Т.ЖАНЦАН
Хөдөө аж ахуйн их сургуулийн дэрэгдэх “Инноваци, бизнес хөгжлийн төв”-ийн захирал, доктор, дэд порфессор, Монгол Улсын зөвлөх инженер Б.Мөнхбаттай Монгол оронд нүүрлээд байгаа цөлжилтийн талаар тодрууллаа. Тус төв сургуулийнхаа харьяа эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн багш, судлаач, эрдэмтдийн гаргасан шинэ технологи, туршилтын ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг ажээ.
-Монгол нутагт цөлжих аюул нүүрлэсэн тухай их ярих болсон. Хэдэн хувь нь цөлжсөн талаар та бүхэн судалгаа хийсэн үү?
-Монгол Улс 1.5 сая ам км газар нутагтай. 1.3 сая га газрыг нь 60 гаруй жил газар тариаланд ашиглаж байна. Үүний 700 мянган га талбайг тариаланд байнга ашиглаж буй юм. Хөндөөд орхисон 600 гаруй мянган га талбай бий. Монгол орны цөлжилт бол бэлчээрийн доройтол, газар тариалан, уул уурхайгаас үүдэлтэй. Эрдэмтэд монголын газар нутгийн хэдэн хувь нь цөлжиж байгаа талаар олон тоо баримт хэлдэг. Тухайлбал, нийт газар нутгийн 90, 80 хувь цөлжсөн гэдэг ч баттай судалгаа тоо баримт одоогоор алга. Гэвч нийт нутаг дэвсгэрийн 60 гаруй хувь нь цөлжилтийн шинж төлөвт орсон, зарим газарт ургамал ургахаа больсон юм.
Монгол орны нутаг дэвсгэрт хонин толгойд шилжүүлснээр 50 орчим сая мал бэлчих даацтай. Гэтэл өнөөдөр хонин толгойд шилжүүлснээр 80 сая толгой малтай боллоо. Энэ нь бэлчээр доройтож цөлжилт үүсэхийн нэг гол шалтгаан юм. Таван хошуу малаас бэлчээрийг хамгийн их сүйтгэдэг нь ямаа. Гэтэл нийт малын 50 гаруй хувийг ямаа эзэлж байна. Газар тариаланд хөрсийг эргүүлж хагалж байсан.
Сүүлийн үед технологийн дэвшил гарч аль болох хөрсийг бага хөндөхийг эрмэлзэж байгаа юм. Гэвч манай газар тариаланд хэрэглэж байгаа машин тоног төхөөрөмж, технологи нэгдсэн бодлого чиглэлтэй болоогүй учраас их түвэгтэй. Манай орны хөрс эмзэг, маш амархан элэгдэл эвдрэлд ордог гэдгийг газар тариалангийн үйлдвэрлэлээс харж болно. Өөрөөр хэлбэл бид монголын хөрс шороонд 30 удаа л тариа тарьсан. Тэгэхэд л цөлжилтийн шинж тэмдэгт ороод байна. Монголд газар тариалан эрчимтэй хөгжөөд 60 жил өнгөрсөн. Тэгээд нэг жил нь уринш хийж зарим талбайгаа өнжөөдөг юм. Тэгвэл зарим улс оронд 200, 300 жил тариа буудай тарьсан байдаг. Иймээс малын тоо толгойг цөөлөх, газар тариалангийн тогтолцоо системийг өөрчлөх хэрэгтэй. Жил бүр буурцагт ургамал тарьж байвал хөрс салхинд хийсэхгүй, эргээд бордоо болдог давуу талтай. Хөрс цөлжих нэг үндэс нь уул уурхай дуусаагүй үйлдвэрлэл гэж олон жил ашигладаг. Эрдэс баялгаа олборлож дуусаад техникийн нөхөн сэргээлт хийнэ. Үүний технологийг хянах шаардлага бий. Ухсан нүхээ шороогоор дүүргээд орхих нь өөр хэрэг. Тэр шороогоо шимт хөрсөөр хучаад ургамал, амьтны аймгийг нь бүрдүүлэх ёстой. Монгол орны хөрс бол маш эмзэг. Иймд илүү их арчилгаа шаардлагатай юм.
-Алтны шороон ордын нөөц дуусч нөхөн сэргээлт хийж байна гэдэг. Тэд нөхөн сэргээлтийг хэр чанартай хийж байгаа вэ?
-Манай Хөдөө аж ахуйн их сургуулийн инноваци, бизнес хөгжлийн төв, Германд төвтэй дэлхийн академчидын холбоо, Монгол академчидын холбоо, Орон нутгийн тогтвортой хөгжлийн холбоод хамтарч говь хээрийн бүс, хангайн бүст тус бүр нэг талбай сонгоод нөхөн сэргээлтийн сургагч багш бэлтгэх төсөл хэрэгжүүлсэн. Энэ үеэр ажиглаж байхад нөхөн сэргээлт хийх нь янз бүр байна. Тухайлбал, говийн бүст нөхөн сэргээлт хийхэд нөхцөл нь асар хүнд байгаа. тэнд ургамал ургуулна, нөхөн сэргээлт хийнэ гэдэг түвэгтэй. Хангайн бүст хур бороо элбэг тул шимт хөрсөөр хучаад ургамал тарихад сайн ургасан. Хамгийн гол нь ямар технологи сонгох, ямар ургамал тарих зэргээс ихээхэн шалтгаална. Энэ онд бид дээрх төслийн хүрээнд уул уурхайн 30 компанийн ажилтныг нөхөн сэргээлтийн сургагч багш болгон бэлтгэлээ. Монголд биологийн нөхөн сэргээлтийг ном ёсоор нь хийдэг компани цөөхөн. Оюу толгой, “Монполимет” компанийн Заамарын Тосонгийн алтны уурхай зэрэг томоохон төсөл нөхөн сэргээлтийг сайн хийж байгаа.
-Та монгол орны хөрс маш эмзэг гэлээ. Тэгэхээр ямар төрлийн ургамал нөхөн сэргээлтэд таривал илүү ургаж байна. Ургамал үржүүлгийн ажлыг манай улсад хэр хийдэг вэ?
-Говь, хангайн бүсийн ургамлын бүтэц өөр. Тухайн газар орны нөхцөл байдалд тохирсон ургамал тарих ёстой. Өмнөговь аймгийн Ханбогд суманд сухай, заг, шаваг их сайн ургадаг. Хангайд нөхөн сэргээлт хийхэд мод таривал илүү ургадаг. Манай сургуулийн дэргэд Япон, Монголын хамтарсан “Эко системийн судалгааны төв”-д бэлчээр, зэрлэг ургамал судалж байна. Мөн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Хөдөө аж ахуйн сургуулийн харьяа Агро биологийн сургууль, Дарханы ургамал, газар тариалангийн хүрээлэн Монгол орны байгаль экологийн судалгааг сайн хийж байгаа. Тэгээд нөхөн сэргээлтэд ашиглах ургамлын үрийг тухайн газар нутгаас түүж ашиглах болсон. Үүнээс гадна үр үржүүлгийн газрууд ч бий. Жишээ нь Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн олон наст ургамлын үр үржүүлж эхэлсэн. Мөн шинэ сорт гаргалаа. Одоохондоо говийн ургамал үржүүлж буй газар алга. Гэхдээ Ханбогд суманд говийн ургамлын үр үржүүлгийн туршилт хийж байгаа юм билээ. Ер нь говьд мод ургуулах, ургамал тарихад таримал ургамлын идэвхит бодисууд, ус чийг тогтоон барьдаг бодис материал ашиглах ёстой. Түүнээс биш байгальд найдаж хөрсөнд үр булаад орхих юм бол ургахгүй. Нөхөн сэргээлт хийнэ гэдэг нь маш сайн арчилгаа тордолгоо шаардсан ажил.
-Монгол орны газар нутгийн 60-аас дээш хувьд нь цөлжилт нүүрлэсэн гэлээ. Тэгэхээр үүнтэй тэмцэх ажил хэр хийж байна вэ?
-Нэгдсэн бодлого хөтөлбөр байгаа эсэхийг мэдэхгүй. Судлаач, эрдэмтэд тус тусдаа өөрийн чадлын хэрээр ажиллаж байна.
-Танай төв био нүүрс гарган авсан. Үүнийг үйлдвэрлэлд нэврүүлсэн үү?
-Агаарт цацагдах байсан хар утааг хатуу байдалд оруулж гарган авсан түлш гэж хэлж болно. Үүнийг цөлжилтийн эсрэг ашиглаж болно. хөрсний үржил шимийг сайжруулах, ус чийг тогтоон барих давуу талтай бүтээгдэхүүн. Энэ био нүүрсийг түлж болно. Мөн эмчилгээнд хэрэглэнэ. Мод тарихад ашиглана. Бордоо хийнэ. Бас бүх төрлийн шүүлтүүрт ашиглах боломжтой. Манай төв уг нүүрсийг туршилтын журмаар гарган авлаа. Үйлдвэрлэлд нэвтрүүлэх бэлтгэл ажил хийж байна. Одоо бага хэмжээгээр жилд 30 орчим тонныг үйлдвэрлэж байгаа. Био нүүрс хэдийгээр утаа гардаггүй ч өндөр технологиор үнэтэй гардаг тул түлшинд хэрэглэхэд зохимжгүй. Тансаг хэрэглээнд зохицолтой. Тухайлбал, шорлог хийх, камен зууханд ашиглаж болно. Карбоны найрлагаас хамаарч нэг кг-ынх нь үнэ янз бүр. Нэг кг био нүүрсний үнэ дэлхийн зах зээлд 20 центээс долоон ам.долларын үнэтэй байна.
-Энэ нүүрсийг ямар түүхий эдээр хийдэг вэ?
-Модны үртэс, сүрэл, самрын яс, боргоцой, модны холтос, малын өтөг бууц зэрэг хөдөө аж ахуйн болон органик хаягдал боловсруулж гарган авдаг. Эдгээр түүхий эдийг агааргүй орчинд халааж гарган авч байна.