Ж.ЖАМУХА
Реклам, зар сурталчилгаа, баримтат киноны салбарт маш амжилттай яваа “Fighting films”-ийн бүтээл “Монгол жүдочид” баримтат кино өнгөрсөн долоо хоногт үзэгчдийн хүртээл болсон. Дэлхийн 200 гаруй орноос Монголын жүдо бөхийн холбоо, монгол жүдочдыг онцолсон уг уран бүтээлд манай тамирчдаас хэн хэн онцолсон нь спорт сонирхогчдын хувьд хүлээлт үүсгээд байсан. Тэгвэл Хөдөлмөрийн баатар, олимпын хүрэл медальт Х.Цагаанбаатар, дэлхийн аваргын мөнгөн медальт Д.Амартүвшин, “Рио 2016” олимпын наадмын шагналт V байр, Азийн наадмын хошой аварга Д.Төмөрхүлэг нар киноны гол дүрээр сонгогджээ. Цаг орчим үргэлжлэх баримтат кинонд Монголын жүдочид хэрхэн бэлтгэл сургуулилтаа базаадаг хийгээд тэдний эрмэг дайчин чанар, барилдааны онцлогийн тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байна. “Fighting films”-ийн ерөнхий найруулагч В.Барта “Цагаанбаатар шиг замналынхаа туршид дөрвөн жинд амжилттай барилдсан бөх ховор, бараг байхгүй ч гэж хэлж болно. Тэр олимп, дэлхийн аваргын медальтан төдийгүй Их дуулга, Дэлхийн цомд түрүүлсэн чансаатай жүдочдын нэг. Арав гаруй жилийн хугацаанд 60, 66, 73, 81 гээд дөрвөн жинд эн тэнцүү амжилт үзүүлнэ гэдэг жүдоч хүний хувьд асар өндөр чадамж юм. Түүний амжилт дэндүү ховорт тооцогдох учиртай” хэмээн онцолсон байна.