Казахстан улсын хошой аварга, 2016 оны дэлхийн шилдэг жүдоч, олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг ирэх сард Монголдоо ирэхээр болжээ. Тэрээр ирэх сарын 2-4-д Японы Токио хотноо болох “Их дуулга”-д оролцоод шууд ирэх аж. Энэ үеэр “Өнөр бүл” төв буюу бидний нэрлэж заншсан Улсын хүүхдийн асрамжийн төвд зочлохоор болсон байна. Энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудастаа “Тус төвд ямар хүүхдүүд байдгийг би мэднэ. Би тэднийг эргэж очингоо сэтгэлийн дэм хайрлаж, урам зориг өгөхийг үнэхээр их хүсч байна Мөн боломжийнхоо хэрээр хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ. Энэ төвөөс ирээдүйн олон шилдэг тамирчин төрнө гэдэгт итгэлтэй байна. Удахгүй уулзъя, “Өнөр бүл”-ийнхэн минь” гэжээ. Ирэх сард болох Токиогийн “Их дуулга”-д манай улсаас олимпын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт Д.Сумъяа, дэлхийн аварга Г.Болдбаатар, М.Уранцэцэг, ДАШТ-ий мөнгөн медальт Д.Амартүвшин, ОУХМ Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар, Д.Алтансүх, Б.Батгэрэл тэргүүтэй 15 жүдоч өрсөлдөхөөр мэдүүлгээ өгчээ.