Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Венесуэлийн эдийн засгийн хямрал эмэгтэйчүүдийг үсээ зарахад хүргэв

Б.СУВД

Олон улсын валю­тын сангийн судал­гаагаар сүүлийн 200 жилд 83 орон гадаад, дотоод өрөө төлж чадаагүйгээс дампуурлаа зарлаж байсан гэх тооцоо бий. Тэгвэл ойрын ирээдүйд дампуурлаа зарлах, санхүүгийн хүн байдалд орсон хэд хэдэн улс байгаа нь энэ тоог нэмэгдэхэд хүргэж байна. Үүний нэг нь Венесуэл юм.

Венесуэл улс одоогоор хүнс, эм тариа, эрчим хүч, гадаад валютын нөөцийн хомсдолд орсон төдийгүй инфляцын өсөлтөөс болж үндэсний мөнгөн тэмдэгт нь үнэгүйдэж, цаас болон хувирчээ. Товчхондоо, Венесуэл дахин дампуурчээ.
Венесуэлд эмэгтэйчүүд нь үсээ зарж хоногийн хоолоо залгуулах хүртлээ эдийн засгийн хямралтай нүүр тулсныг “Fortune” мэдээлэв. Тус сэтгүүлийн мэдээлснээр Венесуэлийн эмэгтэйчүүд Колумбын хил дээрх Калин хотод очиж, үсээ зарж, түүгээрээ хоол хүнс, живх, эм зэргийг худалдан авах хүнсний тасалбар авдаг. Энэ нь үс залгаж урт, өтгөн үстэй харагдах Колумбад шинэ гарч буй трэндтэй холбоотой бөгөөд бүр шинэ бизнес болтлоо цэцэглэжээ. Венесуэлийн Сан Антониогоос Колумбын Ла Парада хүртэлх гүүр дагуу олон тооны наймаачид зогсч үс худалдаж авдаг болсон байна. Энд Венесуэлийн хилийн хотуудаас эмэгтэйчүүд маш олноороо ирж, үсээ зардаг байна. Наймаачдын ярьж буйгаар өдөрт дор хаяж 200 эмэгтэй үсээ зарах гэж ирдэг аж. Дундаж хэмжээний урттай үс 20 ам.долларын үнэ хүрдэг байна. Тухайлбал, 45 настай Селина Гонзалес хэмээх эмэгтэй дундаж урттай үсээ зарахаар нэг цаг гаруй дугаарлан зогссоны эцэст, жишгийн дагуу 20 ам.доллараар зарж гэр рүүгээ буцсан байна. Энэ мөнгө нь Венесуэлд сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бөгөөд үүгээр нэг сарын хэрэгцээний хүнсний тасалбар худалдан авч хүрэх юм. Хэдий хомсдоод байгаа бараа, бүтээгдэхүүнийг тасалбараар олгож байгаа ч тасалбар авч чадах хэмжээний мөнгөтэй хүн ч цөөхөн болжээ. Ийнхүү Венесуэльд эдийн засгийн хямрал гурав дахь жилдээ үргэлжилж, инфляци тэнгэрт хадаад байна. Одоогоор тус улсад нэг килограмм будаа гэхэд л зарим тохиолдол сарын цалингийн аравны нэг хувьтай тэнцэж байгаа нь ард иргэдийг амьдралыг туйлдуулахад хүргэж байгаа юм. Эх оронд нь хүнсний бүтээгдэхүүн хаданд гарсан үнэтэй байгаа тул венесуэльчууд хөрш Колумбаас хямд үнээр хүнсний бүтээгдэхүүн худалдан авдаг болжээ.

Энэ мэтчилэн Венесуэлийн иргэд сарын цалингийн доод хэмжээгээр хүнсний тасалбар худалдан авч, өдөр тутмын хоол хүнсээ “аргалах” болжээ. Ингэхдээ тахианы мах, элсэн чихэр, эм зэрэг өргөн хэрэглээний хэрэгцээт бараа, бүтээгдэхүүнийг худалдаж авахын тулд хэдэн цагаар урт дараалалд зогсдог болоод байгаа аж. Үүнээс гадна өдрийн цагаар эрчим хүчний хязгаарлалт тогтоосон бөгөөд иргэд нь цахилгаан ашиглаж чадахгүй байгаа юм. Үүнээс улбаалан иргэдийн дунд эмх замбараагүй байдал үүсч “Бид өлсч байна”, “Ард түмэнд хүнс хэрэгтэй” гэсэн лоозон барин жагссаар байгаа юм. Халдлагаас урьдчилан сэргийлэх зорилгоор хүнсний дэлгүүрүүдийг цагдаагийн хамгаалалтад авчээ.

Дэлхийн газрын тосны хамгийн том нөөцтэй ийм улсад хангалттай хөрөнгө, нөөц баймаар. Гэвч венесуэлчүүд Норвеги маягийн улс бүтээхээсээ илүүтэй Зөвлөлтийг илүүд үзсэн юм. Венесуэлд хаа хаанаас ч илүүтэйгээр социализм үйлчилдэг. Тус улсын Ерөнхийлөгч асан Уго Чавес бүрэн эрхийнхээ хугацааны сүүлийн жилүүдэд эдийн засгийн гол салбаруудыг нийгэмчилж, Төв банкны бие даасан байдлыг устгасан нь одоогийн хямралын гол шалтгаан хэмээн санхүүгийн шинжээчид үзэв.

Уго Чавес Венесуэлийн төрийн өмчит газрын тосны компанийг өөрийн хувийн мөнгөний гахай болж хувиргасан юм. Хэдий Уго Чавесын өөрчлөлтийн дүнд ашиг нэмэгдсэн ч шинээр хөрөнгө оруулалт орж ирэхгүй, зогсолтод орсон юм. Уго Чавес газрын тосны үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг нийгмийн халамжид ашиглан, 1998 оноос үйлдвэрлэлийг хязгаарлан өдөрт үйлдвэрлэх тосны хэмжээг 3.3 сая баррелиас 2.25 сая баррель тос болгон багасгасан байдаг. Мөн бизнесийн бусад салбарт эзэрхэж байгаа олон зуун компанийг улсын мэдэлд шилжүүлэн, хувийн хэвшлийг нурааж эхэлсэн нь эдийн засгийг сульдуулсан гэж үздэг. Зөвхөн газрын тосыг экспортлон бусад бүтээгдэхүүний үйлдвэрлэлээ зогсоосноор хөрөнгө оруулалт татарч, гадаад валютын хомсдолд орсон. Өдгөө тус улс нэг галлон бензинийг АНУ-д маш хөнгөлөлттэй үнээр буюу 1.5 центээр өгч байгаа юм. Энэ нь 3.8 литр бензин ердөө 1.5 центээр зарагдаж байна гэсэн үг.
Гэвч “шатахууны диваажин” гэгдэх болсон тус улсад түлш, шатахууны хямд үнэ тус болохгүй хэвээр л байна. Венесуэлийн экспортын орлогын бараг 95 хувийг бүрдүүлдэг газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр огцом унаад буй. Сүүлийн долоон сарын байдлаар гэхэд газрын тосны үнэ 60 хувиар унажээ.

Хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар тус улсын инфляц 68.5 хувьд хүрсэн юм. Уго Чавесын үрэлгэн бодлогын үр дүнд 2006 онд тус улсын төсвийн зардал 43 хувиар нэмэгджээ. Засгийн газрын нийт өрийн хэмжээ 2008 онд ДНБ-ий 14 хувь байснаас өнгөрөгч онд ДНБ-ий 29 хувьд хүрчээ. Энэ онд нийт засгийн газрын өр ДНБ-ий 35 хувьд хүрэх төлөвтэй байна.

Хэдий Венесуэлийн шинэ Ерөнхийлөгч, Уго Чавесын бодлогыг хэрэгжүүлэгч Николас Мадуро санхүү, эдийн засгийн хямралтай тэмцэхээр төрөл бүрийн төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн ч энэ нь үр дүнгээ өгөхгүй байгаа нь иргэдийг гонсойлгож байна.

Тус улсын хар зах дээр өнгөрсөн наймдугаар сарын байдлаар 79 доллар нэг боливартай тэнцэж байсан бол өнөөдрийн байдлаар 687 ам.доллар нэг боливар болж. Энэ нь өмнөх оныхоос 89 хувь өссөн үзүүлэлт бөгөөд сүүлийн хоёр сарын хугацаанд л 40 хувиар өссөн байна. Тиймээс олон улсын санхүүгийн шинжээчид Венесуэлийн эдийн засаг гэрлийн хурдаар унаж, тун удахгүй дампуурлаа зарлана хэмээн дүгнэж байна. Эдийн засгийн системийн шинэчлэл амжилтгүй болсон нь иргэдийн тэвчээрийг барагдуулсаар байгаа юм. Тиймээс дахин сонгууль явуулах эсвэл эдийн засгийн бодлогыг дахин шинэчлэхээс өөр арга үлдээгүй байна.

Түүнчлэн, хэрэв Венесуэлийн эрх баригчид улс орноо хямралаас яаралтай гаргахгүй бол иргэний дайн дэгдэх хэмжээнд хүрч магадгүйг барууны хэвлэлүүд онцолж байна. Ялангуяа хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхгүй бол хоол хүнсгүй болсон иргэд эсэргүүцлийн жагсаалаас зэвсэгт тэмцэлд шилжихэд бэлэн байгаа аж.

Колумб улс Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн хил дээр гаргасан зөрчлөөс болоод жилийн өмнө хилээ хаасан бөгөөд эдийн засгийн хямралаас үүдээд Венесуэлд шаардлагатай зарим тохиолдолд хилээ нээж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан