Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цол дуудаачийн уралдаанд Б.Цэрэндагва түрүүлэв


Үндэсний бөхийн цол дуудаачдын улсын дөрөв дэх удаагийн уралдаан Монгол бөхийн өргөөнд амжилттай үргэлжилж өндөрлөв. Анх бөх цоллоочдын улсын уралдаан 1994, 1995, 1996 онд зохион байгуулагдаж байсан бөгөөд 20 жилийн дараа дахин сэргээсэн нь энэ. Энэ удаагийн уралдаанд 148 хүн ур чадвараа сорин өрсөлдсөнөөс хоёрдугаар шатанд 43 оролцогч тунан үлдсэн юм. Тэд бөхийн цол дуудаж өрсөлдсөн бөгөөд гуравдугаар шатанд цээл сайхан хоолойтой шилдэг найман оролцогч шалгарсан. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын иргэн Б.Мөнхбаатар, Төв аймгийн Зуунмод хотын иргэн Б.Цэрэндагва, Говь-Алтай аймгийн Шарга сумын /Налайх/ Э.Хүрэлбаатар, Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Т.Хэнбат, Архангай аймгийн Батцэнгэл сумын иргэн Д.Алтаншагай, Ховд аймгийн Чандмань сумын иргэн Б.Булгаа, Увс аймгийн Ховд сумын иргэн Б.Гантулга, Дархан хотын иргэн Б.Дарханням нар шалгарсан аж. Эдгээр оролцогч маань сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаан дээр цол дуудаж, бөх засч шилдгийн шилдгээ тодруулсан байна. Дөрөв дэх удаагийн уралдаанд Төв аймгийн Зуунмод хотын иргэн Б.Цэрэндагва түрүүлж, сая төгрөгийн урамшуулал хүртжээ.

Харин үндэсний бөхийн цоллоочдын улсын дөрөвдүгээр уралдаанд зориулсан Сумын цолтой болон залуу бөхчүүдийн арванхоёрдугаар сарын барилдаанд 480 бөх зодоглосноос Өвөрхангай аймгийн Баянгол сумын харьяат, сумын заан Н.Даваадорж ес даван түрүүлж, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, ХЦ-ийн 0164 дүгээр ангийн бөх, сумын заан Г.Бадрах үзүүрлэсэн байна. Түүнчлэн Архангай аймгийн Тариат сумын харьяат, Бөхбилэгт дэвжээний бөх, сумын заан С.Майнбаяр, Дундговь аймгийн Баянжаргалан сумын харьяат, АвДС-ийн бөх, сумын заан Б.Одсүрэн нар их шөвөгт шалгарчээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан