Миний бие ОХУ-ын Эрхүү хотноо арваннэгдүгээр сарын 28-наас арванхоёрдугаар сарын 2-нд болсон Монгол, Оросын Батлан Хамгаалах Яам хоорондын цэрэг техникийн хамтын ажиллагааны ажлын бүлгийн ээлжит наймдугаар хуралдаанд хүндэт зочноор оролцоод ирлээ.
Энэ үеэр шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Иркут” нэгдлийн үйл ажиллагаатай танилцах боломж олдсон юм. Холбогдох хүмүүстэй хийсэн уулзалт яриа бүхэн амжилттай болж, ялангуяа сүүлийн жилүүдэд зогсонги байдалд ороод байсан хоёр орны Батлан Хамгаалах салбарын хамтын ажиллагааг урагшлуулж, зарим нэг гацаа, үл ойлголцолыг арилгаж чадлаа. Энэ нь шинээр байгуулагдсан манай Засгийн газраас авч хэрэгжүүлсэн хэд хэдэн чухал арга хэмжээ, талуудын идэвх хүчин чармайлтын үр дүн байсан бөгөөд оролцогч талууд урам, баяртай байсан нь нэн таатай сэтгэгдэл төрүүлж байлаа.
Уулзалтын үеэр Эрхүү мужийн амбан захирагч жил бүр зохион байгуулагддаг Холбооны зөвлөлийн хуралд оролцохоор Москва яваад эзгүй байсан тул амбан захирагчийн нэгдүгээр орлогч В.Ю. Дрофеев биднийг хүлээн авч хөрш муж улсуудын хамтын ажиллагаа харилцааг хөгжүүлэх асуудлаар санал солилцсон юм. Ийнхүү энэ удаагийн уулзалт зөвхөн салбар хоорондын төдийгүй манай хоёр орны уламжлалт найрсаг харилцаанд чухал хувь нэмэр оруулах ач холбогдолтой үйл явдал боллоо.
Бид хэд хэдэн байгууллагаар орж танилцсан бөгөөд миний тухайд спортын хүний хувьд Эрхүү хотын “Байкал Арена” спортын цогцолборын ажиллагаа анхаарал татсан тул энэ тухай онцолж уншигчдадаа хүргэхийг зорилоо. Манайд тун саяхан ихээхэн хөөцөлдөж, мундахгүй ажил болж байж Буянт-Ухаа спортын ордонг барьсан. Гэтэл энэ ордныг бүрэн дүүрэн үр дүнтэй ашиглаж чадаж байгаа эсэх талаар “Байкал Арена” спортын цогцолборын үйл ажиллагааг хараад эргэлзээ төрөв. Спортын цогцолбор байгууламжуудыг хэрхэн зөв менежментээр удирдан үйл ажиллагаа явуулж, өсвөр үе, хүүхэд залуучууд, гэр бүлийн хөгжлийн жинхэнэ төв болгож чадаж байгаа эсэх талаар манай спортын салбарт мониторинг огт хийгдэхгүй явж ирснийг энд ойлгосон юм.
Мөн өмнө нь олон улс орноор явж, том, жижиг спортын цогцолборуудад тэмцээн уралдаанд оролцож, бэлтгэл сургуулилт хийж явахдаа цэвэр цэмцгэр, тохилог орчин, найрсаг дулаан уур амьсгал голдуу дорно дахинд буюу Япон, Солонгост илүүтэй байдаг гэсэн тогтсон нэг ойлголттой явсан маань буруу болохыг ОХУ-ын хязгаар муж манай хөрш зэргэлдээ Эрхүү хотын “Байкал Арена” спортын цогцолборт очоод мэдэж авлаа.
“Байкал Арена” цогцолбор нь спортын болон амралт зугаалгын үйл ажиллагаа явуулдаг Сибирь, Алс дорнодын хэмжээний томоохон спортын цогцолборын нэг юм. Тус цогцолборын үүдээр ороход хүн болгон гутлын гадуур улавч өмсөн, өөр хоорондоо эелдэг зөөлөн мэндчилж, нас насны хүүхдээ дагуулсан аав ээжүүд тухтай нь аргагүй цагийг өнгөрөөж, үр хүүхдүүдээ төрөл бүрийн дугуйланд хамруулж, цагийг ая тухтай өнгөрөөж байх юм. Биднийг “Байкал Арена” спортын цогцолборын захирал ОХУ-ын биеийн тамирын гавьяат ажилтан, ШУ-ы доктор, доцент А.А.Сахиуллин орлогч нарын хамт хүлээн авч байгууллагынхаа талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Энэ байгууллагыг 30 жил удирдан ажиллаж байгаа А.А.Сахиуллин захирал “Батлагдсан төсөвт цонхны хөшигнөөс эхлээд хананд өлгөсөн зураг, тавцанд тавьсан цэцэг гээд бүх тохижилт багтсан. Анх намайг хүмүүс шүүмжилж байсан. Спортын цогцолборын хананд уран зураг өлгөлөө, орсон гарсан хүмүүс сүйтгээд дуусна гэж. Харин би тохилог орчин ахуй нь хүнийг хүмүүжүүлнэ гэж үзэж байсан. Одоо та нар хар л даа. Манай байгууллагад хичээллэгчид, үйлчлүүлэгчдийн харилцааны соёл, ахуйн соёл, сэтгэл ханамж ямар гайхалтай байгааг” гэж ярьж байх юм. Энд зөвхөн спортын дугуйлангаас гадна урлаг, уран сайхны дугуйлангууд хичээллэдэг юм байна. Хичээллэгчид тодорхой хэмжээний төлбөртэй. Хүүхэд өдөрт 10 рубль төлдөг, энэ нь их мөнгө биш ч гэсэн хүүхэд эцэг эхчүүдийн идэвх оролцоо, эд хогшилд хайр гамтай хандах, хамтын хариуцлагыг дээшлүүлдэг юм байна.
Энэ цогцолбор нийт 22 мянган ам.метр талбайтай, фитнес төв, дасгал сургуулилт хийх болон биеийн тамир, спортын уралдаан тэмцээн, зохион байгуулах зориулалттай 12 заал танхимтай аж. Мөн 5400 ам.метр талбай бүхий 200 м урттай гүйлтийн тойрог замтай. Агааржуулалтын систем, чанга яригч, микрофон, том дэлгэц бүхий хөнгөн атлетикийн битүү заалтай, эргэн тойрондоо хангалттай хэмжээний автомашины зогсоолтой юм. Хотын төвөөс нэлээд зайтай оршдог цогцолборын үндсэн болон туслах барилга байгууламж, тэдгээрийн байршлыг өөрсдийн үйл ажиллагааны онцлог, хэрэгцээ шаардлагыг харгалзан шийдсэн байна. Одоо цогцолборыг өргөтгөн зочид буудал, усан бассейн барих юм байна. Спортын цогцолборт нийтдээ 20 төрлийн спортын секц, дугуйлан ажилладаг гэнэ.
Цогцолбор 360 ам.метр талбайтай, 318 хүний судалтай үзвэрийн танхим /ампитеатр/, 72 ам.метр талбайтай 40 хүний суудалтай хурлын танхим, 120 хүн нэгэн зэрэг хооллох хооллох газар, хүлээн авалтын өрөө, кафетай. Энэ бүгд нь тамирчдын ур чадварыг сайжруулж, тэднийг уралдаан тэмцээнд оролцож амжилт гаргахад таатайгаар нөлөөлж ач холбогдлоо өгч байна. Биеийн тамир, бялдаржуулалтын төв, тамирчдад зориулсан лаборатори, эмнэлэгтэй, биеийн тамир, спорт, бялдаржуулах чиглэлийн заал танхим нэг дор төвлөрсөн тул ямар ч төрлийн сургалт явуулах, бэлтгэл хийх, тэмцээн уралдаан зохион байгуулах боломжтой ажээ. Спортын дугуйлангуудад зөвхөн нэг өдөрт л гэхэд 2000 хүүхэд хичээллэдэг байна.
Бэлтгэл сургуулилтыг нийтийн биеийн тамир, спорт сонирхогчдын, дэд мастераас дээш зэрэгтэй тамирчдад зориулсан мэргэжлийн гэсэн хоёр чиглэлээр зохион байгуулдаг юм байна. Одоо 135 тамирчин, дасгалжуулагчдыг өдрөөр, 20 хүнийг эчнээгээр үндсэн курст сургаж, 35 өндөр зэрэглэлийн тамирчдыг байнгын бэлтгэл сургуулилтад хамруулж байна. Эдгээрийн зардлыг Холбооны төсвөөс хариуцдаг бөгөөд Эрхүүгийн Биеийн тамирын техникум (Одоо Олимпын нөөц нэртэй коллеж болсон) нь энэ цогцолбортой нэг удирдлагатай, бүрэлдэхүүнд нь багтдаг юм байна.
“Байгал Арена” спортын цогцолбор 2012 оны есдүгээр сарын 3-нд нээгдсэн бөгөөд түүнийг барихад зориулан 1,3 тэрбум рублийг ОХУ-ын Холбооны төсвөөс зарцуулсан байна. Үүний нэг тэрбум орчим рубль буюу манай мөнгөөр тооцвол 39,0 тэрбум төгрөгийг барилга байшинг барихад, 300 сая рублийг тоног төхөөрөмжөөр хангахад зарцуулсан байна.
Энэ цогцолборыг үзэж явахдаа
УИХ-д спортыг дэмжигчдийн албан бус лобби бүлэг байгуулан, биеийн тамир спортын салбарын эрх зүйн орчинг бүрдүүлэн, төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, БТС-ын салбарын материаллаг баазыг бий болгох талаар багагүй ажил санаачлан хэрэгжүүлснээ эргэн санав. Тухайлбал:
-Ерөнхий боловсролын сургуулийн спорт заалны шинэ стандартыг батлан мөрдүүлэх болсон,
-Сумын төвүүдэд урлаг, биеийн тамирын хосолмол зориулалтаар ашиглах барилга байгууламжуудыг бий болгосон,
- Аймгийн төвүүдэд байсан жижиг спорт заалуудыг спортын ордон болгон шинэчлэх ажлыг хэрэгжүүлсэн,
-Нийслэлийн бүх дүүрэгт 1000-аас дээш хүний суудалтай усан бассейн бүхий иж бүрэн спортын цогцолбор ордон барих ажлыг хэрэгжүүлж эхэлсэн,
- Салбарын томоохон спорт хороодын заал, танхимыг шинэчлэх ажлыг эхлүүлж, БХЯ-ны “Алдар” спорт хороо шинэ спортын ордонтой болсон,
-БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьсан Үндэсний шигшээ баг болон өсвөрийн тамирчдын бэлтгэл, дасгалжуулалт хийх заал танхимууд бүхий Спортын төв ордны асуудлыг МҮОХ болон спортын салбарынхантай хамтран санаачилга гарган, төрийн өндөр дээд хэмжээний айлчлалуудын түвшинд ярьж шийдүүлсэн зэрэг спортын салбарт бидний хамтран хийсэн зүйл, бий болгосон бодитой үр дүн байгааг сэтгэл хангалуун бодож явлаа.
Харин 6000 хүний суудалтай Буянт-Ухаа спорт цогцолбор Спортын цогцолбороос эхлээд ЕБС-ийн спорт заал, сум аймаг, дүүргийн спортын ордныг бүхэлд нь хамруулан, ашиглалт, үйл ажиллагаанд нь үнэлгээ хийж, үр дүнтэй ашиглах бодлого хэрэгжүүлэхийг нэн тэргүүний зорилго болгох шаардлагатай юм. Үүнийг дараа дахин спортын ордон барих асуудлыг авч үзэх нь зүйтэйг эцэст нь тэмдэглэе.
УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд
Б.Бат-Эрдэнэ