Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ипотекийн зээл зогсоход орон сууцны борлуулалт 30 хувиар буурчээ


Т.ЭРДМАА


Барилгын салбарыг орон сууцны ипотекийн зээл тодорхойлж байна. “Тэнхлэг зууч” компанийн гүйцэтгэх захирал Д.Должинсүрэн “Орон сууцны ипотекийн жилийн найман хувийн хүүтэй зээл хэсэг хугацаанд зогссон. Энэ үед орон сууцны борлуулалт 30 хувиар буурсан юм. Бид БХБЯ-тай хамтарч орон сууцны эрэлтийг тодорхойлох судалгаа хийж эхэлсэн. Удахгүй дүн нь гарна” гэлээ.

Тэгвэл аравдугаар сард 34.7 тэрбум төгрөгийн импотекийн зээл олгосон аж. Үүний 24.2 тэрбум төгрөг нь жилийн найман хувийн хөнгөлөлттэй хөтөлбөрт хамрагдсан. Банкууд өөрийн эх үүсвэрээр 10.5 тэрбум төгрөгийн зээл олгов. Уг зээлийг нийт 672 зээлдэгч 16.2 жилийн хугацаатай авсан юм. Зээлийн жигнэсэн дундаж хүү нь 9.1 хувь болов. Ипотекийн нийт зээл нь 3.9 их наяд төгрөг. Үүний гурван их наяд нь жилийн найман хувийн хүүтэй хөтөлбөрийн, 20.2 хувь банкуудын өөрийн эх үүсвэрийн, 2.5 хувь нь бусад эх үүсвэрээс санхүүжсэн зээл. Нийт олгосон ипотекийн зээлийн 3.4 хувь нь хугацаа хэтэрсэн, 1.2 хувь нь чанаргүй гэсэн ангилалд ороод байна.

Орон сууцны үнэ нэг жилийн хугацаанд 5.6 хувиар буурчээ. Жишээлбэл, Баянзүрх дүүргийн “Аман хуур” хотхонд өнгөрсөн оны аравдугаар сард орон сууцны нэг ам метр талбайн дундаж үнэ 1.9 сая төгрөг байсан. Харин энэ жил 1.7 сая төгрөг болж 8.8 хувиар буурлаа.  Гэвч сүүлийн гурван сард орон сууцны үнэ тогтворжсон байна. Аравдугаар сард үл хөдлөх хөрөнгийн зах зээлд  шинэ, хуучин 4891 орон сууц нэмж нийлүүлэгдсэн аж. Зах зээлд санал болгож буй шинэ орон сууцны үнэ сүүлийн хоёр жилд буурч ирсэн боловч энэ оны зургадугаар сараас бага зэрэг өсч эхлэв. Тэгвэл хуучин орон сууцны үнэ бага зэрэг буурах хандлагатай байна. Энэ нь орон сууцны үнийн индекс буурсан дүн гарахад нөлөөлсөн гэнэ. Гэхдээ нэг хэсэг орон сууцны үнэ хөөсөрлөө гэж байсан. Одоо хөөс нь арилж бодит үнэд ирсэн хэмээн мэргэжилтнүүд хэлж буй юм.

Улаанбаатар хотод шинэ орон сууцны нэг ам метр талбайн дундаж үнэ хоёр сая төгрөг болов. Үүнийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал 0.1 хувиар өссөн үзүүлэлт. Гэвч өнгөрсөн жилийнхээс 0.4 хувиар хямд байгаа юм. Шинэ орон сууцны хамгийн өндөр үнэ Сүхбаатар дүүрэгт бий. Тус дүүрэгт орон сууцны нэг ам метр талбай дундажаар 2.8 сая төгрөг. Хамгийн бага үнэтэй орон сууц Сонгинохайрхан дүүрэгт байна. Нэг ам метр талбай нь 1.5 сая төгрөг байгаа аж. Тэгвэл төвийн бусад дүүрэгт 1.9-2.5 сая төгрөгийн үнэтэй боллоо. Харин зах зээлд санал болгож буй хуучин хоёр өрөө орон сууц 75.8 сая төгрөгийн үнэд хүрнэ. Энэ нь өнгөрсөн оныхоос 12.8 хувиар буурсан дүн. Хамгийн үнэтэй хуучин орон сууц мөн л Сүхбаатар дүүрэгт бий. Тухайлбал, хоёр орон сууц  93 сая төгрөгийн үнэтэй юм.  Бага үнэтэй хуучин орон сууц Сонгинохайрхан дүүрэгт 58.8 сая төгрөгийн үнэ хүрэх болжээ.

Засгийн газар ипотекийн зээлийг 25-30 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх шийдвэр гаргасан. Энэ нь зах зээлд нийлүүлэгдэж буй шинэ орон сууцнаас сард 400 нь борлуулахад хүрэлцэх мөнгө. Дунджаар бодоход ипотекийн зээл авсан иргэд сард дээрх хэмжээний эргэн төлөлт хийдэг аж. Гэтэл Улаанбаатар хотод 321 төслийн 43 мянган айлын орон сууц бий гэсэн судалгаа гарсан. Үүний 28 айлын орон сууц ашиглалтад орж борлуулахаар санал болгоод байгаа юм. Үлдсэн орон сууцнууд нь бүрэн ашиглалтад ороогүй тул захиалгаа зогсоосон мэдээлэл бий. Тэгэхээр ипотекийн зээлийн эргэн төлөлт хэдий хэмжээгээр нэмэгдэнэ тэр хирээр орон сууцны борлуулалт өсөхөөр байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан