“Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд 50 ам.метр талбайтай орон сууцыг төрийн өмчийн Түрээсийн орон сууцны санд шилжүүлж байсныг 70 ам.метр болгож өөрчлөхөөр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.
Ипотекийн урьдчилгаа 30 хувийг бэлнээр төлж, банкны зээлийн шалгуур хангах иргэдийн тоо багасч байгаагаас “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар орон нутагт барьсан 70 ам.метр хүртэл талбайтай орон сууцнууд борлогдохгүй байна. Иймээс эдгээр орон сууцыг түрээсийн орон сууцны санд шилжүүлэх хүсэлтээ аймгийн Засаг дарга нар Засгийн газарт ирүүлж байсан юм.
Үүнийг үндэслэн “Төрийн орон сууцны корпораци” төрийн өмчит үйлдвэрийн газрын захиалгаар Улаанбаатар хот болон Дархан-Уул, Сэлэнгэ, Ховд, Увс, Хэнтий зэрэг орон нутагт баригдсан 70 ам.метр хүртэл талбайтай 360 айлын орон сууцыг төрийн өмчийн Түрээсийн орон сууцны санд шилжүүллээ.
360 айлын орон сууцны барилгыг барихад зарцуулсан зээлийн төлбөрт шаардагдах 30 тэрбум 286 сая төгрөгийг тодотгон улсын төсөвт үе шаттай тусгаж байхыг холбогдох сайд нарт даалгасан юм. Зээлийн төлбөрөө бүрэн төлж барагдуулах хүртэлх хугацаанд зээлийн хүүгийн төлбөрийг төрийн өмчийн Түрээсийн орон сууцны санд шилжүүлэн 360 айлын орон сууцны түрээсийн төлбөрөөс бүрдүүлэхээр боллоо.
Одоогоор 1000 гаруй өрхийг төрийн өмчийн түрээсийн орон сууцанд хамруулах боломжтой байгаа нь хүсэлт гаргасан иргэдийн 37 орчим хувь юм байна.