Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ирэх онд ноосны урамшуулалд 24 тэрбум төгрөг зарцуулна


Б.МЯГМАРЖАВ

Үндэсний үйлдвэртээ ноос болон арьс шир тушаасан малчдыг дэмжих зорилгоор Засгийн газраас тушаасан ноосны килограмм тутамд мөнгөн урамшуулал олгодог болсон. Тэгвэл 2015 онд 8.5 тэрбум төгрөгийн урамшууллыг 40 мянга 460 малчинд олгожээ.

Хэдийгээр малын гаралтай түүхий эдийн үнэ унасан ч малчдад чамгүй мөнгөн урамшуулал очиж буй. Килограмм ноосны зах зээлийн үнэ 600-900 төгрөг. Малчин нэг килограмм ноосыг 900 төгрөгөөр үйлдвэрлэгчид борлуулаад хариуд нь төрөөс 1000 төгрөгийн урамшуулал авдаг. килограмм ноосыг 1900 төгрөгөөр борлуулж байна гэсэн үг. Харин үхэр, адууны ширээ үйлдвэрлэгчид нийлүүлснийнхээ төлөө малчин 18 мянган төгрөг, хонь, ямааны нэхий тус бүрээс 3000 төгрөгийн урамшуулал авч байна. “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолоор  мал аж ахуйн түүхий эд боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжийн бэлтгэсэн нэг килограмм ноос тутамд дээрх мөнгийг олгожээ. Харин өнгөрсөн оноос ноос боловсруулах үйлдвэр, малчин, хоршооны гишүүн, хонь, тэмээний тоо толгой, ноос бэлтгэлийн байдлыг нь харгалзан урамшуулал олгохоор болсон юм. Мөн энэ жил өмнө нь ноосны урамшууллаас хоршооны гишүүн биш гэх шалтгаанаар хасагдсан малчдад мөнгийг нь нөхөн олгоод байна.

Урамшууллын мөнгийг задаргаагаар нь харвал ноосны урамшууллаас 5020 малчин өрх 707.6 сая төгрөгийг Засгийн газраас авч. Мөн данс буруу шалтгаанаар 209 малчны 27.7 сая төгрөг шилжигдээгүй аж. Харин 2013-2014 онд үндэсний боловсруулах үйлдвэрт арьс, шир бэлтгэн тушаасан 87 мянга 431 малчинд 10.5 тэрбум төгрөгийг данс руу нь шилжүүлжээ. Үүнээс гадна 4249 иргэний дансны мэдээлэл зөрсөний улмаас урамшууллын 958 сая төгрөгийг эзэн рүү нь шилжүүлж чадаагүй байна.

Тэгвэл нэг малчин өрх ноосны урамшууллаас хэдэн төгрөгийн орлоготой болж байгаа талаар бяцхан тооцоо хийе. 200 орчим толгой хоньтой өрх 600 килограмм  ноос бэлтгэвэл ноосны урамшуулалд 600 мянган төгрөг авна. Тэгэхээр өнөөдрийн ханшаар нэг килограмм ноос 900 төгрөгийн үнэтэй гээд тооцвол 540 мянган төгрөг. Ингээд бодохоор нэг малчин  өрхөд дунджаар сая нэг зуун 40 мянга орчим төгрөгийн орлого орж ирэх нь. Төрөөс авч байгаа мөнгөн дүн урамшуулалд “хуудуу” будлиан ордог бичигдээгүй хууль бий. Харин энэ жилийн хувьд урамшууллын мөнгөн дүн худалдан авсан ноосны бичиг баримт зөрчилгүй байсан гэх  4249 малчны 958 сая 95 мянган төгрөг шилжээгүй хүлээгдэж буй гэнэ. Ингээд 2011-2015 онд нийт 112.7 тэрбум төгрөг малчдад урамшуулал хэлбэрээр олгоод байна. Тэгвэл энэ их мөнгө орж татаас авсан салбар манай улсад хэрхэн хөгжиж байгаа вэ. Үндэсний үйлдвэрийн бараа бүтээгдэхүүн гэхээр л дааж давшгүй үнэ хэлдэг нь нууц биш. Үйлдвэрлэгчид үүнийг цөөн тоогоор гар аргаар үйлдвэрлэж байгаа тул ийн үнэлсэн талаар хэлдэг. Энэ нь нэгдсэн нэг бодлого хэрэгтэйг харуулж буй хэрэг. 

Манай улсын хөдөө аж ахуйн салбар  ДНБ-ий 30 орчим  хувийг бүрдүүлж байсан нь саяхан. Гэвч бид  сүүлийн хэдэн жилүүдэд уул уурхай эдийн засгийн гол хөдөлгөгч хүч хэмээн үзэх болсон. Уг нь, мал аж ахуйн салбар, ноос ноолуур, арьс шир манай экспортын гол түүхий эд.  Харамсалтай нь, энэ салбарыг өөд нь татаж хөгжүүлэх бодлого дутагдсаар. Иймээс эдийн засгийн бүтцээ оновчтой болгохын тулд газар тариалан, мал аж ахуйг бүс нутгийн хэмжээнд төрөлжүүлэн хөгжүүлэх  шаардлагатайг эдийн засагчид анхааруулсаар байгаа ч хэрэгжсэн нь цөөн юм. Нөгөө талаар, малчдад ноолуур, ноосны үнийн зөрүү жил бүр олгох болсон нь  хөдөө аж ахуйг дэмжих бус бэлэн мөнгө тараалт, эдийн засгийн халалт, инфляцад нэмэр болж байгаа талаар ч эдийн засагчид анхааруулсаар. Харин хуруу дарам цөөн хэдэн ажил хийсний нэг нь  “Хөдөө аж ахуйн түүхий эдийн бирж”.
 

Ц.Нямсүрэн: Ирэх онд урамшуулалд 24 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан

Дээрх асуудалтай холбогдуулан  “Мал хамгаалах сан”-гийн ерөнхий менежер Ц.Нямсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Төрөөс малчдад бэлэн мөнгө тараах нь эдийн засагт сөргөөр нөлөөлөх талаар эдийн засагчид хэлж байгаа. Ер нь, энэ ажлын үр дүн хэрхэн гарч байгаа вэ?
-Ямар ч байсан малын гаралтай түүхий эдийн үнийг тогтворжуулж байгаа. Одоо зах зээлд килограмм ноос 900 төгрөг байгаа бол урамшуулалд килограмм тутамд нь 1000 төгрөг гээд бодохоор урамшууллын мөнгө зах зээлийн үнээс илүү гарч байгаа.

-Данс, бичиг баримтийн зөрчил хэр гарч байна вэ. Төрөөс олгож байгаа урамшуулал гэхээр тушаасан ноос, арьс ширнийхээ тоог нэмэх тохиолдол байдаг шүү дээ?
-2015 оны ноосны урам­шуул­лаас хоршооны гишүүн бус гэсэн шалт­гаанаар ха­сагд­с­ан малчин өрхүү­дэд урамшууллын мөнгийг нөхөн олгожээ. Тодруулбал, 5020 малчин өрхөд 707.6 сая төгрөгийг олгосон байна. Харин данс буруу  гэсэн шалт­гаанаар 209 малчны 27.7 сая төгрөг шилжээгүй байгаа юм.

-Урамшуулалд хамраг­дах малчдад ямар шаардлага тавьдаг юм?
-Урамшуулалд хамрагда­хын тулд мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд малаа хамруулсан байх, стандартын шаардлага хангасан ноосыг төрлөөр нь 50 болон 100 килограммаар савлаж бэлтгэх, мал аж ахуйн хоршооны гишүүн байх зэрэг нийт долоон шаардлагыг хангасан байх ёстой. Түүнчлэн  аймаг, сум, дүүргийн хөдөө аж ахуй хариуцсан мэргэжилтэн ноос хүлээн авсан баримтыг үндэслэн малчин, мал бүхий этгээдийн хаяг, малын тоо, тушаасан ноосны хэмжээ зэргийг гарган Засаг дар­гаар баталгаажуулдаг. Мөн материал хүлээн авах хуга­цаа­­наас хоцорсон, буруу ташаа мэдээлсэн, ноос хү­лээн авсан болон баримтад зас­вар өөрчлөлт оруулсан тохиол­долд урамшууллыг олгохгүй.

-Урамшуулалд ирэх онд хэдэн төгрөг зарцуулахаар байгаа вэ?
-2016 онд ноосны урамшуулалд 24 тэрбум төгрөгийн тооцоо судал­­гаа гаргасан.  Арьс ширний урам­шууллын хувьд  хэдэн малчин өрх, хэчнээн төгрөгийн урамшуулал олгох талаар судалгаа хийгдэж байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан