Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Мартагдсан эхнэрүүд


Н.БАТ


Гадаадын улс орнуудад ажиллаж амьдардаг энэтхэг эрчүүд эх орондоо очиж эхнэр авах нэрээр хуримын инжийг өөрийн болгочихоод хуримласан бүсгүйгээ орхин зугатах байдал газар авах болжээ. Харамсалтай нь, нэгэнт хүний эхнэр болсон бүсгүйн хувьд нөхөртөө хаягдана гэдэг цаашдын амьдрал нь өргөст торонд хоригдсонтой л адил болчихдог аж. Энэ талаар Британийн Линкольнийн их сургуулийн сэтгэл судлаачидтай олон улсын Хүний эрхийн байгууллагаас хамтран судалгаа хийсэн байна.

Энэтхэг гаралтай британи залуу эцэг эхийнхээ нутагт очоод нутгийн нэгэн бүсгүйтэй танилцан гэрлэжээ гэсэн нэгэн бодит амьдралаас үүдэн энэ судалгааг хийх болсон хэмээн тэд тайлбарлажээ.

Азийн орнууд ялангуяа Энэтхэгт хуримын ёслолд өндөр ач холбогдол өгч хамгийн их мөнгө зарцуулдаг. Сүйт бүсгүйн эцэг эх хэцүүхэн амьдралтай байсан ч хуримын ёслолд бэлтгэж, мянган доллар зарцуулах нь юу ч биш. Мөн хамгийн үнэтэй эдлэлээ цуглуулна. Энэ нь хэдэн арван мянган доллараар үнэлэгдэх нь ч бий. Үүнээс гадна Энэтхэгт хуримлаж буй бүсгүйчүүд маань ихэвчлэн залуу охид байдаг. Хэрвээ нөхрийнх нь ээж, аавыгаа эргэхээр авсан ажлын чөлөө нь дуусаагүй бол залуу хос хэсэг хамт амьдардаг.  Дараа нь тэр гэр рүүгээ явахдаа залуухан эхнэртээ “гэртээ харьж, нүүж ирье. Мөн визний асуудлаа цэгцэлье” гэх зэрэг шалтгаан хэлж гараад л эргэн ирдэггүй аж. Эсвэл хамтдаа явчихаад, Британи, Америкт түр хугацаанд амьдарч байгаад эхнэрээ эцэг эхээ эргээд ир хэмээн буцаан явуулаад мартаж орхидог. Зарим бүсгүй нөхөртэйгээ хамт эргэн ирдэг ч нөхрөө замдаа алдчихдаг тохиолдол ч бий.

Хуриманд хамаг мөнгөө үрсэн, инжээ нөхөртөө алдсан бүсгүй эргэн ирээд шинээр амьдрал эхлэх ямар ч боломжгүй нь хамгийн харамсалтай. Тэр нэгэнт “бузарлагдсан” учраас түүнтэй хэн ч ахин гэрлэхийг хүсэхгүй. Нөхрөө тогтоож барьж чадахаар харилцаа тогтоож чадаагүй учраас энэ бүхэнд өөрөө буруутай гэж эцэг эх нь охиноо ад үзэж, хог мэт хөсөр орхидог. Харин эрчүүдийн хувьд байдал өөр. Ахиад өөр бүсгүйг ийм маягаар хохирогч болгохгүй гэх ямар ч баталгаа байхгүй. Хэн  ч түүнийг өмнө гэрлэж байсан эсэх, гадаадад эхнэртэй эсэхийг нарийн шалгадаггүй.

Судлаачид жилийн турш ийм байдлаар хохирогч болсон бүс­гүй­чүүдийг хайсаар 57-г олжээ. Хэдий­гээр тэрбум хүн амтай улс орны хувьд энэ тоо бага мэт санагдаж болох ч ийм золиос болсон бүсгүйчүүд өөрийн түүхийг хэзээ ч бусдад ярихыг хүсдэггүй. Энэ бол Азийн эмэгтэйчүүдийн онцлог ч гэж болох.
Сунита бүсгүй нөхөртэйгээ Энэтхэгт сар гаруй хамт амьдарчээ. Тэгээд л нөхөр нь эргэж ирэхээ амлаад гадаадад байгаа гэр рүүгээ явчихаж. Жил шахам хааяа түүн рүү утсаар ярьж, удахгүй очино хэмээж байсан ч жилийн дараа таг алга болжээ. Сунитын эцэг эх сүйнд 3000 орчим фунт, инжинд 4000 фунтээр үнэлэгдэх үнэт эдлэл өгсөн байна. “Тэр надаас байнга элдэв зүйл нэхдэг байлаа. Заримдаа мөнгө, заримдаа тавилга” гэнэ. Сар гаруй амьдрахдаа түүнээс “чамд өөр бүсгүй бий юу” гэж асуусныхаа төлөө зодуулсан хэмээн Сунита ярьжээ. Мөн “ Одоо би цаашид хэрхэн амьдрахаа огт мэдэхгүй байна. Учир нь түүнтэй нэг оронд орчихсон учраас миний амьдрал ингээд л дууссан” гэсэн байна.

Линкольнийн их сургуулийн сэтгэл судлалын доктор Сундари Анита Энэтхэгийн Пенжаб, Дэли, Гуджарат хотоор өөрөө явж ,бүсгүйчүүдийг эрж хайн тэдэнтэй ярилцсаны нэг жишээ тэр. Түүнтэй уулзсан бүсгүйчүүд дунд хөрөнгө мөнгөө алдсан нь нэг биш байсан ч, зарим нь хүүхэд төрүүлж, нөхөртөө алдсан, нөгөө хэсэг нь нөхөр нэртэй ч хэзээ ч ирэхгүй эрийн эцэг эхийнд гэрийн үйлчлэгч болсон ч байж. Гол нь эдгээр бүсгүйчүүдийг “цаашид хэрхэн амьдрах вэ” гэдэг асуулт л нэгтгэж байв. Бүсгүйчүүд зөвхөн өөрсдөө золиос болоод зогсохгүй хоосорсон гэр орноо эцэг эхээ яах вэ, охин дүүгээ хэрхэн хүнтэй суулгах вэ гэх зэрэг түмэн асуултанд ээрэгдэж хоцордог. Учир нь нэгэнт эр хүний өвөрт орсон бүсгүй бол Энэтхэгт муудсан бүтээгдэхүүн л гэсэн үг. Тус судалгааны багийнхан  ийм байдлаар таван бүсгүйг хохироосон нэг эрийг ч олж. Энэ бол хамгийн аймшигтай жишиг болж байгаа бодит зүйл учраас судлаачид үүнд дэлхийн анхаарлыг хандуулахыг хүсч буйгаа BBC-д ярьжээ. Өмнө нь бүсгүйчүүд цагаачлал, орогнол хүсэхдээ хөгжиж буй орнуудын эрчүүдтэй тодорхой мөнгө тохиролцож гэрлэдэг байсан бөгөөд үүнийг сүйт бүсгүйн экспорт гэж нэрлэж байв. Хөгжингүй орнуудын зүгээс хэдийгээр эмэгтэйчүүдийн эрх зөрчигдөж байгаа эсэх дээр хяналт тавихыг хүсдэг ч бүсгүйчүүд өөрсдөө хууль бус зүйлийг нуун дарагдуулдаг жишиг байв. Харин энэ удаад арай өөр. Энэтхэгийн засаг захиргаанд хуримлагч хосуудыг бүртгэж авах шалгуураа нарийсгах, дээрх байдалд орсон бүсгүйчүүдийн гэр бүл цуцлах процессыг хөнгөвчлөх зэрэгт анхаарал хандуулахыг судлаачид зөвлөсөн байна. Гэвч хамгийн гол  асуудал нь хөгжиж буй орнуудад эмэгтэйчүүдийн эрхийн тэгш бус байдал, улстөрийн хүнд суртал нь хуучинсаг үзэл баримтлалыг өөрчлөх боломж олгохгүй байгаа юм хэмээн Сундари Анита хэлжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан