Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Цөм хөтөлбөр” хэрэгждэгээрээ хэрэгжинэ. Гэхдээ...

А.АКЭРКЭ

Сургуулийн өмнөх боловсрол олгох цэцэрлэгүүд болон ЕБС-иудад “Цөм хөтөлбөр” хэрэгжиж буй. Сургах гэдэг ухагдахууныг суралцах гэдгээр сольсон Цөм хөтөлбөрийн үр дүн сайн байсан учраас энэ хичээлийн жилээс ахлах ангиудад хэрэгжүүлж буй. Ахлах ангийн сурагч өөрийн хүсэл сонирхолдоо нийцүүлж, ирээдүйн мэргэжлийн чиг баримжааг тодорхойлох, тэр тусмаа бие даан шийдвэр гаргах чадвартай, шийдвэрийнхээ өмнө хариуцлага хүлээдэг болгох үүднээс ийн сонголт хийх боломж олгосон гэдэг. Гэвч  хэрэгжиж эхэлсэн цагаасаа хойш багагүй асуудалтай тулгарсныг нуух юун. Тухайлбал, эцэг эхчүүд хүүхдийнхээ өмнөөс сонголт хийх, хүүхдүүд найз нөхдөө дагаж хичээл сонголтоо өөрчлөх хандлага ажиглагдаж байв. Түүнчлэн хүүхдийн сонголтоор үүсэх бүлгийн тоо ихсэх хандлагатай байснаас гадна байгалийн ухааны хичээлүүд болон хими, физик, газарзүй, мэдээллийн технологийн хичээлүүдийн сонголт цөөн байсан нь тухайн мэргэжлийн багш нар илүүдэх хандлагыг бий болгосон хэрэг. Ямартай ч сургууль бүр өөрийн онцлог нөөц бололцоондоо тулгуурлан менежмент хийж, шийдэх эрх өгсөн учраас сурагчдын сонголтыг хүндэтгэхэд анхаарч боломжит бүхий л арга замыг эрэлхийлэн шийдвэрлэсээр өнөөг хүрсэн.

Энэ хөтөлбөрийн талаар “Цөм хөтөлбөрийг гаргахдаа гурван зүйлд онцгой анхаарсан. Шинийг сэтгэгч, эрэлхийлэгч, цоо шинэ нийгмийг бүтээж чадах хүнийг бий болгох нь гол зорилго юм” гэж БСШУ-ы сайд асан Л.Гантөмөр тодотгож байсан. Харамсалтай нь, уг хөтөлбөрийг БСШУС-ын сайд Ж.Батсуурь зогсоосон гэх мэдээлэл цахим ертөнцөөр хэсүүчилж, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын багш нарыг шоконд оруулж байна.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд нийтдээ 27 мянга орчим багш энэ хөтөлбөрийг, сургалтыг ойлгох гэж жилд 1-2 удаагийн сургалтад сууж, багагүй цаг хугацаа зарцуулсан учраас ингэж шоконд орохоос ч аргагүй. Бас ч чамгүй их мөнгө энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зарцуулагдсан билээ.  
Дээрх мэдээлэлтэй зэрэгцээд Английн Кембриж сургалтын хөтөлбөр оруулж ирэх гэж байгаа гэх мэдээлэл ч чих дэлсэнэ. БСШУС-ын сайд болсон даруйдаа Ж.Батсуурь хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Шинэчлэл гээд 12 жилийн тогтолцоонд шилжлээ. Ийм ч стандарт, тийм ч “Цөм”, “Авьяас” хөтөлбөр гээд янз янзын чамин нэр зүүгээд тэр нь иргэдэд өөр өөр ойлголт төрүүлэх болсон. “Цөм” гэдэг нь юу ч гэсэн үг юм. 10, 11, 12 дугаар ангид хичээл сонгоно ч гэх шиг. Сонгоогүй хичээлээ яах билээ. Багш нар түрүүчээсээ өргөдлөө бариад ирж байх жишээтэй. Манай сургуульд миний зааж байсан хичээлийг байхгүй болгочихлоо гэж байна. Ийм байж болохгүй. Заавал судлах хичээлийг сурах бичгийн хүрээнд үзэж дуусгана, бүх цагийнхаа тав, арван хувьд нь нэг хоёр хичээлийг гүнзгийрүүлж үзэж болох юм. Монгол Улсын хэмжээнд бүрэн дунд боловсрол олгож байгаа бүх сургууль яг ижил түвшинд боловсрол олгох үүрэгтэй. Бүх хичээл сурах бичигтэй байх ёстой. Сурах бичгийн агуулгыг дур зоргоороо өөрчлөх асуудал сүүлийн жилүүдэд маш их ноёрхсон байна. “Цөм” хөтөлбөрийг гаргасан Боловсролын хүрээлэнгийнхэн, яамныхан гээд албан тушаалтнуудтай уулзсан. Хөтөлбөрөө мэдэж байгаа хүн алга” хэмээн ярьсан удаатай. Ийн ярьсан яриа нь түүнийг “Цөм хөтөлбөр”-ийг үгүй хийж, өөр хөтөлбөр хэрэгжүүлэх нь гэх хардлагыг нийгэмд бий болгосон. Түүгээр ч барахгүй одоогийн БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаярыг 2008-2012 онд сайдаар ажиллаж байхдаа нэвтрүүлсэн “Кембрижийн стандарт”-ыг үргэлжлүүлж магадгүй гэцгээж байсан юм. Гэвч тэрээр үүнд ч  мөн хариулт өгсөн. 
““Кембрижийн стандарт” өртөг өндөртэй. Монгол Улсын 330 суманд байгаа ерөнхий боловсролын сургуулиуд адил түвшинд сургалтын үйл ажиллагаа явуулах ёстой. Бүх сургуулиа Кембрижийн стандарттай болгоё гэвэл зуу, зуун жил шаардлагатай байх” хэмээн ярьсан нь бий. Энэ мэтээр хэрэгжүүлсэн, хэрэгжсэн хөтөлбөрүүдийг таашаахгүй байгаа сайд шинэ хөтөлбөр, тэр дундаа Английн Кембриж хөтөлбөр оруулж ирнэ гэдэг нь юу л бол.

Харин түүний өгч буй мэдээлэл, мессэжүүд олон хүний дургүйцлийг хүргэж байна. Хамгийн сүүлд гэхэд “Цөм” хөтөлбөрийн хэрэгжилтийн багийн менежер, багш Д.Цэцэгмаа “Салбарын сайд Цөм хөтөлбөрийн хэрэгжилтийг  өнгөцхөн дүгнэж байгаад сэтгэл дундуур байна. Энэ дөрвөн жилийн хугацаанд дэлхийн  шилдэг 100 их сургуульд монгол элсэгчдийн тоо жилдээ 10 гаруйхан байсан бол одоо 300-400 болж, Засгийн газар зардлыг нь гаргаж чадахгүй байна. Топ 10 сургуулийн нэгд сумын сургуулийн хүүхэд ч тэнцсэн. Энэ хүүхдийг Монголын сумын сургуулийн багш л бэлдсэн. Сурах арга барилыг нь зөв олгочихвол хүүхэд өөрийнхөө сонирхсон мэдээллийг мэдээллийн нээлттэй системээс  олж авч,  өөрийгөө хөгжүүлж, бэлтгэж болдог юм байна гэдгийг энэ  баримт харуулж байна. Батсуурь сайдыг  мэдээллээр хангах бүхэл бүтэн яамны аппарат, мэргэжлийн байгууллагууд ч бий. Тэд үнэн зөв мэдээллээр сайдаа хангах үүрэгтэй.  Сайд ч өөрөө энэ талаар судалж байгаа байх. Цөм хөтөлбөрийг боловсруулсан үндэсний 800 гаруй эрдэмтэн судлаачид багш нар түүнийг туршин хэрэгжүүлэхэд манлайлан оролцсон лабора­тор 41 сургуулийн  удирдлага хамт олон урам зоригтой хэрэгжүүлж байгаа 27 мянган багшийн ажлыг үгүйсгэсэн хандлагатай ярилцлага нийтлэлүүд хэд хэдэн удаа сайдын зүгээс хийж байгаад харамсч байна” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Эдгээр асуудалтай холбогдуулан БСШУСЯ-наас  ямар нэгэн хариу өгөхгүй байгаад багш нар төдийгүй эцэг, эхчүүд ч гайхаж сууна. Тиймээс холбогдох мэргэжилтнээс нь тодруулахад “Цөм хөтөлбөр”-ийг зогсоосон зүйл байхгүй. Харин засч, сайжруулах зүйлс бий. Тиймээс цаашид хэвийн үргэлжилнэ. Энэ талаар удах­гүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Албан ёсоор Цөм хөтөл­бөрийн хэрэгжилтийг зог­­соо­­гоогүй гэдгийг мэдэгдье. Сайд солигдлоо гээд бүгдийг шинэчилж сольж өөр хөтөл­бөр хэрэгжүүлнэ гэж байхгүй. Тэгээд ч хөтөлбөр гэдэг чинь хэн нэгний өмч биш. Сур­гал­­тын хөтөлбөр гэдэг бол дэлхий дахинаа нэг стан­дартаар мөрдөж байгаа шинж­­­лэх ухааны үндэслэлтэй зүйл. Хэн нэгэн сайд, дарга гарч ирээд шинээр зохиож эс­вэл өөрчилдөг зүйл биш” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан