Б.МЯГМАРЖАВ
Манай улсын эдийн засагт ноёлоод буй ам.долларын ханш огцом өсч байгаа нь иргэдийн нуруун дээрх ачааг улам нэмэгдүүлж доллараар зээл авсан аж ахуйн нэгжүүд ёстой л нэг дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч нь болоод байгаа. Хэдийгээр Монголбанкнаас шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байгаа гэж буй ч өдөр ирэх бүр долларын хүүнд дарлагдсан бизнесмэнүүд компанийнхаа үйл ажиллагааг арай хийн үргэлжлүүлж ажилчдынхаа ажлын байрыг хадгалж үлдэх гэж хичээцгээж байна.
Энэ талаар болон ханшийн огцом хэлбэлзэл, түүнийг тогтворжуулах ямар арга замууд байгаа тухай МҮХАҮТ-ийн ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.
-Валютаар зээл авсан аж ахуйн нэгжүүдийн байдал хүнд байгааг хүн бүр л мэдэж байгаа. Гэсэн ч гарах гарцыг нь олохгүй өнөөг хүрлээ. Таны хувьд энэ байдлаас гарах боломжийг яаж харж байна вэ?
-Хуулиараа валютын зээлтэй иргэдэд ханшийн огцом өсөлтөөс үүдэн гарах эрсдэлийг төрийн зүгээс хариуцах учиртай. Гэтэл өнөөдөр хэн ч хариуцлага хүлээхгүй байна. Өнөөдөр валютын зээлтэй иргэд зээлийнхээ хүү болон үндсэн төлөлтийг хэд дахин нугалж төлж байгаа нь төрийн буруутай үйл ажиллагаанаас улбаатай. Судлаачид их сургуулийн институтууд дүгнэлт, анализ хийхгүй байна.
Эрх мэдэлтэй улстөрчдийн хийж байгаа үйлдлүүдийг ажиглах хэрэгтэй. Төгрөгийн ханш унахад хоёр зүйл нөлөөлсөн гэж үздэг. Нэгдүгээрт, өмнөх Ерөнхий сайд сонгуулийн өмнө хувьцаа гээд их хэмжээний мөнгө иргэдэд тараасан. Энэ нь долларын ханшийг өсгөхөд голлон нөлөөлсөн. 2013 оноос хойш төгрөгийн ханш 80 хувиар унасан. Макро түвшний бодлогууд ингээд алдаатай гараад байхад яагаад тэр улстөрчдөд хариуцлага тооцохгүй байна.
-Танхимын зүгээс уриалга гаргасан байсан. Энэ талаар?
-Арилжааны банкууд иргэн болон аж ахуйн нэгжүүдтэй гэрээ хийсэн байгаа. Энэ нөхцөл байдалтай уялдуулаад гэрээ хэлцлээ уян болгох хэрэгтэй. Хоёр талаасаа хүү, төлбөрийн асуудлаа ярилцах хэрэгтэй байна. Энэ хүндрэлтэй нөхцөлөөс гарах гарц нь бүх талын төлөөлөл байж гарна. Би гэрээний эрх чөлөө рүү халдах гээгүй. Хатуу гэрээгээ бариад компаниуд дампуураад арилжааны банк дампуурах юм бол хадгаламж эзэмшигчид ч дампуурна. Эцсийн дүнд гурвуулаа хохироод дуусна. Тиймээс аль алиндаа хохирол багатайгаар асуудлаас гаръя гэсэн уриалга гаргасан.
-Төвбанкны зүгээс хоорондоо хийсэн гэрээ болохоор гуравдагч этгээд оролцох эрхгүй гэж байгаа?
-Бидэнд 2009 оны туршлага бий. Тухайн үед Засгийн газар арилжааны банкуудад эрх өгөөд бүх хадгаламж эзэмшигчдийн даатгалыг гурван жил төр хариуцсан. Банкны хуулиар арилжааны банкуудад бизнес эрхлэх эрхийг нь өгсөн. Энэ үед Худалдаа хөгжлийн банкны Охин компани Эрдэнэт үйлдвэрийг авах эрх нээгдсэн. 2009 оны хямралаар нээсэн цонхоо хаагаагүй явсан нь өнөөгийн хүнд нөхцөлд хүргээд байна. 2017 оноос Чингис бондын хүү төлбөрийг төлж эхэлнэ. Энд бондоос зээл авсан аж ахуйн нэгжүүд өөрсдөө өрөө төлөх хэрэгтэй. Гэтэл тэдний өмнөөс татвар төлөгчдийн мөнгийг өгөх гээд байна. Улстөрчид, бизнесийн хүрээнийхэн Чингис бондын мөнгийг хувааж авсан байна билээ.
-Танайд харьяалагддаг аж ахуйн нэгжүүдийн хэд нь валютын зээлтэй байна вэ. Зээлийн талаар танайд хандсан компаниуд бий юу. Компаниуд валютын хэлбэлзэлд хэдэн төгрөгийн алдагдалд ороод байгаа бол?
-Болдхэт захирал байна. Гадаадад томилолттой яваа. Найман сая ам.доллар авчихаад 1.5 саяыг нь хүүтэй нь төлчихөөд байхад өнөөдөр 19 тэрбум төгрөгийн өртэй үлдэж байна.
Манай дээр 153 компани хүсэлт ирүүлсэн. Үүний 80 хүсэлт нь валютын ханшийн өөрчлөлтөөс болж гэрээний үүргээ биелүүлж чадахааргүй боллоо гэсэн байна. Тэгэхээр энэ асуудал гэрээ хэлцэл дээрээ очтол хурцдаад байна гэсэн үг. Валютын хэлбэлзэл 2009 онд 1300 төгрөг байсан ам.доллар 1760 төгрөг болж өсч байсан. Эргээд сарын дараа буусан. Гэхдээ тухайн үеийн ам.долларын өсөлтийг Төвбанк болон улс төрийн эрх мэдэлтнүүд тайлбарлаагүй өнгөрч байсан. Гол шалтгаан нь 2008 онд манай улс Зэсийнхээ баяжмалынхаа мөнгийг урьдчилаад авсан байсан. Гэтэл тухайн үед зэсийн үнэ хоёр дахин унасан. Үнэндээ бол төрийн том бодлогуудын сөрөг үр дагавар.
-Бизнес эрхлэгчид төр засгийн зүгээс юу хүсэн хүлээж байх юм?
-Төр засаг том өмчлөлийн худалдаагаа ил тод явуулах хэрэгтэй. Том өмчлөлийн асуудал нууц явагдсанаас өнөөдөр төгрөгийн ханш огцом унаад байна. Тэгэхээр энэ асуудалд анхаарах хэрэгтэй. Ирэх онд Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсантай тэнцэх өрийг Хөгжлийн банк төлнө. Энэ үед ханшид дахин савлагаа үүсэхийг үгүйсгэх аргагүй. Мөн шатахууны үнийг чөлөөлж чөлөөт зах зээл рүү тавибал том эрсдэл гарна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ. Мэргэжлийн судалгааны байгууллагуудын эдийн засгийн оролцоо сул байна. Сул байхаас ч аргагүй. Учир нь, энэ төрлийн мэдээллүүд ил биш байна. Тиймээс зарим эдийн засгийн мэдээллийг шинжээчид хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж хардаг. Дээр нь Засгийн газар, Монголбанкны авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд удаан байна. Үүнээс болж гадаад битгий хэл дотоодын хөрөнгө оруулагчид бизнесээ төлөвлөж чадахгүй хүнд нөхцөлд байна. Тиймээс Засгийн газар, Монголбанк зах зээлд нөлөөлөх оновчтой шийдвэр, арга хэмжээ авах хэрэгтэй.