Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бэлчээрийн доройтол Монгол брэндийг баллана

-Нэг малчин өрх бэлчээрийн доройтлоос жилд 2.6 сая төгрөгийн алдагдал хүлээж байна-

Т.ЖАНЦАН

Монгол Улсын эдийн засгийг олон тулгууртай болох зөвлөгөөг гадаад, дотоодын эдийн засагчид өгч байгаа. Олон тулгуурын нэг нь хөдөө аж ахуйн салбар яах аргагүй мөн. Бүр манай улсын эдийн засгийн гол хөдөлгүүр болох боломж ч бий.  Учир нь, өнөөдөр дэлхийн зах зээлд хамгийн үнэтэй бүтээгдэхүүн эко гэсэн тодотголтой юм. Тэгвэл монгол нутгийн хөрсөнд ургасан жимс жимсгэнэ, малын гаралтай бүтээгдэхүүн дэлхийд брэнд болж чадна. Яагаад гэвэл монгол нутгийн хөрсөнд олон зуун жил түмэн янзын бордоо цацаагүй. Бордож ургуулсан тэжээл иддэггүй. Цэвэр байгальд бэлчдэг мал аж ахуйтай билээ. Хамгийн гол нь шинэ зах зээлд гарах замыг нь төр засаг зааж өгөх ёстой гэдэг. Гэвч дэлхийн брэнд болоход нэн тэргүүнд анхаарах ёстой хэд хэдэн зүйл байгаа юм. Тухайлбал, монгол малын эрүүл мэнд, бэлчээр хамгаалах, олон улсын стандартад нийцүүлэн мах, түүхий эд бэлтгэх асуудлыг шийдэх шаардлага тулгарч байна. Дэлхийн дулаарал, малын тоо толгой хэт их өссөн зэргээс шалтгаалж цөлжилт нүүрлэж, бэлчээр доройтож байгаа. Энэ нь хөдөө аж ахуйн салбарт алдагдал авч ирдэг болсон. Жишээ нь бэлчээрийн доройтлоос шалтгаалж нэг малчин өрх жилд 2.6 сая төгрөгийн алдагдал хүлээж буй тооцоог Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслөөс хийжээ. Тэгвэл 141 мянган малчин өрх бий гэдэг. Ингээд тооцвол Монгол Улс бэлчээрийн доройтлоос жилд 368 тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг байх нь.

Өнөөдөр нийт бэлчээрийн 65 хувь нь доройтолд орсон дүн бий. Үүнийг хамгаалж байгалиар нь ашиглахгүй өнжөөж амраах маягаар нөхөн сэргээхэд арван жилийн хугацаа шаардагдах аж. Тэгэхээр байгаль орчин бэлчээр доройтох нь ганц мал аж ахуйд нөлөөлөөгүй. Газар тариалан, аялал жуулчлал гээд бусад салбарын эдийн засгийн үр өгөөж буурхад ч хүрнэ. Малчид олон малтай бол орлого нэмэгдэнэ гэсэн ойлголттой явж ирсэн. Харин одоо цөөн тооны чанартай малтай байхыг эрмэлзэх болжээ. Учир нь ган, зуд гээд байгалийн давагдашгүй хүчин зүйлийг сөрөн гарах, нутаг бэлчээрээ хамгаалах, цөөн малаас өндөр ашиг хүртэх, хөдөлмөрөө хөнгөвчлөх гээд олон ашигтай зүйл байгаа юм. Өнгөрсөн зун нийт нутгаар хур элбэг сайхан зун болсон. Гэвч энэ өвөл нийт нутагаар цас ихтэй, хүйтэн зутруухан болох шинжтэй боллоо. Цаг уурын төлвийн мэдээнд ч бас олон жилийн дунджаас ахуй цастай, хүйтэрнэ гэж буй. Энэ өвөл хонин толгойд шилжүүлбэл 100 сая толгой мал өвөлжих тооцоо гарав. Гэтэл нийт бэлчээрийн 65 хувь нь доройтжээ. Ингээд нэг хонинд ногдох учиртай талбайн ургамлыг  4-5 хонь бэлчээрлэн идэж байгаа тухай “Бэлчээр ашиглалтын хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх нь” зөвлөгөөний үеэр  дурдаж байна. Урд нь 1980-аад оны үед хийсэн судалгаагаар Монгол нутагт хонин толгойд шилжүүлснээр 50 саяас хэтрэхгүй толгой мал бэлчих даацтай гэж байж. Тэгээд нийт бэлчээрийн тал хувийг нь нэг жилд ашиглаж үлдсэнийг нь өнжөөх ёстой гэсэн судалгаа хийсэн байдаг. Иймээс өнөөдөр бэлчээрийг зохистой ашиглах асуудал яах аргагүй тулгарч байна.

Бэлчээрийг зохистой ашиглахын тулд малын тоо толгойг цөөлөх ёстой болно. Гэтэл малын тоо толгойг боломжийн хэмжээнд барих хууль эрх зүйн зохицуулалт алга. Тэгэхээр хөдөө аж ахуйн салбараас Монгол бренд гаргахын тулд байгаль экологийн доройтлоос газар нутгаа хамгаалах, нөхөн сэргээх зайлшгүй шаардлага монголчууд бидэнд тулгараад буй юм. Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төсөл одоогоор долоон аймгийн 100 суманд хэрэгжиж буй аж. Жишээ нь Говь-Алтай аймагт 420 цэгт бэлчээрийг хашаалан хамгаалж өнжүүлэх арга хэмжээ авчээ. Үүний үр дүнд нэг жил өнжсөн бэлчээр сэргэж ургамлын гарц, тоо хэмжээ эрс нэмэгдсэн байна. Тэгвэл бэлчээрээ, байгалиа доройтлоос хамгаалах нь Монгол брэндийн эхлэл болох нь.


Б.Эрдэнэбилэг: Олон малтай байлаа гээд эдийн засгийн үр ашиг авч ирэхгүй

Баянхонгор аймгийн Баянговь сумын малчин, “Цаст цагаан уул” ТББ-ын тэргүүн  Б.Эрдэнэбилэгтэй малчдын амьжиргаа, өнөөгийн байдлын талаар ярилцлаа.

-Сүүлийн үед бэлчээрийн доройтол, цөлжилт газар авсан тухай ярих болсон. Танай аймаг, сумын хэмжээнд ямар байна вэ?
-Монгол орны бэлчээрийн төлөв байдлын  судалгааг Швейцарийн хөгжлийн агентлагийн  “Ногоон алт” төсөл  хийсэн. Манай аймгийн мал сүүлийн жилүүдэд нэлээд өслөө. Иймд бэлчээрийн даац гурав дахин хэтэрсэн гэсэн судалгаа гарсан. Тэгэхээр аймгийн хэмжээнд бэлчээрийн даац хүндрэлтэй асуудал болоод байгаа. Би мал аж ахуйн үйлдвэрлэл дээр өсч өндийсөн, сумандаа одоо ч мал маллан амьдарч байна.  Манай сумын хувьд бэлчээрийн дориотол арай бага. Малын тоо толгой хэт өсөх нь бэлчээр доройтох гол шалтгаан яах аргагүй болсон. Олон малын хөлөөр бэлчээр талхлагдаж ургамлын төрөл зүйл цөөрлөө. Тэгэхээр бэлчээрийг цаашид зөв ашиглах эрх зүйн зохицуулалт зайлшгүй хэрэгтэй. Бэлчээр хамгаалах тухай хууль, Бэлчээр ашиглуулж эзэмшүүлэх тухай хууль гээд олон парламент дамжин яригдсан ч батлаагүй л байгаа.  Монгол Улсын Үндсэн хуульд мал сүрэг төрийн хамгаалалтад байна гэж заасан. Бэлчээр нь нийтийн өмч. Тэгэхээр бэлчээр ашиглаж буй малчид түүнийг хамгаалах үүрэг, хариуцлагатай байх шаардлага гарч ирж байгаа юм. Манай малчдад энэ л дутагдаад байна.

-Малчид аль болох малаа өсгөх эрмэлзэлтэй. Гэтэл бэлчээр доройтож буй тул малын тоо толгойг цөөлөх хэрэгтэй гэж байна. Тэгэхээр малын тоог цөөлхөд малчид дургүйцэх л байх даа?
-Малчид малын тоо толгойг цөөлхөд дургүйцэхгүй байгаа. Мал өсгөнө гэдэг нь малаа эдийн засгийн эргэлтэд оруулж амьдарлаа залгуулах явдал. Гэтэл хямралын нөлөөгөөр малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнэ унаж хүндхэн асуу­дал тулгараад байна. Бүтээг­дэхүүний үнэ ханш боломжийн байвал малчид малаа борлуулж бэлчээрийн даацаа тохируулаад байж чадна. Үүнээс гадна малын чанар, үүлдэр угсаагаа сайжруулаад явах боломж бий.

-Өвөлжилт хэр байна. Энэ жил цастай их хүйтэн байх төлөвтэй?
-Манай аймгийн хэмжээнд хангайн хоёр сум чамгүй цастай. Говийн сумдаар цас бага сайхан өвөл болж байна. Энэ жил говьд урт сайхан намар боллоо. Монгол хүн амны билгээс ашдын билгэ гэдэг. Яан аа өвөлжилт хүндрээд хэцүү болно гэсэн зовинол алга. Тайван сайхан болж байгаа. Тэнгэр хангайг ажиглаж байхад энэ өвөл говийн бүс нутагт тогтуун сайхан өвөл болох шинжтэй. Гэхдээ сүүлийн гурван жил говийн бүс нутагт хавар их зүтгүүлэх болсон. Хахир хэцүү болж байна гэсэн үг шүү дээ. Хавар хур тундас орох тун дургүй байгаа нь хүнд тусч байна.  Цаг агаарын давагдашгүй хүчин зүйлийн өмнө бэлтгэл сайтай байх ёстой. Малчид, баг, сум, аймаг, улсын хэмжээнд бэлтгэл сайтай байхад цаг зуурын хүндэрлийг даван туулж чадна.

-Өвс тэжээл сайн нөөцлөж чадсан уу?
-Говь нутагт нэг хэцүү зүйл нь хадлан тэжээл бэлтгэх. Гэвч малчид өөрсдийн боломжийн хирээр өвс, тэжээл нөөцлөж авсан. Манай Баянговь сум нэг онцлогтой. Учир нь говийн бүсийг өвс, тэжээлээр хангах улсын нөөцийн газар 2006 онд байгуулсан. Тэгэхдээ урд нь өвс тэжээлийн бааз байсныг дахин сэргээсэн юм. Үүнд байнгын нөөц бий.

-Мал эмнэлгийн үйлчил­гээ ямар түвшинд байна вэ?
-Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш мал эмнэлгийн үйлчилгээ хувьд шилжсэн. Энэ бол хамгийн эмзэг, тулгамдсан асуудал болоод байна. Урд нь малын эрүүл мэндийг хамгаалах цогц арга хэмжээ авдаг байлаа. Одоо алга болсон. Ийм учраас малын халдварт өвчин дэлгэрсэн мэдээлэл их гарах болж. Гэхдээ говийн бүс нутагт гоц халдварт өвчин одоохондоо гараагүй. Энэ нь мал эмнэлгийн үйлчилгээ малчны хотонд хүрч чадахгүй байгаагийн жишээ. Суманд байгаа малын эмчийн хүрэл­цээ, мэргэжил арга зүйн мэдлэг гээд дутуу гуцуу асуудал­тай зүйл олон. Үүнийг анхаарахгүй бол болохгүй. Мал эмнэлгийн үйлчилгээ дутмагаас болж гоц халдварт өвчин гарах, малчдын орлого буурч байна.

-Бэлчээрийг хамгаалж зохистой ашиглаад эхлэхэд танай сумын нэг малчин өрхийн орлого хэдэн хувиар нэмэгдсэн бэ?
-Нэг хонин дээр жишээ аваад үзье. Төлгөн хонины гулууз мах 18-22 кг жинтэй байх ёстой. Гэтэл бэлчээрийн ургамлын бүтэц өөрчлөгдөхөд тарга тэвээргэ авч чадахгүй. Малын махан тарга авдаг үеийн ургамал байхгүй бол зөвхөн өөхөн тарга авна гэсэн үг. Тэр их өөхтэй малын махыг хүн тэр бүр авахгүй. Ингээд тооцоод үзэхээр бэлчээр, мал аж ахуйн үйлдвэрлэлийн буруу зохицуулалтаас шалтгаалж малчин өрхийн эдийн засагт хохирол гарч байгааг бид хүлээн зөвшөөрч байгаа юм. Малчид маань илүү нарийн тооцоо судалгаа гаргаж, үүрэг хариуцлага өндөр байх хэрэгтэй. Тэгж байж ашиг олно. Түүнээс биш мянган малтай болно гэж хошуураад нэмэргүй. Олон малтай болох тусам өөрийнх нь хөдөлмөр нэмэгдэнэ, бэлчээрийн доройтол нүүрлэнэ. Мянган малтай болоод эдийн засгийн үр ашиг гарах нь юу л бол. Өөрс­­дөө хөдөлмөртөө ядарсан, бэлчээр нутаг ус хайж нүүх тусам эдийн засгийн алдагдал гарч л байгаа. Тэгэхээр сүргийн ашиг шим, зохистой харьцаа, тоо толгойд анхаарах залшгүй шаардлага өнөөдөр малчдад тулгарч байна. Тэгэхээр олон малтай байлаа гээд тэр бүр эдийн засгийн үр ашиг авч ирэхгүй.

-Бэлчээр ашигласны төлбөр тухайн сум орон нутгаас авдаг уу?
-Одоохондоо бэлчээр ашигласны төлбөр авдаггүй. Өвөлжөө, хаваржааны газар эзэмшсэний хураамж төлдөг.  Сумын ИТХ-ын тогтоосон жишгээр жилд 2-4 мянган төгрөг л төлнө. Цаашид бэлчээрийг үр ашигтай, зохистой ашиглахын тулд бэлчээрийн төлбөр эсвэл хураамж авах нь зүйтэй. Малчид энэ асуудлыг сөрөгөөр хүлээж авахгүй байгаа. Хамгийн гол нь тэр авч байгаа төлбөрийг малчдад хандсан бэлчээр, ус сайжруулах, мал эрүүлжүүлэх, үржил селекц явуулах ажилд зарцуулдаг бай­гаасай гэж хүсдэг.  Түүнээс биш төлбөр хураамж авчихаад төс­­вийн цоорхой нөхөх, эр­гээд тайлагнах ямар ч тоо баримтгүй зүйл болгон хувир­гаж болохгүй. Мал аж ахуйн үйлдвэрлэлд хандсан бодлогын санхүүгийн эх үүсвэр болгох юм бол малчид дуртай өгнө.

-Шинээр малчин болж буй өрх хэр олон байна. Бэл­чээр хүрэлцэхгүй доройтож буй өнөөд үед тэдэнд нутаг бэлчээр олгоход хүндрэл гардаг л байх даа?
-Мал маллах залуучуудын тоо сүүлийн үед буурсан. Гэвч харилцан адилгүй. Зарим нутагт олон сайхан залуу малчин бий. Ер нь шинэ залуу малчдад бэлчээр нутгийн хомсдол зарим газарт гардаг байх. Ялангуяа хот суурин газрын ойролцоо, газар тариалантай нутагт. Манай нутагт одоохондоо бэлчээр нутгийн хомсдол гараагүй. Уламжлалт нүүдлийн мал аж ахуйгаа эцэг эхийнхээ дэргэд адгуулж өвөлжөө бууцаа зохицуулаад аж амьдарлаа залгуулаад л явж байна. Цаашид малын тоо толгой нэмэгдэх тусам малчин өрхийн тоо өсч таарна. Тэр хирээр хязгаарлагдмал нутаг бэлчээр нэмэгдэх тусам маргаан мэтгэлцээн гарахыг үгүйсгэхгүй. Одоо ч өвөлжөө, хаваржааны маргаан мэр сэр гарч л байна.


С.Аравзайлхам: Орон нутаг зөвшөөрөөгүй ч ашигт малтмалын лиценз олгоод байна

Өвөрхангай аймгийн газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газрын мэргэжилтэн С.Аравзайлхам бэлчээрийн доройтол, нөхөн сэргээлтийн талаар ийн ярив.

-Нийт нутагаар энэ жил нэлээд цастай байх шиг байна. Өвөрхангай аймгийн хувьд өвөлжилтийн байдал ямар байна. Ер нь бэлчээр хэр зэрэг талхлагдсан бэ?
-Манай аймагт өнгөрсөн зун газрын гарц сайн байсан. Гэвч өвөлжилт хүндрэх төлөвтэй болсон.
Малын тоо толгой сүүлийн жилүүдэд өссөн. Бэлчээрийн доройтол говь, хээрийн бүсийн сумдад бий. Харин Хангайн бүсийн сумд харьцангуй гайгүй байгаа.

-Танай аймагт нинжа болон алтны уурхай олон байдаг. Уул уурхайд өртсөн газарт нөхөн сэргээлт хийж байгаа юу?
-Уянга сумын нутагт нэг уулын хөндий тэр чигээрээ алт олборлолтод өртөж сүйдсэн. Гэвч нөхөн сэргээлт төдийлэн сайн хийгээгүй. Орон нутгаас ашигт малтмалын хайгуул, олборлолтын лиценз олгохгүй байх хүсэлт тавьдаг. Гэвч Ашигт малтмал, газрын тосны газраас уул уурхайн лиценз олгоод байна. Тэгээд бид дээд газраас зөвшөөрөл авсан гээд хүч түрэх асуудал мэр сэр гарч байгаа юм.
Иймд уул уурхайд өртөж хамгийн хэцүү байдалд орсон сум бол Уянга. Мөн Бат-Өлзий сум бас уул уурхайн хөлд нэрвэгдсэн. Тухайлбал, Орхон голын бохирдол хэрээс хэтэрсэн. Орхон голын эх Архангай аймгийн суманд байдаг. Гэтэл эх дээр нь алтны уурхай ажиллаж байгаа.

-Орхон голыг аврах хөдөлгөөн өрнөж байсан. Одоо чимээгүй болчихож. Үр дүнд хүрээгүй гэж үү?
-Архангай, Өвөрхангай аймгийн удирдлагууд хамтарч Орхон голын эхэд ажиллаж байгаа алтны уурхайнуудын үйл ажиллагааг зогсоосон. Гэвч гол маань бүрэн цэвэршиж чадахгүй байна. 

-Швейцарийн хөгжлийн агентлагийн “Ногоон алт” бэлчээр хамгаалах төсөлд танай аймгийн хэдэн га талбай хамрагдаад байна вэ?
-Энэ жил “Ногоон алт” төсөлд манай аймгийн дөрвөн сум хамрагдсан. Хархорин сум урд нь бэлчээр ашиглалтын хэсэгтэй, үйл ажиллагаа нь жигдэрсэн байсан юм. Бэлчээрийн монинторонгийн ажил энэ жилээс манай аймагт хийгдэж эхэлсэн.

-Олон жил өвөлжиж, хаваржсан нутгийг нь хашаалаад эхлэхээр малчид хэр хүлээж авч байна. Бэлчээр ашиглалтын талаар ямар ойлголттой байна вэ?
-Маш сайн хүлээж авч байна. Учир нь өөрийнх нь нутаг бэлчээрийг хамгаалж хөрөнгө мөнгө зарцуулж байгаа юм. Иймд идэвхтэй оролцож бэлчээрийн хил хязгаарын зургийг гарган ажиллах болсон. Нөгөө талаар олон малтай бэлчээрээ сүйтгэж байснаас чанартай цөөн малтай хүсэл эрмэлзэл малчдад давамгайлах болсон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан