Б.СУВД
ОХУ-ын Засгийн газраас төсвийн алдагдлаа нөхөхийн тулд эдийн засгийн тулгуур болсон үйлдвэрлэгч томоохон компаниудынхаа төрийн эзэмшлийг хувьд шилжүүлэн худалдах өмч хувьчлалын өргөтгөсөн хөтөлбөрийг баталсан. Төрийн өмчит компаниудыг хувьчлах 2014-2016 оны хөтөлбөрийг 2013 онд баталсан юм. Хөтөлбөрт “Внуково”, “Шереметьево”, “Аэрофлот”, “Роснефть”, “Башнефть”, “Ростелеком”, “Совкомфлот”, “Оросын төмөр зам”, “Сбербанк” зэрэг 514 аж ахуйн нэгж болон 436 хувьцаат компани багтсан байдаг. Гэвч 2014 оноос эхтэй ОХУ-ын эдийн засгийн хямралаас үүдэн өмч хувьчлалын хөтөлбөр төдийлэн амжилттай хэрэгжиж чадаагүй юм.
Харин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмч хувьчлалын шинэ давлагаа эхэлж байгааг энэ оны хоёрдугаар сарын 2-нд олон нийтэд мэдэгдэж, эдийн засгийн хямралын эсрэг хөтөлбөрт энэ тухай тусгаж, эхний ээлжинд газрын тосны “Роснефть”, “Башнефть” болон алмаз олборлолтын “Алроса” компанийг хувьчлахаар болсноо зарласан юм.
ОХУ-ын хувьчлалын шинэ хөтөлбөрийн дагуу энэ жил “Роснефть”-ийн төрийн эзэмшлийн хувьцааны 19.5 хувийг хувьчилж, 7.8 тэрбум ам.доллар босгохоор төлөвлөсөн юм. Ингэснээр ОХУ-д төдийгүй дэлхийд тэргүүлэгч “Роснефть” компанийн 69.8 хувийн төрийн эзэмшлийн хувьцаа 51 хувь болон буурсан билээ.
Гэвч хувьчлалаас олох орлого төсөвт бэлэн мөнгө хэлбэрээр ордоггүй, Владимир Путин болон Игорь Сечин нарын мэдэлд очдог хэмээн Кремлийн ойрын эх сурвалж мэдээлжээ. Учир нь, ОХУ-ын Засгийн газар төрийн өмчит компаниудын хөрөнгийн зарим хэсэг болон ногдол ашигт хуваарилах ёстой мөнгийг хуримтлуулан арилжааны банкуудад байршуулах тусгай зөвшөөрөл олгодог байна. Тухайлбал, “Роснефтегаз” компани 2004 оноос хойш “Роснефть”, “Газпром”-ын хувьцааны ногдол ашгаас жил бүр хэдэн тэрбумыг хуримтлуулжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, “Роснефтегаз” компани одоогоор улсын төсвийн алдагдлын тавны нэгийг нөхөх бололцоотой 500 тэрбум рублийг хуримтлуулаад байгаа аж. Энэ мөнгөнөөс Путин, Сечин нарын оролцдог шинжлэх ухааны судалгааны төслүүдэд багахан хэсгийг зарцуулдаг бөгөөд зарим төслийг нь Путин өөрийн биеэр баталсныг эх сурвалж хэлжээ.
Үүнээс гадна зөвхөн “Роснефтегаз” компани л гэхэд “Газпром банк”-инд 1.8 их наяд рубль байршуулах тусгай зөвшөөрөлтэй аж. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл гэсэн нэрээр “Роснефтегаз” компани “Роснефть” компанийн 19.5 хувийг худалдан авсан 500 тэрбум рублиэ одоог болтол шилжүүлээгүй байгаа бөгөөд төрийн өмчит компаниудыг худалдсан орлого төсөвт орох нь эргэлзээтэй аж.
Одоогоор “Роснефтегаз” компаниас л гэхэд 11 тэрбум ам.долларын хувьчлалын орлого орох ёстой бөгөөд энэ нь 2016 оны төсвийн алдагдлын тавны нэгийг нөхөх боломжтой мөнгө аж. Гэвч тусгай зөвшөөрлийн дагуу энэ мөнгө одоо болтол Сангийн яам руу шилжээгүй байгаа юм байна.
Өнгөрсөн наймдугаар сард газрын тосны үнэ огцом унасны дараа “Роснефть” компанийг хувьчлахаа түр хойшлуулаад байсан бөгөөд ОХУ-ын Засгийн газар өнгөрсөн арваннэгдүгээр сарын эхээр “Роснефть”-ийн 19.5 хувийг “Роснефтегаз”-д хувьчлах эрх олгосон юм. Ингэснээр “Роснефтегаз” компани “Роснефть”-ийн 69.5 хувийг эзэмшдэг болсон юм. Өөрөөр хэлбэл, хувьчлал хэдхэн эрх мэдэлтнүүдийн дунд л хувьчлал өрнөж байгаа бололтой.
ОХУ-ын Засгийн газраас өнгөрсөн арваннэгдүгээр сард гаргасан тогтоолд зааснаар арванхоёрдугаар сарын 5 гэхэд хувьчлалын гэрээг батлах ёстой. Гүйлгээ хийх эцсийн хугацааг тухайн сарын 15 хэмээн заажээ. Харин хувьчлалаас олсон орлогыг 2016 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд холбооны төсөвт шилжүүлнэ гэж заасан тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрийн Песков мэдэгджээ. Тиймээс “Роснефтегаз” компанитай холбоотой мэдээлэл худал хэмээн мэдэгдсэн байна.
Ийнхүү ОХУ-ын хувьчлалын давлагааг тойрсон маргаан үргэлжилсээр байна. Өнгөрсөн сард “Башнефть” компанийн төрийн өмчийн багц хувьцааг ”Роснефть” компанид шилжүүлэхэд нааштай үнэлгээ өгснийхөө төлөө хоёр сая ам.долларын авлига авсан хэмээн ОХУ-ын Эдийн засаг хөгжлийн сайд Алексей Улюкаевыг баривчилсан билээ. Таван тэрбум ам.долларын энэхүү тендерт “Роснефть” компани оролцох саналыг Эдийн засгийн хөгжлийн сайд эхэн үедээ эсэргүүцэж байсан ч эцэстээ намжиж, Ерөнхийлөгч Владимир Путиний итгэлт хүн Игорь Сечиний удирддаг “Роснефть” компани “Башнефть” компанийн 50.1 хувийг худалдан авах тендерт ялсныг зарласан юм. Үүний дараа Башнефтийн тендерийг Роснефть хууль ёсоор эзэмшсэн, эсэх нь эргэлзээтэй болж, энэ үйл явдалыг дагаад хувьчлалтай холбоотой асуудал дахин сөхөгдөж эхэлсэн билээ.
ОХУ-ын Сангийн дэд сайд Алексей Моисеев 2017-2019 онд хувьчлалаас нийт 4.7 тэрбум ам.долларыг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн тухай Лондонд болж буй “Moscow Exchange” форумын үеэр хэлжээ. 2017 оны хувьчлалын төлөвлөгөөнд “ВТБ банк” болон “Совкомфлот” компаниуд багтаж байгаа аж.
ОХУ-ын Төрийн өмчийн газрын тэргүүн Ольга Дергуновагийн танилцуулснаар өнгөрсөн онд төрийн өмчит компаниудын хувьчлалаас олсон таван тэрбум рублиэр улсын төсвөө зузаатгажээ.