Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Барак Обама сүүлийн илгээлт үгээ Доналд Трампт “хаяглажээ”


Б.СУВД


АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өчигдөр үндэсний аюулгүй байдлын талаархи сүүлийн илгээлт үгээ хэлсэн байна. Энэхүү илгээлтдээ тэрээр өнгөрсөн найман жилийн хугацаанд үндэсний аюулгүй байдлын талаар баримталж байсан бодлого, түүний алдаа дутагдлыг ярьжээ. Үүндээ тэрээр АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч Доналд Трампын нэрийг нэг удаа дурдаагүй ч түүнд хэлэх захиас болон санамжуудаа бичсэн байна. Тухайлбал, терроризмтой тэмцэх стратеги цаашид хүндхэн үр дагаварт хүргэж болзошгүй талаар дурдсан нь дараагийн Ерөнхийлөгчид өгсөн анхааруулга байлаа хэмээн хэвлэлүүдэд бичжээ.

Тодруулбал, Ерөнхийлөг­чийн сонгуулийн кампанит ажлын явцад мэдээлэл олж авахын тулд эрүүдэн шүүх аргыг ашиглах, Гуантанамогийн цэргийн шоронг дахин сэргээх зэрэг санаачилга гарч байсан нь АНУ-ын үндэсний аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй хэмээн тэрээр илтгэлдээ онцлон анхааруулсан байна. АНУ-ын дараагийн Ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Доналд Трамп сонгуулийн кампанит ажлынхаа явцад эдгээр амлалтыг өгч байсан юм. Тэрээр терроризмын эсрэг тэмцэхийн тулд эрүүдэн байцаан шүүх аргыг нутагшуулах хэрэгтэй хэмээн үзэж, энэ нь АНУ-д мусульман шашинтнуудыг хориглох хамгийн зөв арга хэмээн хэлж байсан юм. Харин Барак Обама энэ аргыг хэтэрхий түрэмгий гэдгийг дурдаад, эрүү шүүлтээр ял тулгах нь буруу хэмээжээ.

Барак Обама “Гуантанамо дахь шорон бол АНУ-ын үндэсний бахархал дээр дуссан бэх” гэдгийг хэлээд Гуантанамо шоронд алан хядагчдыг байршуулж, тэдгээрт ял тулгахын тулд эрүүдэн шүүх нь террористуудыг улам их “хилэгнүүлнэ” гэв. Тус шоронг дахин сэргээн ажиллуулах нь эмгэнэлт алдаа болно гэдгийг ч анхааруулжээ. Тиймээс Гуантанамо дахь шоронг хаах санаачилга цаашид ч үргэлжлэх ёстой. Тэрээр цааш нь “Удаан хугацаанд хуулийг сахин дээдэлсэн нь бидний сул тал биш. Энэ бол бидний агуу хүч” гээд “Алан хядагчдын гол зорилго нь бидний хэн бэ гэдэг жинхэнэ мөн чанар болон ардчиллыг өөрчилж биднийг айлгах явдал юм. Ард түмэн болон үндэстэн айдаст хөтлөгдсөн үедээ хэзээ ч сайн шийдвэр гаргадаггүй” гэлээ.

Мөн тэрээр өнгөрсөн найман жилийн хугацаанд үндэсний аюулгүй байдлын тэргүүлэх чиглэл дутмаг байсныг хүлээн зөвшөөрчээ. Барак Обама “Ирак, Афганистанд цэрэг оруулж, Осама бин Ладеныг хороосон зэрэгтэй дүйх үйл явдал өнгөрсөн найман жилийн хугацаанд болоогүй. Гэхдээ терроризмын аюул нэмэгдэж, Исламын улс бүлэглэл Европт заналхийлж АНУ шинэ сорилттой тулгарсан”. Бид ахиц дэвшил гаргахын тулд ажилладаггүй. Бид улс орныг аюулгүй байлгахын төлөө ажилладаг” хэмээн онц­лоод өнгөрсөн найман жилийн хугацаанд үндэсний аюулгүй байдлын төлөө хийсэн бүхнээрээ бахархах ёстойг цэргийнхэнд хэлжээ. Улс орон аюулгүй байхад бүх цэргийн оролцоо чухал байсныг тэм­дэг­лээд, тэдэнд талархал илэр­хийлсэн байна. Мөн тэрээр “АНУ цаашид террорын аюул заналыг бууруулах, урт хугацаанд тогтвортой байж чадах ухаалаг стратеги баримт­лах хэрэгтэй” хэмээн дараагийн Ерөнхийлөгчид сануулжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан