Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төсөв, мөнгөн хөрөнгийг хуулийн дагуу зарцуулахад хатуу шаардлага, хяналт тавьж ажиллахыг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хүслээ


Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн VI их хурал Төрийн ордонд болж байна. Тус институт нь 4000 орчим мэргэшсэн нягтлан бодогч, 140 орчим аудитын компани, 25 салбарыг нэгтгэсэн үндэсний мэргэжлийн байгууллага бөгөөд энэ өдрүүдэд 20 жилийн ой нь тохиож буй ажээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус хуралд оролцож, мэндчилгээ дэвшүүлэн, ажлын амжилт хүслээ.  

Тэрээр, “Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын Институт үүсч байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын санхүү, нягтлан бодох бүртгэл, аудитын салбарын нийт ажилтан, мэргэжилтнүүд, Монголын Мэргэшсэн Нягтлан бодогчдын Институтийн нийт хамт олон Та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлье.

Монголын мэргэшсэн нягтлан бодогчид, аудиторууд нь компанийн сайн засаглалыг төлөвшүүлэх, санхүүгийн мэдээллийн ил тод, нээлттэй, найдвартай байдлыг хангах үүргээ амжилттай гүйцэтгэж байна.

Монгол Улсад нягтлан бодох бүртгэл, аудитын шинэ тогтолцоог төлөвшүүлэх, олон улсын стандартыг нэвтрүүлэхэд Монголын Мэргэшсэн Нягтлан Бодогчдын Институт, түүний олон мянган гишүүд ихээхэн үүрэг гүйцэтгэж ирсэн.

Монгол Улсын эдийн засаг жилээс жилд улам бүр өргөжин тэлж, 2015 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ 23,1 их наяд төгрөгт хүрсэн билээ.  Харин сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт хурд саарч, улс орны маань эдийн засаг, санхүүгийн хувьд  хүндрэлтэй цаг үе тулгараад байна.

Монгол Улс ийнхүү эдийн засгийн хүндрэлтэй тулгарч байгаагийн шалтгаан, нөхцөлийг гадаад орны судлаачид, олон улсын банк санхүүгийн байгууллагын мэргэжилтнүүд дүгнэж үзээд үүний нэг үндсэн шалтгааныг төсвийн хөрөнгийн оновчгүй бөгөөд үрэлгэн зарцуулалт, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг чанд сахиж чадаагүйтэй холбоотой гэж үзэж байна.

Манай бүртгэл, санхүү, статитсикийн байгууллагынхан, бүхий л байгууллага, аж ахуйн нэгжийн нягтлан бодогчдын хувьд хамгийн эрхэмлэж явдаг зүйл бол хууль журмыг ямагт дээдлэн сахих, өмч хөрөнгийн бүртгэл тооцоог нарийн чанд бүртгэлтэй,  эмх цэгцтэй байлгах явдал гэж үздэг.

Цаашид бид улс орныхоо эдийн засгийг хүндрэлээс гаргаж, тогтворжуулахад манай банк, санхүү, статистикийн салбарт ажиллагсад, үүний дотор бүртгэл тооцоог хөтөлж байгаа нийт нягтлан бодогчид Та бүхний бүртгэл, статистикийн зарчим, өргөсөн тангарагтаа үнэнч байж, төсөв болон мөнгөн хөрөнгийг хуулийн дагуу зарцуулах талаар хатуу шаардлага, хяналт тавьж ажиллах нь ихээхэн хувь нэмэр болно гэж үзэж байна.

Байгууллага, аж ахуйн нэгжийнхээ, аймаг, орон нутгийнхаа улмаар нийт улс орныхоо өмч хөрөнгө, мөнгөн хөрөнгийг улам арвижуулахын төлөө цаг ямагт сэтгэл зүтгэлээ зориулж ирсэн бүртгэл, санхүүгийн ажилтнууд, нягтлан бодогчид Та бүхний цаашдын ажилд ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсч, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Сайн үйлс бүхэн дэлгэрч, Монгол орон маань цэцэглэн мандаж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан