Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

11 жилийн хүлээлт: бөхийн холбоо шинэчлэгдэх үү

-МҮБХ-ны ерөнхийлөгчид Л.Чинбат, О.Амартүвшин нар нэр дэвшжээ-

А.АКЭРКЭ

Монголын ард түмний олон зууны баяр цэнгэлийн манлай болон сүр хүчийг үзүүлэн хотол олноо баясгасаар ирсэн хүчит бөхчүүдийн чуулга уулзалт удтал хүлээлгэсний эцэст энэ сарын 10-нд болохоор тов тараав. Уг нь, спорт холбоод дөрвөн жилд нэг удаа хуралдаж, ерөнхийлөгчөө, Удирдах зөвлөлийн гишүүдээ сонгодог ч тус холбооныхон шүүхийн асуудалтай явсаар олон жилийн дараа хуралдахаар болсон нь энэ. Улсын дээд шүүхийн 2003 оны долдугаар сарын 01-ний өдрийн 403 дугаар тогтоолоор МҮБХ-ны тэргүүнийг сонгох ээлжит бус Их эеийг 2003 оны гуравдугаар улиралд багтаан хуралдуулахыг үүрэг болгосон байдаг. Гэвч МҮБХ нь эл шийдвэрийг биелүүлэхгүй явсаар 11 жилийг үдсэн билээ. Монголын шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэлгүй ийн олон жил болсон тохиолдол тун ховор. Тиймээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 оны зургадугаар сарын 24-ний өдөр МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулж тус хурлаас МҮБХ-ны ээлжит бус Их эеийг зохион байгуулан хуралдуулж, Улсын дээд шүүхийн дээрх тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг албан ёсоор байгуулж, хурал зохион байгуулахтай холбоотой бүхий л асуудлыг шийдвэрлэж хэрэгжүүлэх эрх олгон тогтоол гаргасан билээ.

Харамсалтай нь, энэ хурлыг одоогийн МҮБХ хүчин төгөлдөр бус гэж үзэн хэрэгсэхгүй болгуулахаар шүүхэд хандсанаар асуудал цааш хөвөрсөн.
Эцэстээ Анхан болон Давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас хуралдуулсан 2014 оны зургадугаар сарын 24-ний өдрийн хурлыг хүчинтэйд тооцсон. Үүнийг нь ч Улсын дээд шүүх бататган энэ оны тавдугаар сарын  24-ний өдрийн 001/ХТ2016/00560 тоот тогтоолоороо Монголын үндэсний бөхийн холбооныхны эцэс төгсгөлгүй 13 жил үргэлжилсэн маргаанд нь цэг тавьж чадсан байдаг юм.

Иймд тус холбоо энэ сарын 10-нд ирэх дөрвөн жил удирдах тэргүүнээ сонгох халуухан хурал хийх гэж байна. Тус холбооны дүрэмд нэг хүн хэдэн ч удаа тэргүүнээр улиран сонгогдох боломжтой байдаг учир одоогийн тэргүүн улиран ажиллах уу эсвэл шинэ тэргүүнтэй болох уу гэдэг нь хурлаар л шийдэгдэнэ. Мөн энэ хурлаар өнгөрсөн хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлан, санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналтын тайлангаас гадна дүрэмдээ ямар өөрчлөлт оруулах, холбооны цэцдийн зөвлөлийн гишүүдээр хэн ажиллахыг сонгох нь дамжиггүй.

Ямартай ч, олон жил хуралдаагүй болохоор  21  аймгийн Үндэсний  бөхийн  холбоод болон бөхчүүд үндэсний бөхөө хэрхэн шинэ шатанд гаргаж ирэх талаар нэлээд нухацтай ярилцах байх хэмээн бөх сонирхогчид янз бүрээр л таамаг дэвшүүлж байна. Хамгийн гол нь бөхчүүдийн ёс жудаг, сахилга батын асуудлыг ярьж энэ талаар маш хатуу дүрэм, журамтай болох хэрэгтэйг ч сануулж буй хүн олон байгаа юм. Хүмүүсийн анхаарлыг хамгийн ихээр татаж байгаа нэг асуудал нь хэн тэргүүнээр ажиллах бол гэдэг болчихоод байна. Одоогоор тус холбооны ерөнхийлөгчид нэр дэвшсэн гэх хоёр хүний нэг  нь “Гацуурт”-ын Л.Чинбат. Тэрээр өмнө нь Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүнээр ажиллаж байсан болохоор арвин туршлагатай. Мөн түүнийг Монголын үндэсний бөхийн аваргуудын зөвлөл дэмжиж буйгаа илэрхийлсэн болохоор хамгийн магадлалтайд тооцогдож байна. Түүнчлэн түүнийг ерөнхийлөгчөөр сонгогдвол жалга довны үзэл, бөхийн маргаантай барилдаан, бөхийн билетний шаг, камер ашигладаггүй зэрэг асуудал  арилна гэдэгт бөх сонирхогчид итгэж байгаа бололтой. Дараагийн нэр дэвшсэн эрхэм нь UFC группийн ерөнхийлөгч, Булганхангай дэвжээний тэргүүн О.Амартүвшин гэх. Яалт ч үгүй бөхөд хайртай, элэгтэй хүн учраас олон ажил хийж хэрэгжүүлж, шинэчилж чадна хэмээн бөх сонирхогчид жиг, жуг хийж байна.
Олон хүн энэ хурлын уур амьсгал хэрхэн болох, шийдвэрлэх гарцын талаар санаа бодлоо хуваалцаж буй ч “Батболд Пүрэв”-ийн тавьсан мэдээллийг бид онцлон хүргэж байна.  Ер нь бол Л.Чинбат ч бай Р.Нямдорж ч бай хэн ч байсан МҮБХ-нд зайлшгүй шинэчлэх шаардлагатай нэлээд хэдэн зүйл байна. Үүнд:
1. ДОПИНГ: Бөхчүүдийн допингийн асуудлыг илүү нарийн шалгаж сайжруулж хариуцлагын тогтолцоог хэвшүүлэх. Цол хураах нөхөн олгохоор бол тэр даруйд нь шийдэж байх. Шийтгэлийг илүү ойлгомжтой бодит болгох /ид барилдаж байх үедээ аваагүй цолоо 10 жилийн дараа нөхөж авах нь тэр бөхийн амжилтад хэрхэн нөлөөлөх вэ/

2. БӨХЧҮҮДИЙН ИРЦ: Тогтмол болж буй уламжлалт барилдаануудад улсын өндөр цолтой бөхчүүдийг идэвхтэй барилдуулдаг байх. Үзэгч түмнээ хүндлэх. Өргөөнд үзэгчид маань сайхан үзүүштэй барилдаан үзчих санаатай ирдэг. Гэвч шинэ болон өндөр цолтой бөхчүүд төдийлэн оролцдоггүй. Үүнд холбооны зүгээс бодитой хариуцлага тооцдог болох хэрэгтэй.

3. ЁС ЖУДАГ: Зохисгүй зан авир гаргаж байгаа бөхчүүдэд илүү чанга хариуцлага тооцох. Угаасаа ирж барилдахгүй байгаа бөхчүүдийн эрхийг 1-2 сар хаслаа гээд тэд ухамсарлах уу гэдгийг бодох хэрэгтэй.  Ялангуяа шинэ залуу бөхчүүд дээрх байдлыг илүүтэй гаргаж байна. Иймд ахмад өндөр цолтой бөхчүүд хойч үедээ сургамжилдаг байх, бөхчүүд ч мөн хэн хэндээ хүндэтгэлтэй зөв шартай байх.

4. БӨХИЙН ӨРГӨӨНИЙ КАСС: Билетийн борлуулалтыг цэгцэнд оруулах хэрэгтэй. 14 цагаас эхлэх барилдааны тасалбар худалдаж авах гэж шөнө өглөөнөөс дугаарлах нь техник технологи хөгжсөн үед бол зохисгүй байгаа юм. Сонирхогчид маань үнэхээр бөхдөө хайртай учраас л энэ бүгдийг ажрахгүй дугаарлан байж үзэж байна. /цахим хэлбэрт шилжүүлэх ч юмуу ямар нэгэн гарц олох/

5. ШҮҮЛТ: Бөхийн барил­дааны маргаантай асуудалд шүүлтийг нарийн зөв шүүх. Бүхэл бүтэн нэг насных нь хөдөлмөрийг зарим тохиолдолд хөлийн цэцдүүд хэтэрхий нэг талыг барин нутаг усны үзлээр хандан шүүж байгаа харагддаг. Аль ч спортод шүүлтийн алдаа байдаг. Гэхдээ манай Үндэсний бөхийнх бол хэт туйлширсан байдлаар ханддаг. Хөлийн цэцдийг шинэчлэх ч юм уу эсвэл шинэ технологи ашиглах, камер дэлгэц гэх мэт аль тохиромжтой арга замыг олох зэрэг олон асуудал байна. Эдгээрээс улбаатайгаар үзэгч түмэн маргаж, бөхчүүд нэг нэгнийгээ муу муухайгаар доромжлох, бүдүүлэг үг хэллэг, нутаг нугаараа талцах зэрэг бөх сонирхогчдын дунд зохисгүй үйлдлүүд гардаг. Мөн барилдаж байгаа бөхчүүдийн хувьд ч адил хүүхэд наснаасаа эхлээд л хөдөлмөрлөсөн байдаг. Гэвч дээрх тохиолдлуудаас болж амжилт нь уягдаж хөлс нь үнэгүйдэж байна. Монгол түмэн өв уламжлал үндэсний бөхдөө хайртай тулдаа л Үндэсний бөхийн хөгжил өдий зэрэгтэй яваа. Тэрнээс биш яг одоогийн удирдлагууд үнэхээр мундаг сайн ажилласандаа өдий зэрэгтэй яваа юм бол огт биш. Тиймээс энэ их хайр хүндлэлийн олсон үндэснийхээ спортыг зөв чиглүүлж чадахаар тийм л холбоотой, тийм л удирдлагатай болмоор байна” гэжээ.

Энэ мэтээр Монголын үн­дэсний бөхийн холбоонд ши­нэч­лэлийн хур буулгах сонир­холтой хүн олон байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан