Т.ЖАНЦАН
Манай улсын эдийн засгийн өсөлт 17.3 хувиар өсч байсан бол өнөөдөр 1.3 хувь болж буураад байгаа. ДНБ-ий хэмжээ энэ оны гуравдугаар улиралд 17.2 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь өнгөрсөн оныхоос 1.6 хувиар буурсан үзүүлэлт. Урд нь эдийн засаг өндөр өсөлт үзүүлсэн онуудад Монгол Улс нэг хүнд ногдох ДНБ-ий үйлдвэрлэлээр дундаж дээгүүр орлоготой орон болсон. Харин эдийн засгийн өсөлт үргэлжлэн буурсан сүүлийн жилүүдэд нэг шат буурч дундаж доогуур орлоготой орны тоонд ороод байна. Ийм ч учраас хямрал улам гүнзгийрч иргэдийн орлого багасч амьжиргааны төвшин буурав. Эдийн засгийн хямралд олон хүчин зүйл нөлөөлсөн. Гэвч гадаад эдийн засгийн шок илүү нөлөөлсөн гэдэгт эдийн засагчид санал нэгддэг.
Энэ онд экспортод гарч буй зэсийн баяжмал, нүүрсний тоо хэмжээ нэмэгдсэн ч үнийн уналтаас үүдэн орлого нь буурсан. Тиймээс Засгийн газарт гадаад валют олох шаардлага хамгийн түрүүнд тулгарч байгаа юм. Засгийн газар ОУВС-гаас “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахыг хүссэн. Тэгвэл Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Монгол Улсын Засгийн газар, Хөгжлийн түншүүдийн зөвлөлдөх уулзалт”-ын үеэр “Монгол Улсын эдийн засгийн хөгжил урт хугацаанд өөдрөг байна. Иймд Засгийн газар 2019 он гэхэд гадаадын хөрөнгө оруулалтыг 2.2 тэрбум ам.долларт хүргэх, төлбөрийн тэнцэлийг ашигтай гаргах зорилт тавин ажиллаж байгаа. Үүний тулд олон талт хамтын ажиллагаа, санхүүгийн эх үүсвэрүүд шаардлагатай тул та бүхний дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн ОУВС-гаас тусламж хүссэн гэрээ хэлцэл амжилттай болж байгаа” гэж хэлсэн билээ. Тус сангийн Захиралуудын зөвлөл энэ сард хуралдаж манай асуудлыг шийднэ гэсэн мэдээлэл бий. Гэвч тус сангаас хэдий хэмжээний ам.доллар авах, ямар нөхцөл шаардлага тавих нь одоогоор тодорхой болоогүй аж. ОУВС-ийн “Стэнд бай” хөтөлбөр 1-1.5 тэрбум ам.долларын тусламж үзүүлдэг. Эндээс харвал гадаад валютын гачаалаас гарах эхний алхам амжилттай хэрэгжиж буй бололтой.
Аливаа улс орон хямрал нүүрлэсэн үед бусдаас тусламж гуйдаг. Монгол Улс ч энэ зарчмаар явж ирсэн. Тухайлбал, зах зээлийн эдийн засагт шилжсэн эхэн үед хямрал тохиосон. Ингээд түнш орнууд болон олон улсын санхүүгийн байгууллагуудаас хөгжлийн зээл, тусламж авч байв. Тухайн үед ДНБ-ээс 1.6 дахин их бага хүүтэй зээл, тусламж авч байсан түүхтэй. Тэгвэл уг хөгжлийн тусламж өнгөрсөн онд ДНБ-ий 2.4 хувьтай тэнцсэн мэдээлэл бий. Ингээд Монгол Улс нийт 5.5 тэрбум ам.долларын хөгжлийн зээл, тусламж авсан дүн байгаа юм.
Олон улсын валютын сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нийл Сакер дээрх зөвлөлдөх уулзалтад тавьсан илтгэлдээ “Энэ зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байгаад баяртай байна. Монгол Улсын хөгжил, өнөөгийн байдал, ирээдүйн талаар ярилцах бололцоо олдлоо. Монгол Улсын ирээдүй өөдрөг. Учир нь ашигт малтмалын баялаг ихтэй, цөөн хүн амтай. Хүн амын боловсрол өндөр. Газар нутгийн байршлийн хувьд дэлхийн эдийн засгийн өсөлт өндөр бүс нутагт багтдаг. Одоо эдийн засгийн нөхцөл байдал нь тогтворжих хандлага ажиглагдаж байгаа. Ойрын үед эдийн засгийн өсөлт гарч ирээдүйд хэдэн арван жилд тогтвортой байх болно гэж бодож байна. Ашигт малтмалын үнийн өсөлтийн жилүүдэд Монгол Улсын эдийн засаг маш өндөр хувиар өссөн. Ингээд Азийн бусад орнуудаас илүү тогтвортой, эдийн засгийн өндөр өсөлт үзүүлж ирсэн. Харин өнөөдөр ашигт малтмалын үнийн өндөр өсөлт саарсан. Монгол Улс одоо эдийн засагтаа түүхий эдийн хамаарлыг бууруулах хэрэгтэй. Эдийн засгийн өсөлтийг хангахын тулд ашигт малтмалаас бусад боломжоо ашиглах нь зүйтэй юм. Тухайлбал, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн зэрэг эдийн засгийн бусад салбар нь дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц чадвартай болсон нөхцөлд үр дүн гарна. Инфляц өндөр үед Монгол Улсын бүтээгдэхүүн дэлхийн зах зээлд өрсөлдөхөд бэрхшээл тулгардаг. Тиймээс санхүүгийн системийг тогтвортой байлгаж жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, жижиг компаниудын эрсдэлийг бууруулах үүднээс санхүүгээр дэмжих учиртай. Мөн мөнгөний бодлогын хүүг оновчтой төвшинд хүргэх ёстой. Эдийн засгийг олон салбар, тулгууртай болгох тусам эрсдэл буурна. Эдийн засгаа олон тулгууртай болгож экспортын шинэ зах зээлүүд нээх нь чухал. Жишээ нь Хятадын Шинжан, Уйгар, Өвөрмонгол зэрэг газруудад монголын бүтээгдэхүүнийг худалдах зах зээлийн боломжийг сайн судалж үзэх ёстой. Ашигт малтмалын үнийн өндөр өсөлтийн цаг үе өнгөрсөн. Үүний нөлөө нь уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай улс орнуудад хүндээр туслаа. Тухайн улс орнууд мөнгө хадгалж байсан эсэх, төв банкны гадаад валютын нөөц ямар байсан зэргээс шалтгаалж тулгарч буй асуудал нь харилцан адилгүй байна. Иймд Монгол Улсын хувьд засаглал, бизнесийн орчинг сайжруулах арга хэмжээ авах хэрэгтэй юм” хэмээн дурдлаа.
Манай улсын эдийн засагт уул уурхайн үзүүлэх нөлөө, ач холбогдол ойрын арван жилд өндөр нөлөөтэй хэвээр байх болно. Учир нь, эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хийх нь өргөс авахтай адил зүйл биш гэж эдийн засагчид хэлж буй. Тэгэхээр энэ хямралаас гарахад дэлхийн эдийн засгийн байдал ихээхэн нөлөөлөх нь дамжиггүй. Өөрөөр хэлбэл дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ хэрхэн өөрчлөгдөхөөс бүх зүйл шалтгаална. Гэтэл ирэх онд дэлхийн эдийн засгийн байдал тааруу хэвээр байх төсөөллийг судлаачид хийж байгаа. Яагаад гэвэл дэлхийн хэмжээнд 2008 онд тохиосон санхүүгийн хямралын үр урхаг одоо ч арилаагүй байна. Үүнээс хойш дэлхийн эдийн засаг сэргэсэн жил тохиосон ч эргээд саарах асуудал гарч буй юм. Ялангуяа сүүлийн жилүүдэд ашигт малтмал, түүхий эдийн үнэ ханшаас хараат эдийн засагтай бүс нутаг, улс орнуудын хувьд бэрхшээл учирсаар. Энэ тодорхойгүй байдал олон хүчин зүйлээс шалтгаалж буй тул дэлхийн эдийн засаг, санхүүгийн байдал хэзээ, хэрхэн тогтворжихыг ямар ч судлаач хэлж чадахгүй байгаа юм.
Дэлхийн эдийн засгийн энэ нөхцөл байдлын улмаас улс орнуудын худалдаа хасах утгатай гарах болжээ. Үүнд өнөөх л ашигт малтмалын үнийн уналт гол нөлөө үзүүлсэн хэмээн судлаачид үздэг. Ази тив дэлхийн эдийн засгийн өсөлтийн гуравны хоёр хувийг хангадаг. Гэтэл ашигт малтмалын гол худалдан авагч, дэлхийн томоохон үйлдвэрлэгч Хятадын эдийн засгийн өсөлт удааширсан хэвээр. ОУВС-ын мэргэжилтнүүд тус улсын эдийн засгийн өсөлт энэ онд 6.9 хувиас буурч 6.6 хувийн өсөлттэй гарна хэмээн тооцоод байна. Харин ирэх онд 6.2 хувийн өсөлт үзүүлэх төсөөлөл хийжээ. Судлаачид энэ төсөөллийг гаргахдаа Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл, зээлийн өсөлтөд бэрхшээл тулгарч магадгүй гэж харж буй аж. Ази тивд эдийн засгийн хамгийн өндөр өсөлт үзүүлж буй улс Энэтхэг. Тус улсын эдийн засгийн өсөлт 7.6 хувьтай байх бөгөөд тогтвортой байна гэсэн дүгнэлтийг судлаачид хийгээд байгаа юм. Австрали дэлхийд ашигт малтмалын экспортоор тэргүүлэгч орны нэг. Уул уурхайн салбар өндөр хөгжсөн улс. Дэлхийн эдийн засгийн хямрал тус улсыг түүхий эдийн хямд үнэд дасан зохицох сорилт тулгаж буй. Иймд төсөв, мөнгөний бодлогодоо шинэчлэлт хийх асуудал тулгарсан талаар судлаачид хэлж байгаа. Тэгэхээр түүхий эдийн зах зээлийн шинжээчдийн дэлхийн эдийн засаг, ашигт малтмалын үнийн талаар тодорхой төсөөлөл гаргаж чадахгүй байгаа шалтгаан нь хөгжингүй улс орнуудтай холбоотой. Учир нь түүхий эдийн хамгийн их хэрэглэгч, үйлдвэрлэгч нь хөгжингүй улс орнууд. Гэтэл тэдгээр орнуудын эдийн засгийн өсөлт бага, бүр дефляцын дарамт нэмэгдэж болзошгүй байгаа аж. Мөн Япон, Хятад зэрэг Азийн томоохон эдийн засагтай улс орнуудын орнуудын бүтээмж буурчээ. Энэ нь дэлхий нийтээр худалдаа буурсантай шууд холбоотой. Тэгэхээр дэлхийн худалдаа сайжирсан нөхцөлд манай улсын ашигт малтмалын салбараас олох орлого хамаарах нь тодорхой болоод байна. Иймд монголчууд бид хямралаас гарахын тулд бусдын тусламж, зээлд найдах, уул уурхайгаас бусад салбараас олох орлогоо нэмэгдүүлэхээс өөр гарц алга.