Монгол Улсын гавьяат тамирчин, олимп болон ДАШТ-ий мөнгөн медальт Нямбаярын Төгсцогт мэргэжлийн боксын рингэн дэх ээлжит тулаанаа 12 дугаар сарын 8-нд АНУ-ын Калифорни мужийн Коста Меса хотын Orange County Fair цогцолборт хийнэ.
“Мэргэжлийн боксын рингэнд “босоо” яваа төдийгүй өрсөлдөгч болгоноо КО буюу нокаутаар ялаад байгаа “KING TUG”-ийн энэ удаагийн өрсөлдөгч нь Мексикийн боксчин Герман Мераз. Манай тамирчнаас 10 жилийн өмнө буюу 2005 оноос мэргэжлийн боксын рингэнд гарч эхэлсэн Мераз энэ жил 30 настай бөгөөд баруун өрөлттэй , нийт 95 тулаан хийснээс 55 ялж (32 KO), 39 ялагдан (7 KO), нэг тэнцсэн үзүүлэлттэй. Мексик боксчинг энэ үзүүлэлт нь түүнийг асар туршлагатай, бас WBO Latino , WBC Contenintal Americas, NABF зэрэг холбооны аваргын цолын төлөө тулалдсан хатуу самар болох нь харагдаж байна. Энэ удаагийн тулаан 8 раунд үргэлжилнэ. Тасалбарын үнэ 60, 65, 80 ам.доллар бөгөөд 65, 80 долларынх нь хэдийнээ зарагдаад дууссан” хэмээн “Таван цагариг”-ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин мэдээллээ.
Н.Төгсцогтын хувьд 2015 оны гуравдугаар сард мэргэжлийн рингэнд анх гарснаасаа хойш зургаан тулаан хийж, бүх өрсөлдөгчөө нокаутаар ялсан юм.
http://montsame.mn