Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НӨАТ-ын буцаан олголтод зориулж 80 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн гэв

-Ирэх оны эхний улиралд багтаан НӨАТ-ын
буцаан олголт хийнэ-


Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэг­жиж эхэлсээр жил орчим хугацаа өнгөрчээ. Хуулийн 15.2-т заасны дагуу иргэд аливаа худалдан авалтынхаа үнийн дүнг “ebarimt.mn” сайтад бүртгүүлэх байдлаар сугалаанд хамрагдаж, бэлэн мөнгө хожих боломжтой бол­сон. Мөн хуулийн шинэчилсэн найруулгын дагуу албан татвар төлөгчид бүртгүүлсэн төлбөрийн баримтдаа үндэслэн албан татварынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах боломжтой болсон билээ.

Ийнхүү урамшууллын системтэй болсноор аж ахуй нэгжүүдийн борлуулалтыг бүртгэж, хяналт тавих эрхзүйн болоод техникийн шийдэл бий болсон давуу талтай. Тэгвэл он гарсаар эхний таван сарын байдлаар 456 мянга 611 татвар төлөгч иргэнд 25.4 тэрбум төгрөгийн буцаан олголт хийхээр байгааг Татварын ерөнхий газраас мэдээлжээ.

Мөн татвар төлөгч аж ахуй нэгж, иргэд Сангийн сайдын 333 дугаар тушаалаар батлагдсан журмын дагуу албан татварынхаа 20 хүртэлх хувийн буцаан олголтыг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан авах боломжтой бөгөөд хуулийн хүрээнд татварын албанаас ирэх оны нэгдүгээр сарын 15-ны дотор буцаан олголт авах иргэдийн жагсаалт гаргаж баталгаажуулах юм байна. Жагсаалтыг ажлын ес хоногт багтаан гаргаж, Сангийн яаманд хүргүүлэх бөгөөд 45 хоногт багтаан шийдвэрлэх заалттай ажээ. Түүнчлэн, 456 мянган иргэнд 25.4 тэрбум төгрөгийн буцаан олголт хийх төсөв байгаа эсэхийг тодруулахад “Буцаан олголтод зориулан ирэх оны төсөвт 80 орчим тэрбум төгрөг төсөвлөсөн” хэмээн Сангийн яамнаас мэдээллээ.

Иргэн, аж ахуй нэгж байгууллагууд НӨАТ-ын урамшуулал, сугалаанд хамрагдах боломжтой “ebarimt.mn” сайтад өөрийн бүртгэлээ үнэн, зөв хийсэн тохиолдолд ирэх оны эхний улиралд багтаан НӨАТ-ын буцаан олголт хийгдэх ба бүртгүүлсэн дансанд шууд орох аж. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн овог, нэр регистрийн дугаар, цахим шуудан (и-мэйл)-гийн хаяг, утасны дугаар болон албан татварын буцаан олголтоо авах Монгол Улсад бүртгэлтэй банк, дансны дугаарыг зөв бөглөсөн тохиолдолд дахин ямар нэг бичиг баримт бүрдүүлэлгүй буцаан олголтоо авах боломжтой аж.

Сонирхуулахад, энэ оны эхний есөн сарын гүйцэтгэлээр нийт 151 мянга 206 иргэнд 5.5 тэрбум төгрөгийн сугалааны тохирол таарснаас татварын албанд хүсэлт ирүүлж баталгаажуулсан 66 мянга 125 иргэний 2.6 тэрбум төгрөгийн урамшууллыг олгуулахаар холбогдох бичилтийг хийсэн байна.
Үүнээс төрийн сангаас хүлээн авагчийн нэр, данс зөрсөн шалтгаанаар 4284 иргэний 113.9 сая төгрөгийн гүйлгээ буцаж, нийт 61 мянга 841 иргэнд 2.5 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан