Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хямарсан ч харамлаж болохгүйн учир


Ж.ЖАМУХА


Дээр дооргүй л хямрал хэмээн хасч, танаж болох бүхнээ аривлан хэмнэж, үүсч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг хичээх болж. Бизнес эрхлэгчдийн хувьд эдийн засгийн хямралын үед энэ зэргийн арга хэмжээ авч болох ч бүсээ хэт чангалаад байвал эсрэгээрээ эрсдэлд орох магадлалтай тухай мэргэжилтнүүд зөвлөж байна. Мэдээж хямралыг дагаад олон арван аж ахуй нэгжийн үйл ажиллагаа доголдож, эхнээсээ хаалгаа барихад хүрсэн ч зөв бодлого төлөвлөлт, маркетинг хийж чадвал эсрэгээрээ эерэг үр дүн авчрах боломжтой аж. Зардлаа хасч танах байдлаар бүсээ чангалсан ч компанийхаа үйл ажиллагааг өргөжүүлэх, чадавхийг дээшлүүлэх, хямралыг боломж болгохоос гар татаж болохгүйг “Эдийн засгийн хүндрэлийн үе дэх өсөлтийн боломжууд” сэдэвт форумыг зохион байгуулагчид онцолж байна. “Глобал стратегийн удирдлагын институт”-ээс зохион байгуулсан уг форум, уулзалтад салбар салбарын аж ахуй нэгжийн төлөөлөл, захирал, удирдах албан тушаалтнууд оролцож, хямралын үед өсөлттэй ажиллах ямар ямар боломж байдаг тухай санал бодол, сайн туршлагаа хуваалцлаа.

Уг уулзалт форумын үеэр хямралын үед бизнес эрхлэгчдэд олддог эерэг боломжууд хийгээд нөхцөл байдалд уялдуулсан маркетинг, менежмэнт хийх байдлаар хямралын шуургыг уруудах бус сөрж зогсох боломжтой төдийгүй уналттай бизнесээ өсгөх, өргөжүүлэх давуу талтайг ч онцолж байв. Олон улсын туршлагаас харахад эдийн засгийн хямрал нь зөв менежменттэй, өндөр чадавхитай аж ахуй нэгж бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг жишиг бий. Тухайлбал, аливаа аж ахуй нэгжүүд хямралын үед илүү бүтээлч байх шаардлагатай болдог. Улмаар эл байдлаа илүү төгөлдөржүүлэх замаар дадал болгон хэвшүүлснээр эдийн засгийн өсөлттэй үед өмнөхөөсөө ч илүү өндөр бүтээмжтэй, үр ашигтай ажиллах боломж бүрдсэн байдаг аж. Түүнчлэн, хямралаас үүдсэн элдэв цомхотголоос шалтгаалж ажилгүйдэл өсөх хандлага ажиглагддаг ч бүтэц бүрэлдэхүүний хувьд цомхон, чадварлаг мэргэжилтнүүдээ авч үлдэх, ажиллуулах боломж бүрддэг. Энэ мэт хямралыг боломж гэж харсан хэн бүхэн бизнесээ өргөжүүлэх, дархлаагаа сайжруулах замаар хямралын хар шуурганд тэсч үлдээд зогсохгүй эдийн засаг эргэн өсөх үед өргөжсөн, өссөн бизнестэй болох боломж байдаг аж. Үүний тулд хямарсан гээд харамлаад байж болохгүй, харин ч эсрэгээрээ зөв, үр дүнтэй менежментэд багахан хөрөнгө зарж, илүү үр өгөөж хүртэх боломжтой аж. Тухайлбал, аливаа компани өсөлттэй ажиллахын тулд үйл ажиллагаандаа нийцсэн, хамгийн үр дүнтэй, шалгарсан стратеги баримтлах зүй ёсны шаардлага бий болж байна. Жишээ нь, үндсэн бизнесийнхээ үнэ цэнийг нэмэгдүүлэх, менежментийн тогтолцоогоо сайжруулах, бүтээмж, үр ашгаа нэмэг­дүүлэх, ашиг багатай, бүтээмж багатай зарим бизнесээ зарах, санхүү, хүний нөөцийн удирдлагаа сайжруулах, хэмнэлтийн стратеги баримтлах зэрэг олон аргаар зөв хэмнэлт хийх нь хямралыг эрсдэл багатай даван туулах шийдэл болдог аж.


Ц.Оюунжаргал: 2018 оноос эдийн засгийн нөхцөл сайжрах төлөвтэй байна

Форумын үеэр Эдийн засгийн хүндрэлийн үе дэх бизнесийн өсөлтийн боломжууд ба стратегиуд сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн “GSMI” институтийн захирал, стратегийн зөвлөх Ц.Оюунжаргалтай ярилцлаа.

-Та хэлэхдээ 2018 онд эдийн засгийн нөхцөл байдал арай нааштай болох хандлага бий гэлээ. Энэ тооцоо, дүнг хаанаас, хэрхэн гаргасан нь сонирхолтой байна?
-Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк болон манай Сангийн яамны эдийн засагчдын гаргасан судалгаанд суурилсан дүн, мэдээ гэж болно. “Оюутолгой”, “Тавантолгой”-н төслүүд хөдлөх хандлагатай болсны дээр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн нөлөө ч бий гэж үзэж байгаа. Шинээр сонгогдсон ерөнхийлөгч Доналд Трампын хувьд нүүрсний орд газруудыг ажиллуулах тухайд эерэг байр суурьтай. Энэ нь ч манайх шиг эдийн засаг нь уул уурхайн салбартаа түшиглэдэг улс оронд ашигтай эргэх хандлага харагдаж байгаа. Тиймдээ ч уул уурхайн орд газрууд, төсөл хөтөлбөрүүд маань эргээд эргэлтэд орох болов уу гэсэн таамаг бий.

-Хямралын үед нэг том компани 200 хүн цомхотгох, 200 жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч үүд хаалга барих хоёрын хооронд асар их ялгаа бий. Хараад байхад өнөөдрийн форумд ихэвчлэн зах зээлд хөлөө олчихсон, дундаж гэж болохуйц компанийн төлөөллүүд ирсэн харагдлаа?
-Үгүй, өнөөдрийн форумд оролцож байгаа хийгээд илтгэл хэлэлцүүлж буй хүмүүс бол яг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл байгаа гэж болно. Түүнээс нүсэр бүтэц бүрэлдэхүүнтэй, группийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг компани байхгүй. Ер нь янз бүрийн салбарын төлөөлөл хүрэлцэн ирсэн байна. Тэр ч бүү хэл Өмнөговь аймагт үйл ажиллагаа явуулдаг тоосгоны үйлдвэрийн захирал ч ирсэн байна. Жишээ болговол, барилгын компанийн төлөөлөл байхад хүргэлт, түгээлтийн компаниас ч хүн ирсэн байх жишээтэй. Эдгээрээс манай “Манлайллын коучин” хөтөлбөрт хамрагдсан захирлууд давуу эрхтэйгээр илтгэл тавьж байгаа юм. Ер нь, хямралын үед манайх шиг эдийн засагтай оронд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид эрсдэл үүрдэг ч эсрэгээрээ давуу тал болгох боломж маш их байдаг. Нэг үгээр бүтэц бүрэлдэхүүний хувьд цомхон учир хурдан хөрвөх чадвартай гэсэн үг. Тиймдээ ч давуу тал болдог гээд байгаа юм. Хамгийн гол нь манай үйлдвэрлэл эрхлэгчид худалдан авалт буурсан үед тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүлж ажиллавал давуу тал болдог. Нэг үгээр зах зээлээ нарийн мэдэрч чадсан нэг нь хямралыг давуу тал, боломж болгож чаддаг. Ядаж л савлагаа, тээвэрлэлт зэргээс аваад зардлаа хэмнэх, худалдан авагчдын чадамжид нийцсэн бүтээгдэхүүн гаргах байдлаар ажиллаж чадвал бизнесийн талбарт амьд үлдэх төдийгүй өсөлт хийх боломжтой байдаг.

-Та илтгэлдээ хямралын үед маниавр хийх буюу маркетинг хийхээс хөрөнгө мөнгө харамлаж болохгүй гэлээ. Энэ тухайд манай аж ахуй нэгжүүдийн хандлага ямар байдаг бол?
-Хараад байхад яг борлуулалт нь буураад, худалдан авалт байхгүй болоод ирмэгц толгой нь ажиллаж эхэлдэг юм байна. Яг ийм үед бизнесийн зөвлөхүүдэд хандах нь ихэсдэг. “Чадахаасаа чадахгүй хүртэл явлаа, өөрчлөлт, шинэчлэлт хийгээд ч өсөлтгүй байна” гээд зөвлөмж зөвлөгөө авах гээд ирдэг. Мэдээж ирсэн хүмүүстэй бид ажиллаад байв ч цаанаа ирэхгүй байгаа нь их. “Өө, яваандаа хямрал гайгүй болмогц эргээд хэвийн байдалдаа орно доо” гэх хандлагатай нь их. Тэр аж ахуй нэгжүүдэд сэдэл өгөхсөн, эрсдэлтэй үед бизнесээ авч үлдээсэй гэсэндээ энэ форумыг зохион байгуулж байгаа юм. Хямралын үед дотоод систем, маркетинг менежментээ яаж сайжруулах ёстой юм, нэрийн бүтээгдэхүүнээ хэрхэн (branding) идэвхжүүлэх юм гэх мэт асуудлыг энэ форумаар хөндөхийг зорьж байна.

-Хямралын үед олон улсын чанарын тогтолцоонд шилжих, цаашлаад экспортоо нэмэгдүүлэх сонирхол их байдаг. Гэвч гарц, гаргалгаа нь тийм ч оновчтой бус, төрөөс бодлогын дэмжлэг дутмаг байдаг?
-Маш олон үндэсний үйлдвэрлэгч компаниудад чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх ажил хийгдэж байна. Эхнээсээ томоохон үндэсний үйлдвэрлэгчид 9001, 22000, 14001 гэхчлэн чанарын удирдлагын тогтолгоог нутагшуулаад эхэлчихэж. Араас нь мөнөөх жижиг, дунд бизнесийнхэн маань орж байна. Товчхондоо, энэ бол хямралын үеийн хамгийн сайн дархлаа юм. Мэдээж зах зээлд илүүдэл үүссэн, худалдан авах чадамж буурсан үед аливаа бараа, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын асуудал сөхөгддөг. Тиймдээ ч баталгаатай бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт, иргэдийн хандлага ч өөрчлөгддөг. Иймээс хямарсан гээд зарим зүйл дээр бүсээ чангалаад байх нь оновчгүй шийдэл.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан