ХААИС, БСШУЯ-тай хамтран зохион байгуулж буй “Даяаршлын эрин үеийн дээд боловсролын шинэчлэл – Сорилт, туршлага арга барил” сэдэвт дэлхийн их сургуулиудын захирлын олон улсын чуулга уулзалт өнөөдөр эхэллээ.
Энэхүү уулзалт нь энэ сарын 11 хүртэл үргэлжлэх бөгөөд 14 орны 30 гаруй их сургуулийн 60 орчим төлөөлөгч, түүний дотроос 16 захирал биечлэн оролцож, илтгэлээ хэлэлцүүлэхээр болсноороо онцлогтой. ХААИС-ийн Эрдэм шинжилгээ хариуцсан эрхлэгч, доктор Н. Баярсүхээс чуулга уулзалтын зарим зүйлийг тодрууллаа.
-Манай улсад анх удаа зохиогдож буй энэхүү уулзалтад дэлхийд алдартай их сургуулиудаас зочид ирж байгаа гэсэн. Тухайлбал, ямар орны төлөөлөгчид оролцож байгаа талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Бүс нутагтаа нэртэй Японы Токиогийн их сургууль, Солонгос улсдаа томоохонд тооцогддог хоёр, Австри улсын хоёр сургуулийн төлөөлөгч оролцох юм. Мөн Голланд, Швейцарь, Чех улсын их сургуулийн ректорууд оролцох болсноо мэдэгдсэн.
-Уулзалтаар ямар асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр төлөвлөснийг сонирхож болох уу?
-Орчин үеийн сургалтын бодлого, Инновац ба глобалчлал гэсэн хоёр сэдвийн дагуу болно. Нэгдүгээрт, дэлхийн их сургуулиудын шинэчлэл, хөгжлийн стратегид үнэтэй хувь нэмэр оруулах, хоёрдугаарт их сургуулиудын хамтын ажиллагаа, тогтвортой хөгжлийн гол түлхүүр болсон хүний нөөц, инновац, эрдэм мэдлэгт суурилсан сургалтыг боловсронгуй болгоход түлхэц өгөх талаар ярилцах юм. Мөн олон улсын хэмжээнд мөрдөгдөх “Даяаршлын эрин үе дэх их сургуулиудын үйл ажиллагааны тунхаг” бичгийг хэлэлцэн баталгаажуулахаар болсон.
-Манай улсын зүгээс ямар асуудлыг хөндөж тавихаар зэхэж байна вэ?
-Их, дээд сургуулиуд зөвхөн сургалтад суурилж оюутнаа бэлтгэдэг. Харин дэлхийн жишиг бол судалгаа шинжилгээнд тулгуурлаж ажилладаг. Тиймдээ ч эрдэм мэдлэгт нь ач холбогдол өгч, түүнээс гарсан сургалтын ажиллагаа, эрдэм шинжилгээний үр дүнг үйлдвэрлэлд ашиглах болж. Энэ нь цаашлаад бизнес болон өргөжин хөгжиж байна. Манай томоохон их сургуулиуд ийм маягаар хөгжих ёстой. Гэхдээ тэдний зэрэгт хүрэхэд олон тулгамдсан асуудал гарна. Энэ талаар санал бодлоо солилцох юм.
-Их сургуулиуд дэлхийн жишигт хүрэхийн тулд ямар асуудал тулгамдаж байна вэ?
-Нэгдүгээрт, зохион байгуулалтын асуудал байна. Хоёрдугаарт, мөнгөний асуудал бий. Энэ хоёр нь хамгийн гол асуудал нь. Үүнийг төр засгаас анхаарч хөрөнгө мөнгийг нь шийдэж өгөх шаардлагатай. Гуравдугаарт, сайн мэдлэгтэй, орчин үеийн арга барилтай багш нарыг бэлтгэн гаргах хэрэгтэй. Ингэж байж дэлхийтэй хөл нийлүүлэн алхаж чадна шүү дээ.
-Энэ удаагийн чуулга уулзалтын ач холболдол болон манай зүгээс хүлээж буй үр дүн нь юу байгаа бол?
-Манай улс энэ чуулга уулзалтаас их зүйл хүлээж байна. Токиогийн их сургууль гэх мэт дэлхийд томоохонд тооцогдох сургуулийн төлөөллөөс авахуулаад олон хүн ирнэ. Хөгжингүй орнуудын нэр нөлөө бүхий их сургуулийн удирдлагууд ирж буй нь манай арга хэмжээнд хэрхэн ач холбогдол өгч байгааг харуулж байна.
Эдгээр бүс нутагтаа амжилттай үйл ажиллагаа явуулж буй сургуулиудаас манай улсын их сургуулиуд хэрхэн эрчимжсэн, судалгаанд суурилсан оюутан бэлтгэх талаар туршлага судлах болно. Мөн дан ганц ХААИС гэхгүй бусад сургууль ч хөгжингүй орнуудын их сургуулийн системтэй танилцаад зогсохгүй оюутан, багш, эрдэмтдээ солилцох бөгөөд хамтарсан судалгаа шинжилгээний ажил хийх боломж бололцоо бүрдэх юм.
-Тунхаг бичиг баталгаажуулна гэсэн. Ямар утгатай бичиг байх вэ?
-Орон орны төлөөлөл ирээд олон асуудлыг хэлэлцээд явдаг. Гэтэл түүнээс нь үлдэх юм байхгүй бол харамсалтай шүү дээ. Нэгэнт л дэлхийн бүс нутгийг төлөөлсөн ректорууд манай оронд тулгамдсан бэрхшээлүүдээ хэлэлцэж шийдэх гэж байна. Тэгэхээр төр засгийнхаа болон төрийн бус байгууллагуудын дэмжлэгийг авахад энэ тунхаг бидэнд хэрэгтэй юм л лаа.