Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Батсайхан: Ноосноос ноолуур ялган авч ээрмэл үйлдвэрлэж эхэлсэн

Т.ЖАНЦАН

ШУТИС-ийн Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн шинжлэх ухааны доктор, эрдэм шинжилгээний ахлах ажилтан А.Батсайханаас ноосны үйлдвэрлэл, шинэ технологийн талаар тодруулсан юм.

-Монгол мал аж ахуйн орон. Тэр дундаа хонь тоо толгойгоор илүү. Жилд хэдий хэмжээний ноос бэлтгэж байна. Танай хүрээлэнгийн дэргэдэх үйлдвэр хэчнээн тонноос ашиглаж байгаа вэ?
-Монгол Улсын хэмжээнд жилд 18-20 мянган тонн ноос бэлтгэдэг. Манай хүрээлэн жилд 5000 тонн ноосны хялгасыг ялгаж сүлжмэлийн зориулалттай ээрмэл нарийн нийлмэл системт технологиор үйлдвэрлэж байна. Энэ нь манай улсад ноос боловсруулж шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн гаргаж авсан явдал юм. Уг ноосон сүлжмэл бүтээгдэхүүний онцлог нь  эрүүл мэнд, спортын зориулалттай. Шийдлийг нь гаргахдаа хүний биеийн физиологийн үзүүлэлт, эрүүл ахуйн норм хэмжээг харгалзан үзсэн. Үүнээс гадна цаг агаарын таагүй нөхцөлд тохиромжтой, хөдөлгөөнд саад болохгүй. Жишээ нь хөдөлгөөн ихтэй онцгой байдал, цэрэг, цагдаа, аялал жуулчлалаар явдаг хүмүүс өмсөхөд тохиромжтой. Тэгээд бэртэл гэмтэл, даарч хөрөхөөс хамгаална. Ялангуяа хүйтний улиралд хүний нимгэн арьстай хэсэг амархан дулаанаа алдаж, даардаг. Энэ технологиор хийсэн ноосон утастай хувцас хүйтнээс хамгаалж хүний биеийн дулааныг хэвийн барьж чадна. Мөн орчин үеийн залуучуудын сонирходог загварын чиг хандлагыг тусгасан хувцас хийсэн.

-Нэг хэсэг ноос үнэгүйдэж хог болж байсан. Тэгвэл өнөөдөр нэг кг ноосыг хэдэн төгрөгөөр авч байгаа вэ?
-Ноос бол алт. Дахин сэргээгддэг үнэт баялаг,  экологийн гаралтай түүхий эд. Өнөөдөр ноосыг бүрэн боловсруулж олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон. Ноосноос хаягдал гардаггүй. Хаягдлыг нь ашиглаж барилгын дулаалгын материал, эсгий  үйлдвэрлэж байна. Олон улсад 30 микроноос доош ноос, ноолууран бүтээгдэхүүн хүний биед эвтэйхэн, тааламжтай мэдрэмж төрүүлж ая тухтай байлгадаг гэж үздэг. Бид шинэ технологи нэвтрүүлснээр ноосноос микрон бага ноолуур ялган авч ээрмэл  утас үйлдвэрлэх болсон юм. Өнөөдөр нэг кг ноос 2000 төгрөгөөс дээш үнэтэй байгаа. Угаасан ноос нэг кг нь 5-10 мянган төгрөг. Хялгасыг нь ялган авсан ноосыг 20 мянган төгрөгөөр борлуулдаг. Үүнийг ээрэхээр бас өртөг шингэж байгаа тул ноосон утас илүү үнэтэй болно. Ер нь дамжлага тус бүрт 20-30 хувийн зардал нэмэгдээд явдаг юм.

-Тэгэхээр хэдэн шат дамжлагаар ноолуур ялган авч байна. Нэг кг ноосноос хэдий хэмжээний ноолуур гардаг вэ?
-Монгол хонины нэг кг ноосыг угаахад 50 хувь нь цэвэр ноос байдаг. Тэгээд хялгас ялгах дамжлагаар орно. Үүнээс 20-30 хувь нь ноолуурлаг бүтээгдэхүүн болж гарч ирж байгаа. Түүхий эд ямар зах зээлд зориулав гэдгээс шалтгаалж ноосоор маш олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж болно.

-Манай улсын түүхий эд бэлтгэлийн систем ямар түвшинд байна. Үйлдвэрүүд түүхий эдээ хэрхэн татан авч байгаа бол?
-Нэг үеэ бодвол түүхий эд бэлтгэлийн сис­­тем сайжирсан. Тухайлбал, Хөдөө аж ахуйн биржтэй болсон. Энэ бирж хор­шоо­доор дамжуулж аймаг, суманд байгаа мэр­гэжилтнүүдээр дамжуулж түүхий эдийг татан авч байна. Иймд ноос гадагшаа гарахаа больсон.

-Өнөөдөр үйлдвэрлэгчдэд тулгамдсан ямар асуудал байна гэж та харж байна вэ?
-Санхүү, эргэлтийн хөрөнгө дээр л үйлдвэрлэгчид гацдаг. Энэ талын дэмжлэг л төр засгаас хүсдэг юм. Бусдыг нь өөрсдөө хийж чаддаг болсон. Төрөөс хөнгөлөлттэй зээл олгож л байгаа. Гэвч хүрэлцээ муу байна. Эдийн засаг хямарч байгаа хэдий ч жижиг дунд үйлдвэрлэгч нарт олгох зээлийг үргэлжлүүлж бодлогоор дэмжих л хэрэгтэй. 

-Эдийн засгийн хямрал гээд хаа сайгүй хүндхэн байна. Борлуулалт, зах зээлийн асуудлаа үйлдвэрлэгчид хэрхэн шийдэж байгаа бол?
-Гадаад, дотоодын зах зээлээ эхлээд сайн судлах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, энэ зах зээлд хэн юу хүсч байна, ямар стандартын шаардлага хангасан түүхий эд бүтээгдэхүүн сонирхов тэр бүгдийг тодорхойлох нь чухал. Ингэж чадвал эдийн засаг хэчнээн хямралтай байсан ч борлуулалт зовлонгүй байдаг. Товчхондоо хэрэглэгч юу хүсч байна түүнийг л хангах хэрэгтэй юм.

-Манай хөнгөн үйлдвэрийнхэн гадаад зах зээлд бараа бүтээгдэхүүнээ хэр их борлуулж чадаж байгаа вэ?
-Сүүлийн үед томоохон үйлдвэр, жижиг дунд үйлдвэрлэгчид олон оронд бүтээгдэхүүнээ борлуулах болсон. Хамгийн сүүлийн мэдээгээр “Эрдэнэт хивс” компани 19 оронд бүтээгдэхүүнээ экспортолж байгаа. Ноолууран бүтээгдэхүүний томоохон үйлдвэрүүд бараг 100 оронд бүтээгдэхүүнээ борлуулдаг. Дэлхий хэмжээнд жилд 148 сая ам метр  хивс үйлдвэрлэдэг. Үүний таван хувь нь л цэвэр ноос. Гэтэл ноос бол хүний бие эрүүл мэндэд олон талын ач холбогдолтой. Жишээ нь биеийг эрүүлжүүлдэг, хөлсийг шингээж гадагшлуулдаг, биед байгаа хорыг шингээж авдаг, дулаанаа сайн хадгалдаг гээд олон талын ашигтай.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан