Т.ЖАНЦАН
Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 806 тэрбум төгрөг байна. Энэ нь есдүгээр сарынхаас 10.7 тэрбум төгрөгөөс өссөн дүн. Үүний 581 тэрбум нь иргэдийн гар дээр эргэлдэж буй аж. Үлдсэн 224 тэрбум төгрөг нь банк, санхүүгийн байгууллагын кассанд бий. Тэгвэл Монголбанкны статистикаас харвал хадгаламж 5.7, харилцах дансанд 1.4 их наяд төгрөг тус тус байна. Энэ онд хамгийн их өссөн нь гадаад валютын хадгаламж. Тухайлбал, 127.3 тэрбум төгрөг буюу 5.2 хувиар өссөнийг Монголбанк аравдугаар сарын статистиктаа онцлов. Ингээд гадаад валютаар илэрхийлэгдэх хадгаламж 2.5 их наяд төгрөгтэй тэнцэж буй юм. Харин харилцах дансных 1.2 их наяд төгрөгтэй тэнцжээ. Гадаад валютын хадгаламж ийнхүү нэмэгдсэн нь мөнгөний нийлүүлэлтийг өсгөсөн байна. Ингээд мөнгөний нийлүүлэлт 11.5 их наяд төгрөгт хүрсэн аж. Гэхдээ гадаад валютын хадгаламж наймдугаар сараас хойш огцом өсөх хандлага ажиглагдсан. Учир нь, тухайн сард ам.долларын ханш огцом өсч төгрөг 14 хувиар суларсан билээ. Ингээд Монголбанк бодлогын хүүгээ 4.5 хувиар өсгөж 15 хувьд хүргэсэн. Тэгвэл “Монголын хөрөнгийн зах зээлийн зөвлөл” ТББ-аас “Ам.долларын ханш цаашид яах вэ” гэсэн судалгааг онлайн хэлбэрээр 300 хүнийг хамруулан гаргасан байдаг. Уг судалгаанд оролцогчдын 62 хувь нь ам.долларын ханш өснө хэмээн үзсэн байна.
Гэвч ханшийн огцом өсөлт нь зах зээлийн жамаар бус хөөрөгдөж хөөсрүүлсэн гэж тодорхойлжээ. Эдийн засагчид Монголд орж ирэх ам.доллар хомсдсон тул ханш өссөн. ОУВС-гаас хөнгөлөлттэй зээл авч чадвал хэсэг хугацаанд ханшийг тогтвортой барьж чадна гэдэг. Мөн Засгийн газар урт хугацаатай, бага хүүтэй мөнгө хайж хоёр хөршөө царайчилж байгаа. Хэн нэгнээс мөнгө зээлэх нь гал унтраасан түр зуурын арга хэмжээ. Монголчуудын дунд “Гуйж чадвал өгдөггүй баян байдаггүй” гэдэг хэлц үг бий. Тэгэхээр хаанаас ч гэсэн зээл олдох нь лавтай. Хамгийн гол нь яаж зарцуулах нь асуудал. Эдийн засагтаа алсдаа ашигтай богино хугацаанд үр өгөөжөө өгөх салбарт зарцуулахгүй бол хэдэн арван тэрбум ам.доллар байгаад ч хямралаас бүрэн гарахгүй. Ёроолгүй саванд юм хийсэнтэй адил. Гарын салаагаар савируулаад цацчихвал ёстой л өрөнд баригдаж, элгээрээ мөлхөнө гэдгийг эдийн засагчид сануулж буй билээ. Тэгээд мах экспортолох, ноос, ноолуур, арьс ширээ бүрэн боловсруулж дэлхийн зах зээлд хүрэх замыг нь гаргах. Газар тариалангаас жимс жимсгэний аж ахуй хөгжүүлж экспортод гаргаж чадвал ам.долларын үйлдвэртэй болно гэдэг. Энэ талаар олон жил ярьж байгаа ч олигтой үр дүнд хүрээгүй байгаа билээ. Уг нь дэлхий нийтээр байгалийн гаралтай бүтээгдэхүүнд “нугасгүй” болсон цаг. Ийм учраас уул уурхайгаас илүү экологийн цэвэр бүтээгдэхүүн хамгийн их орлого олж ирнэ гэж буй юм.
Арилжааны банкууд 12.4 их наяд төгрөгийн зээл олгожээ. Үүний 1.1 их наяд буюу 9.1 хувь нь чанаргүй зээл гэсэн ангилалд ороод байна. Урьд нь чанаргүй зээл дөрөв, таван хувиас хэтрэхгүй байв. Нийт чанаргүй зээлийн 366 тэрбум нь уул уурхайн салбарт ногдоно. Дараа нь худалдаа 231, боловсруулах үйлдвэр 144 тэрбум төгрөгийн чанаргүй зээлтэй байгаа юм.
Манай улсын экспорт, импорт сүүлийн жилүүдэд буурлаа. Төв банкны судалгаанд өнгөрсөн аравдугаар сард гадаад валютын төлбөртэй худалдааны тэнцэл нэг тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 15.7 сая ам.доллараар илүү дүн. Монголд мөнгө олж ирдэг эдийн засгийн гол тулгуур уул уурхайн салбар өнгөрсөн онд 3.4 тэрбум ам.долларын экспорт хийж байв. Гэтэл өнөөдөр 3.1 тэрбум ам.доллар болж буурлаа. Үүнд зэсийн баяжмалын экспорт нэмэгдсэн ч зах зээлийн үнэ буурсан явдал голлон нөлөөлөв. Жишээ нь өнгөрсөн оны эхний арван сард 1.2 сая тонн зэсийн баяжмал экспортолж 1.8 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн. Тэгвэл энэ онд 1.3 сая тонныг экспортолж 1.3 тэрбум ам.долларын борлуулалт хийсэн дүн гараад байна.
Импортын хэмжээ бас л буурлаа. Тухайлбал, өнгөрсөн онд 3.1 тэрбум ам.долларын импортын бараа бүтээгдэхүүн авч байж. Харин эдүгээ 2.7 тэрбум ам.доллар болж буурав. Ийнхүү импорт буурахад хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн 239 сая ам.доллараар гол үүрэг гүйцэтгэжээ. Тухайлбал, үйлдвэрийн машин тоног төхөөрөмж, эд ангийн импорт 54 сая ам.доллараар буурлаа. Мөн барилгын материалын импорт 179 сая ам.доллараар буурсан дүн гарав.
Д.Түмэнцэнгэл: Дефляц энэ оны сүүлчээр арилна
Монголчууд урьд нь хоёр оронтой тоонд тогтсон өндөр инфляцыг хэрхэн буулгах тухай ярьдаг байв. Тэгвэл энэ намар гурван сар дараалан дефляцтай учирлаа. Өөрөөр хэлбэл, инфляц хасах утга заасан. Үүнийг хүсээд байх зүйл биш. Учир нь эдийн засгийн хямрал улам гүнзгийрч иргэдийн орлого, худалдан авах чадвар муудасны тод илрэл юм. Монголбанкнаас гаргасан эдийн засгийн аравдугаар сарын статистикаас харвал хүнсний ногооны үнэ 0.5, махных 0.4, орон сууцных 0.3, хувцас, бас барааных 0.1 хувиар тус тус хямдарчээ. Иймд инфляц -0.8 хувьтай гарах нөхцөл болсон байна. Монголбанк жил бүрийн мөнгөний бодлогодоо инфляцыг найман хувиас хэтрүүлэхгүй барих тухай тусгадаг. Ирэх оны мөнгөний бодлогод ч энэ тухай дурдаж “Мөнгөний бодлогын зах зээлд суурилсан хэрэгслийг ашиглан хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг 2017-2019 онд жилийн найман хувиас дээшгүй түвшинд байлгана” хэмээн УИХ-аар батлуулсан.
Ингээд Монголбанкны олон нийтийн боловсрол, мэдээллийн төвийн ахлах эдийн засагч Д.Түмэнцэнгэлээс зарим зүйлийг тодрууллаа.
-Та мөнгөний нийлүүлэлт, арилжааны банк, гадаад нөхцөл байдлын статистик ямар байгааг танилцууллаа. Цаашид нөхцөл байдал хэрхэн өрнөх дүр зураг ажиглагдаж байна вэ?
-Гурван секторын ерөнхий дүр зураг аравдугаар сард ямар байсныг өгүүлсэн юм. Дефляц гурван сар үргэлжиллээ. Гадаад худалдааг аваад үзэхэд экспорт, импорт буурсан. Арилжааны банкуудын актив бага зэрэг өссөн. Чанаргүй зээл бас өсөх хандлага ажиглагдаж байгаа. Гэхдээ огцом савлагаа үүсгэх эрсдэл ажиглагдахгүй байна.
-Эдийн засгийн нөхцөл байдал хаашаа хэрхэн эргэхийг тодорхойлж хэлэхэд хэцүү. Монголбанк хямралыг гэтлэх талаар ямар бодлого хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй байна вэ?
-Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэл арваннэгдүгээр сарын 17-нд УИХ-аар батлагдсан. Энэ хүрээнд эдийн засгийн хүндрэлийг аль болох богино хугацаанд даван туулах цогц арга хэмжээнүүд тусгасан байгаа. Тэр заалтуудаа хэрэгжүүлээд явна. Тэгэхдээ Монголбанк дан ганцаар биш. Засгийн газар, УИХ гээд холбогдох төрийн байгууллагуудтай хамтран ажиллах төлөвлөгөө бий.
-Дефляц гурван сар үргэлжиллээ. Үүнээс гарах гарц байгаа юу?
-Энэ намар дефляц үүссэн. Статистикаас харвал Улаанбаатар хотын инфляц хасах 0.8 хувьтай гарлаа. Үүнд нөлөөлсөн гол шалтгаан нь хүнсний ногооны үнэ 0.5, махных 0.44 хувиар тус тус буурсан явдал болсон. Тэгэхээр энэ нь түр зуурын улирлын шинж чанартай. Бидний төсөөллөөр дефляц энэ оны сүүлчээр арилж инфляцад орно.