Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өөдөсхөн мөтрлөө агуу ертөнц


Б.СОНОР


Түүнийг сагсчин Шарав­жамц ийн то­дор­­хойлжээ. Тэр бол хүндийг өргөлтийн залуучуудын Азийн аварга, оюутны дэлхийн аварга М.Анхцэцэг. Долоохон хоногийн дотор болсон оюутны ДАШТ, залуучуудын Азийн АШТ-д түрүүлж, Монгол түмнээ баярлуулсан тэрээр өчигдөр орой эх орондоо ирлээ. Зардал олдоогүйн улмаас дээрх хоёр том тэмцээнд дасгалжуулагчгүй ганцаараа оролцон, залуучуудын Азийн аварга, оюутны дэлхийн аварга цол хүртсэн нь энэ. Сүүлийн тэмцээн болох Оюутны ДАШТ-ий үеэр тохойны бэртлээ сэдрээчихсэн учир гар нь сойлттой харагдана. Албаны хувцсаа өмсөөд, авсан медалиа зүүчихээд Нисэх буудлын хаалгаар нүүр дүүрэн инээд цацруулан гарч ирсэн түүнийг хүссэн амжилтдаа хүрчихээд эх орон руугаа яасан их тэмүүлээ бол хэмээн бодно.
Тэрээр нисэх буудлаас шууд эмнэлэг рүү явсан. “Гар маань нэлээд хөндүүрлэж байна. Өвчин намдаах эм уугаад л явж байгаа. Тэмцээн дууссаны орой нь нислэгтэй байсан болохоор Мексикийн эмнэлэгт рентген зураг авахуулаад “Яс нь зүгээр” гэнгүүт нь эх орон руугаа шууд буцсан. Одоохондоо яг ямар бэртэл авснаа мэдэхгүй л байна.  Одоо энд (Буянт-Ухаа олон улсын нисэх буудал)-ээс шууд эмнэлэг рүү явна” хэмээн ярьж байв. Ямартай ч бэртлээ эдгээх шаардлагатай учраас дараагийн тэмцээндээ явахгүй гэдгээ ч хэлсэн.

“Хоёр том тэмцээнд аваргалж, зургаан алтан медаль авсандаа баяртай байна. Дасгалжуулагчгүй, ганцаараа явах амаргүй байлаа. Багшийгаа их үгүйллээ. Заавар, зөвлөгөө, нөмөр нөөлгийг нь их санасан. Тэмцээнд ганцаараа явах шиг муухай зүйл байдаггүй юм байна. Өргөлтийн захиалгаа гүйцэтгэхээр дэвжээнд гарах мөчид Анхаа чадна аа“ гээд уухайлан дэмжихэд нь их эрч хүч, урам авдаг. Бусад орныхон “Дасгалжуулагчгүй оролцож байгаа юм уу” гээд намайг их гайхаж байна лээ. Ямартай ч зорьсондоо хүрлээ. Тэмцээний үеэр багштайгаа үргэлж холбоотой байсан. Багш маань намайг “Багш нь шавьтайгаа сэтгэл, зүрхээрээ үргэлж хамт байгаа шүү. Өөртөө итгэлтэй, зоригтой байгаарай. Чадна аа, Анхаа” гэж урамшуулсан. Бэлтгэл сайтай байсан болохоор сэтгэл санаа тогтвортой, өөртөө ч итгэлтэй байлаа. Тэмцээнд явахын өмнө багш маань жиндээ хэрхэн орох, жингийн захиалгаа яаж тооцоолох, хоол ундаа хэрхэн тохируулах талаар 4-5 хуудас зөвлөмж бичиж өгсөн” хэмээн тэрээр ярив.

Түүний амжилтыг манай төр засаг л үнэлэхгүй байгаа болохоос дөрвөн ч орон түүнийг тамирчнаа болгох санал тавиад буй. Түүний дасгалжуулагч Ц.Хосбаяр энэ талаар ярилцлага өгч байсан ч М.Анхцэцэг маань байр сууриа илэрхийлээгүй байсан юм. Тэрээр энэ талаар “Дөрвөн орноос санал ирсэн нь үнэн. Би мөнгөний төлөө биш,  эх орныхоо төлөө л штанг өргөдөг. Эх орныхоо Төрийн дууллыг эгшиглүүлэх нь миний туйлын зорилго, аз жаргал. Тэрнээс биш мөнгө чухал биш ээ. Энэ бол гэр бүлийнхэн, дасгалжуулагчтайгаа ярилцан, зөвлөж байгаад гаргасан миний эцсийн шийдвэр. Олон улсын тэмцээнд аваргалж, “Монголын тамирчин Анхцэцэг” хэмээн дуудуулсаар шагналын тавцанд баярын нулимстай гарч, Төрийн дууллаа эгшиглүүлэн зогсох хэчнээн сайхан гээч. Би тэгэх бүртээ эх орон, ижий ааваараа, монгол хүн болж төрснөөрөө бахархдаг. Би Монголын тамирчин, Мөнхжанцангийн Анхцэцэг хэвээрээ л үлдмээр байна. Дахиад ямар ч орноос хэчнээн төгрөгийн санал тавьсан ч эх орноосоо би хэзээ ч явахгүй ээ. Тамирчин бүхэн олимпын аварга болохыг мөрөөддөг. Миний хамгийн том зорилго маань ч бас тийм. Харин тэр үед “Монголын тамирчин М.Анхцэцэг олимпын аварга боллоо” гэж хэлүүлэхийг л хүсч байна” хэмээн хэлэв.

Санаа амрах шиг болов. Монгол хүн бүр л түүний энэ үгийг сонсоод санаа нь амарна. Гэхдээ л дасгал сургуулилт хийх үеэрээ тэмцээнд явах зардал хайж, олсон хэд нь дасгалжуулагчаа аваад явахад нь ч хүрэлцэхгүй байгааг хараад байгаа мөртлөө л түүнийг эх орноосоо явуулахгүй гэх санаа төрсөөр л. Түүнийг хэдэн сая, тэрбумаар морь худалдаж авдаг баячууд ивээн тэтгээсэй, итгэлийг нь алдахгүй дээ. Ядарсан нэгэнд хандив цуглуулаад туслачихдаг хүмүүс анхааралдаа авч туслаасай, ачийг нь амжилтаараа хариулна даа. Эх орноо гэсэн агуу сэтгэл нь унтарчихвий, чадна гэсэн сэтгэл нь эргэлзчихвий дээ...

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан