Хан-Уул дүүргийн 16 дугаар хороонд нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьсан 243 дугаар цэцэрлэг нээлтээ хийж, хүүхэд багачуудаа хүлээн авлаа.
Тус цэцэрлэгийн нээлтэнд дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн оролцож хэлсэн үгэндээ “Бид хүүхэд багачуудынхаа сурч боловсрох орчныг бүрдүүлэх үүрэгтэй хүмүүс. Нөгөө талаас энэ цэцэрлэгийн бүтээн байгуулалт бол иргэд та бүхний санал, санаачилгын үр дүнд боссон гэдгийг онцлон хэлмээр байна. Учир нь Орон нутгийн сонгуулиар 16-р тойргийн иргэдтэй уулзалт хийж явж байхад нэн тэргүүнд шаардлагатай зүйл бол цэцэрлэг гэж хэлж байсан. Өнөөдөр ийм сайхан цэцэрлэг нээлтээ хийж бидий ирээдүй болсон бяцхан үрсийг маань сургуулийн өмнөх боловсрол олгож байгаа нь бидний хамтын ажиллагааны бодит үр дүн юм” гэлээ. Тус цэцэрлэг нь 10 бүлэгт 240 хүүхдийн ортой бөгөөд хамран сургах тойргийн 360 хүүхдүүдэд 38 багш, ажилчид сургуулийн өмнөх боловсрол олгож байна.
ХУД-ийн 16 дугаар хороонд 0-5 насны 920 хүүхэд бүртгэлтэй байдгаас өнөөдрийн байдлаар 223, 243 цэцэрлэгт 660 хүүхэд суралцаж, нийт хүүхдийн 80 хувь нь сургуулийн өмнөх боловсрол эзэмшиж байгаа юм.
Нийслэлийн хөрөнгө оруулалтаар 1.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий энэхүү цэцэрлэгийг “Морин сувд” ХХК гүйцэтгэсэн бөгөөд энэ сарын 14-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн аж. Энэхүү цэцэрлэгт БСШУСЯ-наас 43 сая төгрөг, Хан-Уул дүүргийн ЗДТГ-аас “Хүүхдэд ээлтэй Хан-Уул” хөтөлбөрийн хүрээнд 29 сая, эцэг эх, бусад байгууллагаас 13 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж тохижуулсан байна гэж ХУД-ийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албанаас мэдээллээ.