Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Болорсайхан: Боловсрол гэхээр төр том толгойлдог цаг ард хоцорсон


-Боловсролын талаар баримтлах бодлого баталчихаад 20 жилийн дараа сөхөж харж байгаа нь ухвар мөчид хэрэг-

“Бүх нийт боловсролын төлөө” иргэний нийгмийн үндэсний эвслийн мэргэжилтэн Б.Болорсайхантай боловсролын салбарын бодлого төлөвлөлт, дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлагын талаар ярилцлаа.

-Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд боловсрол бол бодлогын залгамж халаа нь алдагдсан, хамгийн их хэлмэгдсэн салбар гэдэг. Өнөөгийн нөхцөл байдлаас харахад үнэний ортой ч гэж болохоор. Ер нь, энэ салбарын ирээдүйн төлөв, бодлого төлөвлөлт ямар байх ёстой юм, дэлхий дахины боловсролд хандах хандлага хэрхэн өөрчлөгдөж байгаа юм гэдгээс яриагаа эхэлье?
-Өөрийн чинь хэлдгээр өнгөрснөө харж хэрхэн урагшлахаа тодорхойлох нь зүйн хэрэг. Мэдээж өнгөрснийг ярихын тулд бид хөгжил дэвшилтэй холбох шаардлага гарна. Өдгөө олон улсад хөгжил гэж чухам юу вэ гэдгийг тодорхойлохыг зорьж байна л даа. 1990 оноос өмнөх үе бол өсөлт, хөгжил, эдийн засгийн хөгжил гурвыг нэг ойлголт гэж харж байсан үе л дээ. Харин 1980-аад оны дунд үеэс хойш хөгжил гэдэг нь маш олон талын үйл явц бөгөөд хүмүүс оролцож, үр шимийг нь хүртэж байж тооцогддог юм байна гэх хандлагатай байсан бол 1990-ээд оноос хойш тогтвортой хөгжил гэх ойлголтыг чухалчлах болсон. Тогтвортой хөгжилгүйгээр хүн төрөлхтөн цаашид оршин тогтнох боломжгүй юм байна, улс үндэстэн бүрийг дундын нэг л ирээдүй хүлээж байгаа учир тогтвортой хөгжлийг чухалчлах болсон. Тогтвортой хөгжил гэдэг нь байгаль дэлхий, хүн, хүрээлэн буй орчин, хөгжил цэцэглэлт гээд бүгд хамт байх учиртайг улс орнууд хүлээн зөвшөөрч улмаар хүн төрөлхтөн өнгөр­сөн оноос буюу 2015-2030 оны хооронд тогтвортой хөгжлийн зорилгоо тодорхойлсон.

Энэ зорилгын хүрээнд боловсролыг хөгжилтэйгөө уялдуулж үзсэн нь мөн л 20-иод жилийн интервальтай гэж болно. 1970-аад оны үед боловсруулж байсан ЮНЕСКО-гийн тайлан хүн насан туршдаа суралцах ёстой юм байна, нэг зүйл боловсрол эзэмшиж, олж авчихаад түүгээрээ насан туршдаа амьдарна гэж байхгүй гэх агуулгатай байж. Харин 1996 онд юу гэж ярьсан бэ гэхээр хүн амьдрах, танин мэдэх, хийж бүтээхийн тулд цаашлаад оршин тогтнохын тулд суралцдаг юм байна гэдгийг хүлээн зөвшөөрч, суралцах үйл явц нь хүний амьдралын турш үргэлжлэх ёстой гэж үзсэн. Харин өнөөдөр, 2016 онд өмнө нь ярьж байсан хоёр үзэл санаандаа тулгуурлаж нэгдүгээрт, гуманист (humanist) байдлаар боловсролд хандая, харъя гэж байна. Энэ нь хувь хүнээс амьд бүхнийг хүндэтгэдэг эрхэм чанартай байх, хэн байхаас үл хамаарч эрх тэгш байх дээр нь боловсролыг хэн нэгэн өмчилдөггүй, бүх хүн төрөлхтний өмч, бүтээл учир дундын өмч байхыг чухалчилсан. Харин ч энэ боловсролыг олгохын тулд хамтдаа хариуцлага хүлээх ёстой юм гэдэг дээр санал нэгдсэн. Үүнээс үзэхэд боловсролтой хүнийг мэдлэгтэй, магадгүй огт өөр зиндааны хүн мэтээр ханддаг байсан цаг ард хоцорч, өдгөө боловсролтой хүн гэж бусдыг хүндэтгэдэг, бусадтай зэрэгцэн амьдарч чаддаг, төв үзэлтэй, хүн төрөлхтний мэдлэгээс олж авч чадсан хүнийг хэлнэ гэж ханддаг болж байна.

-1990 оноос хойш ярья л даа. Бид юун дээр алдав, хаана нь онов. Манай боловс­ролын салбарын хүр­тээмж, чанар, хөрөнгө оруулалтын асуудал бод­лого төлөвлөлттэйгээ хэр уялдав?
-Миний ярьснаас анзаарсан бол дэлхийн боловсрол өөрөө 20, 20 жилээр өөрчлөгдөж байгаа юм. Нэгэнт олон улсад ийм жишиг, хандлага тогтчихсон үед бид ч мөн адил боловсролын тогтолцоо, бодлогодоо өөрчлөлт шинэчлэл зайлшгүй хийх ёстой. Гэхдээ хэрхэн, яаж гэдэг дээр учир дутагдалтай зүйл харагддаг. Жишээлбэл, улсын төсвийн 20 хувийг боловсролд зарцуулна гээд хуульчилсан байсан. Энэ нь бидний хувьд давуу тал байсан ч одоо 20 хувьдаа ч хүрэхгүй 15, 17 л байна. Угтаа, ямар ч үед, эдийн засаг хямарсан ч хамаагүй боловсролын салбарын хөрөнгө оруулалт тогтмол байх учиртай. 2013 онд эдийн засаг 17 хувийн өсөлттэй байхад бид боловсролын салбартаа хангалттай хөрөнгө оруулалт хийж чадсан уу гэвэл учир дутагдалтай. Товчхондоо, тухайн үед юу ч нааж авч үлдэж чадаагүй гэж болно. Цаашлаад боловсролын бодлогын залгамж халаа, хоорондын уялдаа холбоо гэх зүйл тасарчихсан. Намуудын хэт туйлширлаас болоод бодлого төлөвлөлт нь тогтвортой хугацаанд, системтэйгээр үргэлжилж чадахгүй байна. Ядаж 20 жил үргэлжлэхгүй байна шүү дээ. Тиймдээ ч бидэнд алдаа оноо бий юу гэвэл тийм. Одоо харин цаашид хэрхэх вэ гэхээр асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж буй дэлхий дахинд монгол хүн, хэнээс ч хамааралгүй өөрийгөө аваад явчих боловсрол мэдлэг эзэмших, эзэмшүүлэх ёстой. Хоёрдугаарт, эл мэдлэг боловсролыг олгоход төр дангаараа, дур мэдэн ажиллаж болохгүй. Тиймээс мэргэшсэн, туршлагатай, академик салбарт ажилладаг иргэний нийгэм, хувийн хэвшил зэрэг бүх талуудыг оролцуулж, нөөц бололцоогоо үнэлээд хэнд, яаж боловсрол олгох вэ гэдэг дээр санал нэгдэх ёстой. Гуравдугаарт, боловсролын бодлогыг олон талын оролцоотой, доороос дээш хандсан байдлаар шийдэх нь илүү алсын хараатай, олон жил үр өгөөжөө өгөх боловсрол олж авах боломж юм. Товчхондоо, боловсрол гэхээр л төр том толгойлдог цаг ард хоцорсон, энэ бол дэлхий нийтийн хандлага. Мөн үндсэн суурь бодлого нь асар их судалгаа, шинжилгээнд үндэслэсэн, үндэстний онцлог, хэв шинжид нийцтэй, цаашлаад хөрвөх чадвартай байх учиртай.

-Нийгмийн хөгжил, мэдээллийн технологийн дэвшлээ дагаад өөрийн чинь хэлсэнчлэн боловсролын салбарын бодлого, шинэчлэл хугацааны хувьд богиноссон ажиглагдаг. Гэтэл манай 1996 онд ч бил үү баталсан бодлого, төлөвлөлт өнгөрсөн онд дуусгавар болсон?
-Угтаа боловсролын баримт бичиг гэлтгүй ямарваа баримт бичиг тухайн цаг үеийнхээ байдлаас хамаарч нэмж өөрчлөх, шинэчлэх боломжтой байх ёстой. Таны хэлсэнчлэн төрөөс боловсролын талаар баримтлах бодлого баталчихаад 20 жилийн дараа сөхөж харж байгаа нь ухвар мөчид хэрэг, нэг. Хоёрдугаарт, бид үнэхээр энэ салбарт алдаа дутагдал байна, залгамж шинж чанар нь алдагдчихлаа гэж харж, дүгнэж, баталж байгаа л бол зоригтой шинэчлэх хэрэгтэй. Бодлогын баримт бичиг гэдэг маань төлөвлөгөө, нөөц боломжоо хэрхэн хуваарилах асуудал болохоос хөдлөшгүй, туйлын үнэн гэсэн ойлголт бишийг санах хэрэгтэй.

-Бодлогоо тодорхойлж чадаагүй, чадсан байлаа ч түүндээ хүрч чадаагүй үлгэн салган яваа энэ үед гадны туршлагыг шууд хуулах, эсвэл бүхнийг эхнээс нь эхлэх үү гэдэг сонголттой тулгараад байна?
-Олон талын оролцоотой байж гэмээнэ олон байр суурь гарч ирж, олон өнцгөөс асуудлаа тодорхойлно. Гэтэл төр гэх ганцхан өнцгөөс түмэн асуудлыг цэгцлэх гээд махраад байна. Олон талт санаа, шийдэл, байр суурийг суурь болгох аваас илүү үр нөлөөтэй бодлогын баримт бичиг боловсруулж чадна. Өнгөрснөө эргэн харвал дандаа нэг талын байр суурь, оролцоотой явж ирснээс байгаа онож чадаагүй байдаг.

-Сүүлийн 10 гаруй жилд бүрэн дунд боловсрол цаашлаад дээд боловсрол эзэмшсэн нэг үеийнхнийг хэлмэгдсэн гэж үзэх нь бий. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Яахав энэ салбарт хийгдэж байгаа бодлогын шинэчлэл зөвхөн 1990 оноос хойшхи асуудал биш л дээ. 1960, 1970 он гээд хийгдэж л байсан. Мэдээж тухайн цаг үе, нийгмийн тогтолцооноос хамаараад өөр байсан байж болох ч эцсийн дүнд бүх нийтийг боловсролоор хангах үндсэн чиг үүргийнхээ дагуу л явж ирсэн.

-Чанар талаас нь сонирхоод байна л даа?
-Чанар гэвэл түрүүн хэлсэнчлэн төсөв, хөрөнгөтэй холбогдоно. Төсвөө хангалттай хуваарилж байсан уу гэвэл мэдээж сүүлийн 20 орчим жилд хэлмэгдсэн. Хүн амын өсөлт, шилжих хөдөлгөөн гэхчлэн янз бүрийн хүчин зүйлийн нөлөө байсан. Гэвч энэ бүхнийг урьдчилан авч үзэх, тандах улмаар бодлого, хөрөнгө оруулалттайгаа уялдуулах учиртай. Хүртээмж талаас нь аваад үзвэл хөрөнгө оруулалт дутмагаас үүдэж боловсролын чанар муудсан уу гэвэл тэгсэн.

-Хувийн сургуулиудын хувьсах зардал улсын төсвийн сургуульд ногдох төсвөөс чамгүй хүртдэг. Эдийн засаг хүндэрсэн энэ үед хувийн дээд сургуулиуд олноороо хаалгаа барьж байна. Гэтэл хувийн дунд сургуулиуд эсэргээрээ байх жишээтэй?
-Боловсрол үнэ төлбөргүй, бүх нийтийнх байх ёстой. Мэдээж дээд сургуулиуд хаалгаа барьж, дампуурч байгаа бол зах зээлийн шалгуур ёсоор, өрсөлдөөний зарчмаар үгүй болж байгаа хэрэг. Магадгүй, нэн тэргүүнд улсын сургуульд ногдох учиртай төсөв хөрөнгөнөөс хувийн сургуульд хувьсах зардал байдлаар олгож, их, дээд сургуулиудад татаас өгч байгаа бол нүглийн нүдийг гурилаар хуурч байгаа хэрэг. Нэн тэргүүнд үнэ төлбөргүй, бүх нийтийнх байх учиртай боловсролдоо хөрөнгө оруулах нь чухал. Хямралын үед өндөр төлбөртэй хувийн дунд сургуулиуд өргөжөөд байгаа нь нийгмийн эрэлт байна гэсэн үг. Яагаад өндөр төлбөртэй хэр нь эрэлт ихтэй байна вэ гэвэл дээр хэлсэнчлэн улсын сургуулиудын хөрөнгө оруулалт сул байгаагийнх. Хөрөнгө оруулалт муу, сургалтын чанар тааруу, жил ирэх тусам мууддаг. Нэг зүй тогтол харагдаж байгаа биз.

-Таныг Хүний эрхийн үндэсний комисс, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газарт ажиллаж бай­сан туршлагатайг мэд­нэ. Тиймээс гадаадын улс орнууд хүний эрхийн боловс­ролын асуудалд хэрхэн ханддаг юм бол. Ерөн­хий боловсролын систем­дээ хэрхэн тусгадаг юм бол?
-Улс орнуудын хувьд сургуулийн өмнөх боловс­ролоосоо эхлээд бүх шатны боловсролын тогтолцоондоо тухайн хүнд мэдлэг, ойлголт өгөхдөө ямар ур чадвар эзэмшүүлэхээ төлөвлөдөг. Тухайлбал, бага ангид нь зөв, буруу үйлдлийн, дунд ангид нь шударга ёсны, ахлах ангид нь ардчилсан зарчмын талаар ойлголт өгөх жишээтэй. Олон улсын байгууллагын судалгаануудаас харахад манай улс боловсролын чанартаа түлхүү анхаарах, хийх зүйл их байгаа нь анзаарагдсан. Гадаадынхан соёлтой, боловсролтой харин манайхан бүдүүлэг байна гэдэг. Зүй нь таныг хүний тань хувьд хүндэтгэх ёстойг тэдэнд багаас нь төлөвшүүлчихсэн байдаг. Ярилцлагын өмнө хэлж байсан даа, боловсролын хандлага ийм болж байгаа гэж. Гадаадын оронд 16-аас дээш насны гурван эмэгтэй тутмын нэг нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртсөн байдаг бол Монголд хоёр эмэгтэйн нэг нь өртсөн байдаг. Үүнээс бусдыг хүндэтгэх, бусдаар хүндлүүлэх ойлголтыг хэдэн насандаа олж авсан, түүнийгээ бодит амьдралд үйл хэрэг болгосон эсэхээр хүмүүсийн харилцаа бүс нутгийнхаа төвшинд ялгаатай байна.

0 Сэтгэгдэл
Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
Дэлхийн нэрт эдийн засагчид буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, гадаадын хөрөнгө оруулалт оруулж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь дэлхийн нэрт эдийн засагчдын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
Хамгийн их уншсан