Ж.ЖАМУХА
Гэр хорооллын айл өрхүүдийг 100 хувь орон сууцжуулах боломж байгаа эсэх талаар “Гэр хорооллыг шинэчлэн зохион байгуулахад төрийн болон олон улсын байгууллага, хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Монгол Улсад суугаа АНУ-ын Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны албаны дарга Жон МакДаниел, БНХАУ-ын Хөгжлийн банкны хамтын ажиллагааны дарга Чен Мао Хэ болон холбогдох албаны хүмүүс оролцож санал солилцлоо. Засаг даргын орлогч П.Баярхүү “Бид иргэддээ чирэгдэл бага, хямд өртөг бүхий эрэлтэд нийцсэн зөв зохион байгуулалттай дахин төлөвлөлтийн арга, туршлагуудыг нэвтрүүлэхээр зорьж байна. Өнөөдрийн хэлэлцүүлэгт салбарын сайд, нийслэлийн удирдлагууд, иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, хувийн хэвшлийнхэн оролцож байгаа нь асуудлыг олон талаас авч үзэх, санал солилцох сайхан боломж олдлоо. Бид бодлогоо нэгтгэж, нэг нэгнээ дэмжих байдлаар хамтран ажиллаж нь чухал” гэв.
Харин Азийн хөгжлийн банкны Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн төслийн зохицуулагч Д.Авирмэд “Эхний ээлжинд Баянхошуу, Сэлбэ дэд төвийг хийхээр ажиллаж байна. Иргэдийн оролцоотойгоор газар шинэчлэн зохион байгуулж, шинэ дэд төв бий болгох ажлыг эхлүүлээд байна. Төслийн хувьд Баянхошуу дэд төвд нийт 152 га газарт шинээр төлөвлөлт хийж, орчин үеийн шийдэл бүхий инженерийн байгууламж бий болгохоор ажиллаж байна” гэв. Хэлэлцүүлэгт оролцогчид тулгамдаж буй асуудлуудаас хамтдаа гарах санаачилга дэвшүүлээд мөн хувийн хэвшлийнхэн шинэ гарц, боломжуудын талаар албаны хүмүүст танилцуулсан юм.
Уг хэлэлцүүлгийг нийслэлийн Гэр хорооллын дэд бүтцийн газар, Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөртэй хамтран зохион байгуулснаараа онцлог байв. Хэлэлцүүлгийн үеэр төр, хувийн хэвшлийн хамтран боловсруулсан “Хямралаас хамтдаа хөтөлбөр” (ХХХ)-г танилцуулсан юм. Уг хөтөлбөр нь гэр хорооллын дахин төлөвлөлтийг шинэлэг байдлаар хөгжүүлэх боломжтойг оролцогчид онцолж байв. Өдгөө баригдаж буй буй 80 гаруй мянган орон сууцнаас 35 мянга нь дууссан ч 20 мянгыг нь улсын комисс хүлээн аваад байна. Манай улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкууд бүх салбарт 11 их наяд төгрөгийн зээл олгосноос 2 их наяд нь “чанаргүй” гэх ангилалд багтаж байгааг онцолж байв. Харин чанаргүй зээлийн дийлэнхийг барилгын компаниудын өр, зээл эзэлж байгааг НИТХ-ын төлөөлөгч Ч.Гантулга “Смарт микро сити” илтгэлдээ дурдсан юм. Тэрбээр, “ХХХ-ын хүрээнд гэр хорооллын өрхүүдийг зах зээлд борлогдоогүй байгаа 20 мянга гаруй орон сууцанд оруулж, урьдчилгаа төлбөрт газрыг нь авах байдлаар шийдэх боломжтой. Газар авсан барилгын компаниуд тухайн газраа борлуулах эсвэл шинэ орон сууц барих зэргээр дараа дараагийн айлуудын газраар солих байдлаар үйл ажиллагаа явуулж, банкны өрөө дарах боломжтой. Үүнийг хэрэгжүүлэхэд арилжааны банкуудаас санхүүгийн, төрөөс бодлогын дэмжлэг үзүүлэх хэрэгтэй” гэсэн юм.
Мөн тэрээр “Гэр хорооллын айл өрхүүдийг ийм байдлаар орон сууцжуулах нь дэд бүтэцжүүлэхээс хугацааны хувьд хурдан, илүү үр ашигтайн дээр айл өрхүүдийг хэсэгчлэн орон сууцжуулж улмаар үлдсэн газарт нь дагуул хот байгуулах боломжтой” гээд сул үлдсэн газрын дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж, 100 мянган айлын амины орон сууц бүхий хороолол байгуулахаар төлөвлөж байгаа гэв. Үүний тулд олон улсын томоохон их сургуулиудын хот төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, судлаачдаас зөвлөгөө авч ажиллах нь илүү үр дүнтэйг онцолж байв. Мөн амины орон сууцны хороололд байр авах хүсэлтэй иргэдийг ипотекийн зээлд хамруулах боломж бүрдүүлэх чиглэлээр ажиллавал оновчтой хэмээж байв. Дээрх хөтөлбөрийг бүрэн дүүрэн хэрэгжүүлсэн тохиолдолд нийслэлийн агаарын бохирдлыг 80 хувь хүртэл бууруулах боломжтой аж.
Харин Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг “Төрөөс дээрх хөтөлбөрийг судлан, хэрэгжүүлэх боломжоор хангах аваас хувийн хэвшлийн байгууллагууд хамтран ажиллахад бэлэн байна. Ирээдүйдээ эрүүл, цэвэр хот үлдээхийн төлөө төр, хувийн хэвшил хамтран ажиллах нь хамгийн зөв гарц, шийдэл” гэлээ. Мөн Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр гэр хорооллын өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд нэн тэргүүнд дулаан болон эрчим хүчний дэд бүтэц бий болгох ёстойг онцолж байв.
Өнгөрсөн найман жилийн хугацаанд “Амгалан” дулааны станцаас өөр дэд бүтцийн ажил хийгдээгүй. Зам, талбайн уулзвар байгуулахад 200 сая ам.доллар зарцуулсан нь тийм ч үр ашигтай ажил болоогүйг дурдаад шүүмжлэлтэй хандаж байгаа хэлсэн юм. Тэрбээр дээрх хөрөнгийг гэр хорооллыг дэд бүтэцжүүлэхэд зарцуулсан бол агаар, хөрсний бохирдлыг шийдвэрлэхэд тодорхой нөлөө үзүүлэх боломжтойг байсан гэсэн юм. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх компаниудад дэмжлэг үзүүлэхийн тулд төрөөс нэн даруй дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж өгөхөөр төлөвлөж байгаа ба Азийн хөгжлийн банк болон бусад хөрөнгө оруулагчидтай уулзаж, ярилцаж байгаа гэв.