Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

10 жилийн хугацаанд 745.4 тэрбум төгрөг олгожээ


Б.БИЛГҮҮН

Монгол Улсад 60 мянга орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагийн 84.5 хувь нь жижиг дунд үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулдаг гэх статистик байгаа нь өнгөрсөн оны хамгийн тоо баримт байна. Энэ жижиг, дундад хамаарах бизнес эрхлэгчид нь ДНБ-ий 20 гаруй, экспортын 0.7 хувийг үйлдвэрлэж, эдийн засгийн идэвхтэй хүн амын 70 орчим хувь нь энэ салбарт ажилладаг байжээ. Харин өчигдөр УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны анхдугаар хуралдаан болж, салбар, салбарыг зохицуулж буй хуулийн төслийн талаар ярилцлаа. Хуралдаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга, Зээлийн батлан даалтын сангийн захирал Н.Батзогсох, Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын орлогч дарга М.Сарандаваа, Сангийн яамны Өрийн удирдлагын газрын дарга Н.Нарангэрэл нар оролцсон юм. Тэд жижиг дунд үйлдвэрийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцсан бөгөөд дэд хорооны гишүүд энэ салбартай холбоотой зарим хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзсэн юм.

Тухайлбал, 2014 оны зургадугаар сарын 6-ны өдөр баталсан Гаалийн албан татвараас Жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар оруулж байгаа тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлөх хугацаа ирэх сарын 31-ний өдрөөр дуусч байгаа юм байна. Тиймээс энэ хугацааг сунгах асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Ингэснээр цаашид хуулийн төсөлд өөрчлөлт оруулах боломж нээгдэж байгаа юм.
Хуралдаанд оролцсон салбарынхан Жижиг, дунд үйлдвэрийн нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулга:  
“Монгол Улсын бизнес регистрийн санд бүртгэлтэй 126.560 аж ахуйн нэгж байгаагаас 64.301 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдний 84.3 хувийг жижиг, дунд үйлдвэрийн салбарынхан эзэлж байгаа. Эдгээр жижиг, дунд үйлдвэрийн тоо 54.237 бөгөөд энэ салбарын хөдөлмөр эрхлэлт 766.911-д хүрээд байгаа нь нийт ажиллагсдын 69.3 хувийг эзэлж байна. Жижиг, дунд үйлдвэрийг 2014-2016 онд дэмжих хөтөлбөрийн хүрээнд зургаан зорилт 33 үйл ажиллагаа явуулсан.

Түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэлд архи согтууруулах ундааны үйлдвэрлэл, төлбөрт таавар, бооцоот тогтоом, эд мөнгөний хонжворт сугалаа, банк, банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа, даатгалын үйлчилгээ, ашигт малтмал эрх хайх, ашиглах зэрэг дөрвөн төрлийн чиглэлийн үйл ажиллагааг хамруулдаггүй. Монгол Улсын хэмжээнд 2006-2016 оны есдүгээр сарын 1-ний байдлаар 745.45 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон.

Сангийн яамны Өрийн удирдлагын газрын дарга Н.Нарангэрэл:
Энэ салбарт ХБНГУ-ын барааны I-IV, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, БНХАУ-ын Хөдөө, аж ахуйн бага оврын трактор худалдан авах, Япон улсын жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах хоёр үе шаттай зээлийн төсөл, Азийн хөгжлийн банкны аж үйлдвэрийн хөтөлбөр, хөдөө, аж ахуйн салбарыг хөгжүүлэх нийт 10 төсөл хэрэгжиж дууссан.

Харин өнөөдөр Азийн хөгжлийн банк, Япон улсаас хөдөө аж ахуй, ажлын байр бий болгох, экспортыг дэмжих, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах, чиглэлээр дөрвөн төсөл хэрэгжиж байгаа. Мөн ирэх оноос Япон улсаас 12 тэрбум иенийн санхүүжилттэй жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах зээлийн гурав дахь шат, Дэлхийн банкнаас 20 сая ам.долларын экспортыг дэмжих төслийг хэрэгжүүлэхээр болсон.

Монголын худалдаа, аж үйлдвэрийн танхимын орлогч дарга М.Сарандаваа:
Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд  “үндэсний үйлдвэрлэгч компани гэж юу вэ” гэсэн ойлголт байхгүй.  Мөн бичил бизнес ангилал тусгах саналтай байгаа. Мөн жижиг, дунд үйлдвэрийн зориулалттай тоног төхөөрөмжийг гааль болон НӨАТ-аас чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоолыг сунгах, орлогын албан татварын тухайн хуулийн шинэчилсэн найруулгад бүх салбарыг хамруулах, орон нутгийн бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчдийг бүсчилсэн байдлаар бодлогоор дэмжих, жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн үйл ажиллагааг бизнесийн зөвлөх үйлчилгээтэй холбох, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөр дамжуулан хүний нөөцийн асуудлыг бодлогоор дэмжих, үйлдвэрлэгчдийг дотоодын томоохон компаниудтай холбон борлуулалтыг нэмэгдүүлэх, ажлын байран дээрх шалгалт, тусгай зөвшөөрлийн асуудлыг багасгах зэрэг 13 саналтай байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан