхэллээ. Тэр үед би лабораторидоо лаборант, химичээ давхар хийж байсан юм. Тэгэхэд Германы дарга, Элчин сайд нар, манай талаас нам, төрийн удирдлагууд, яамны төлөөлөгчид гээд зургаан хүн үйлдвэрийн нээлтэд ирэхээр болсон юм.

-“Боловсон мах комбинат” “Мах импэкс” компани болоод энэ жил 70 жилийн ой нь тохиож байна. Шинэ тоног төхөөрөмжтэй, шинэ брэндтэй, бас Мон­гол­доо төдийгүй Азидаа анхдагч болсон гээд олон амжилттай түүхт ойгоо угтаж байна. Энэ болгон дээр та сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Энэ хаагаар орж ирээд л тэр том бухыг харахад бидний байсан үеэс өөрчлөгдсөн байгаа байхгүй юу. Үнэхээр тэр ороо бусгаа цагийн үед хүнсний үйлдвэр байтугай ямар олон байгууллага устаж үгүй боллоо. Тэгэхэд бидний үлдээгээд гүйцээлгүй явсан ажлыг өнөөдөр өдий зэрэгтэй босгоод, ийм хатуу нийгэмд өрсөлдөж чадаж байгаа энэ цагийн залуучуудад чин сэтгэлээсээ баярлаж явдаг. Ирэх болгондоо л хэлдэг юм. Нээрээ ороод ирэхэд л шил толь болчихсон. Яг үнэнийг хэлэхэд, бид эндээ ийм гял цал юм хийх хөрөнгө мөнгө нь ч хаана байх вэ, тийм цаг зав ч байхгүй байж. Яагаад гэвэл хоногт 10-12 мянган бог, 1000-1300 бод, гахай нийлүүлж нядлуулдаг. Тэр үеийн “Малын амьсгалаас бусдыг ашиглана” гэдэг лоозондоо баригдаад, түүнтэйгээ л үзээд байдаг байж. Тэгэхдээ бас нийгмийн асуудлаа шийдэх гэж асар их зүйл хийж байсан шүү. Нядлагааны бус үед ажлаар хангах хивсний цех, модон эдлэлийн цех гээд л манайх чинь элдвийн л юм хийж байлаа. Хоёр хүүхдийн цэцэрлэг, нэг орон сууц барилаа. Маш их юм хийсэн. Тэгж байж л тэр олон мянган хүнийг чинь эргэлдүүлж ажил, амьдралтай нь байлгаж байлаа шүү дээ. 3000 давсан хүн гэдэг чинь тэр үеийн Монгол Улсын хүн амын 10 гаруй хувь нь юм биш үү. Тэр үед чинь жилд 600 орчим хүн жирэмсний амралттай байдаг. Манай үйлдвэр чинь эмэгтэйчүүд ихтэй, тэр бүх хүмүүс чинь 45 хоног амарна. Зарим нь дараагийн хүүхдээ залгаад төрүүлнэ. Гэх мэтээр эзэнгүй дэвтэр гэхэд 782 дэвтэр байдаг. Тэгсэн хэрнээ хүн нь ирж очин уулзаад байдаг. Тэр бол их сонин л доо. Олон эмэгтэйчүүд ажиллаж байгаа газар тийм зүйл заавал байдаг л юм билээ. Бас намайг орлогч дарга байх үед бид том зорилт тавиад чанарын удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлнэ гээд мал хүлээн авахаас эхлээд бүх дамжлага дээр чанарын карт гэдэг зүйл хөтлөөд, түүнийг нь чанар шалгагч нар шалгадаг, малын эмч нар шалгадаг байлаа. Энэ бүх системийг үнэлээд 1983 онд “Чанарын удирдлагын иж бүрэн систем нэвтрүүлсэн” гэсэн гэрчилгээг манайд өгсөн юм шүү.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан