Б.МЯГМАРЖАВ
Валютын ханшийн огцом хэлбэлзэл болон түүнийг тогтворжуулах талаар ямар арга хэмжээ авч байгаа тухай Монголбанкны ахлах эдийн засагч Б.Түмэнцэнгэлээс тодрууллаа.
-Монголбанкнаас өнгөрсөн сард үүссэн ханшийн огцом өсөлтийг интервенци хийх замаар түр тогтоосон. Цаашид ханшийн ийм огцом савалт дээр ам.доллар зах зээл рүү нийлүүлэх замаар өсөлтийг хязгаарлах нөөц боломж бий юу?
-Одоогоор Монголбанкны валютын нөөц тэрбум орчим ам.доллар байна. Цаашид ханшийн огцом өсөлт гарахад интервенци хийх замаар богино хугацааны зохицуулалтыг хийгээд явна. Ам.долларын нөөцөөс зах зээл рүү орж байгаа ч алт тушаалтаас бид эргүүлээд валют оруулж ирдэг. Тэгэхээр валютын нөөц богино хугацааны өсөлтөд шавхагдах эрсдэл үүсэхгүй.
-Ам.долларын савалгаанд ямар хүчин зүйлүүд нөлөөлөөд байна вэ?
-Долларын ханшийн асуудалд монгол хүн бүр тухайлбал, хүүхдээ гадаадад сургаж байгаа эцэг, эхчүүд ч анхаарах хэрэгтэй. Ханшийн савалгаанд гурван хүчин зүйл нөлөөлж байна. Нэгдүгээрт, манай улс 26 жил экспортлогч улс болж чадсангүй өнөөг хүрлээ. 2016 онд нийт экспортын 90 гаруй хувийг уул уурхайн тэр дундаа хагас боловсруулсан бүтээгдэхүүн эзэлсэн. Энэ сайжраагүй цагт Монгол руу орж ирэх валютын урсгал хязгаарлагдмал хэвээр байна. Дараагийнх нь дэд бүтцийн асуудал байна. Монголд валютын арилжаа бүгдэд нээлттэй хэн хэдийг ямар ханшаар зарах гэж байгаа нь, хаана хэдэн төгрөгөөр хэн авах гэж байгаа нь зах зээлд оролцогчдод нээлттэй биш байна.
-Танай банкны зүгээс цаашид валютын огцом өсөлтийг зогсоох талаар ямар арга хэмжээ авах вэ?
-Ирэх оноос төрөөс мөнгөний бодлогын чиглэлээр латформ буюу мөнгөний захын нээлттэй бирж ажиллуулахаар ажлын хэсэг байгуулаад судалгаа хийж байна. Энэ асуудал шийдэгдэх юм бол хэн хаана хэдэн төгрөгөөр хэр хэмжээний валют авах гэж буй нь ил болно. Ингээд ирэхээр ам дамжсан яриагаар ханшийн өсөлт үүсэхгүй гэсэн үг.
-Доллараар зээл авсан аж ахуйн нэгжүүдийн байдал хэцүү байна. Үүнд танайхаас оролцож хөнгөлөлт эдлүүлэх боломж бий юу?
-Хоёр этгээд хоорондоо хийсэн гэрээ болохоор Монголбанк шууд оролцох боломжгүй. Хоорондоо зохицох хэрэгтэй.
-Эдийн засагт их хэмжээний мөнгө орж гарах нь валютын өсөлтөд нөлөөлж байгаа талаар ярих болсон. Энэ тухайд?
-Манай төлбөрийн тэнцэл 2013 оноос алдагдалтай явж ирсэн. 2013 онд 1.7 тэрбум байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Монголоос валют гараад байна гэсэн үг. Тэгж байтал 2016 оны эхний хагас жилд Монголд 750 сая ам.доллар орж ирсэн. 500 сая ам.доллар нь бонд хэлбэрээр 250 нь зээлээр орж ирсэн. Тэр нь зах зээлийнхээ жамаар явж байсан ханшийг доош нь татсан. Нөгөө мөнгө нь байхгүй болохоор эргээд үнэ нь өсч байна гэсэн үг.
-Монголбанк бодлогын хүүгээ нэмээд нэлээд хугацаа өнгөрлөө. Үүний үр дүн хэрхэн гарч байна вэ. Төгрөгийн ханшид хэрхэн нөлөөлөв?
-Тухайн үед монгол төгрөг дэлхийн 150 орны мөнгөн тэмдэгтээс хамгийн муу үзүүлэлттэй болчихлоо гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байсан. Энэ үед Монголбанкинд гурван сонголт байлаа. Эхнийнх нь ханшийг чөлөөтэй орхих. Тэр үед юу болох вэ гэдэг эрсдэл нь огцом савалгаа цааш явж эдийн засаг нурж унах эрсдэл үүсэхийг үгүйсгэх аргагүй байсан. Хоёр дахь сонголт нь валют нийлүүлэх тэр нь болохоор нөөц хязгаартай тул хэзээ хүртэл зогсоох вэ гэдэг нь асуудалтай байсан. Гурав дахь нь бодлогын хүүгээ нэмэх. Бодлогын хүүгээ нэмснээр валютын огцом савалгаа зогссон уу гэвэл зогссон. Бодлогын хүүг нэмсэн нь ханшийн өсөлтийг тогтмол барих зорилго байгаагүй. Тэр үеийн огцом савалгааг зогсоох явдал байсан. Мөн зах зээлд илүүдэл төгрөгийг банк хумих арга хэмжээ авсан. Үр дүнгээ ч өгсөн.