Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэдийн халаас нимгэрч жижиглэн худалдаа жижгэрсээр


Т.ЖАНЦАН

Сар бүрийн статистик саар дүнтэй гардаг болоод удаж буй. Одоо бүр хямрал гүнзгийрч эдийн засгийн үзүүлэлтүүдийн хасах утга нь улам давамгайлж байна.
Тухайлбал, энэ онд 35 мянган иргэн ажилгүй болсон мэдээлэл бий. Уг үзүүлэлт нь сүүлийн зургаан жилд ажилгүйдэл хамгийн өндөр түвшинд хүрснийг илтгэнэ. Энэ оны гуравдугаар улиралд нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 853 мянган төгрөг болж, өнгөрсөн оныхоос мөн 84.4  мянган төгрөгөөр буурлаа. Үүнд цалин хөлсний орлого 28 мянган төгрөгөөр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 37.7 мянган төгрөгөөр тус тус буурсан явдал  нөлөөлжээ.  Ийнхүү өрхийн орлого буурсан тул хэрэглээ нь мөн хумигдана. Учир нь, иргэд эрх баригчид шиг улсын төсвийг орлогоосоо илүү зарлагатай тооцож үрэлгэн байдагтай адилгүй. Хямралын үед аль болох хэмнэж хэдэн төгрөг авч үлдэхийг хичээх сэтгэлгээ илүү давамгайлдаг билээ. Иймд ёстой л “Хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ” гэсэн үг. Статистик судалгаанаас харвал энэ онд өрхийн бодит хэрэглээ 11 хувиар буурсан байна. Үүнийг дагаад Монгол Улсад хийж буй жижиглэн худалдаа 17 хувиар буурсан дүн гарлаа. Энэ гинжин урвал нь маш муу дохио юм.

Өөрөөр хэлбэл дотоод, гадаад эрэлт эрс хумигдсан тул эдийн засгийн өсөлт 1.3 хувиас буурч, ажилгүйдэл улам нэмэгдэх, иргэдийн амьжиргааны түвшин үргэлжлэн муудах эрсдэл үүслээ.

Тэгвэл худалдааны салбарын борлуулалт эдийн засагт ямар жин дарж байсныг дор өгүүлье. Монгол Улсын бөөний болон жижиглэн худалдааны нийт борлуулалт гурван жилийн өмнө 14.4 их наяд төгрөгт хүрсэн удаатай. Үүний 12.1 их наяд төгрөгийн худалдааг нь зөвхөн Улаанбаатар хотод хийдэг байсан дүн бий. Тухайн үед нийт борлуулалтын 59.1 хувийг бөөний, 40.9 хувийг жижиглэн худалдаа эзэлсэн байдаг. Худалдааны салбарын нийт аж ахуйн нэгжийн 10 гаруй хувь нь жилд 50 сая төгрөгөөс дээш борлуулалт хийдэг. Эдгээр аж ахуйн нэгж нийт борлуулалтын орлогын 90 хувийг бүрдүүлж иржээ. Монголбанк, Засгийн газартай хамтарч 2012 оноос “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн.
Уг хөтөлбөрийн зорилго нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлж дотоодын үйлдвэр­лэл, худалдааг дэмжиж гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй байхад оршино. Тэгвэл уг хөтөлбөр эдийн засагт үр өгөөжөө өгч иргэдийн худалдан авах чадвар, аж амьдралыг бууруулахгүй барьж чадаж байж. Үүнийг бөөний болон жижиглэн худалдааны статистикаас харж болно. Жишээ нь. 2011 онд манай улсын бөөний болон жижиглэн худалдааны борлуулалт жилд 9.6 их наяд төгрөг байв. Тэгвэл дараа жил нь 13.3 их наяд төгрөгт хүрчээ. Эндээс эдийн засагт мөнгө хэдий хэмжээгээр эргэлдэнэ тэр хэрээр иргэдийн амьжиргааны түвшин шалтгаалдаг болох нь харагдаж буй юм. Тухайн үед дэлгүүр, зах, худалдааны төвүүдэд хөл тасардаггүй байлаа. Харин өнөөдөр эл хуль, худалдагчид нь хүний хөлийн чимээ чагнаж сууна.  Эдийн засгийн энэ хямралт нөхцөл байдлын улмаас жижиглэн худалдаа буурч дотоодын үйлдвэрлэл зогсоход хүргэж буй. Нэг жижиг дунд үйлдвэр зогсоход 5-10 хүн ажилгүй болдог. Томоохон үйлдвэрийн үйлдвэрлэл буурч, борлуулалт багасхад ажилчдынх нь цалин орлогод шууд нөлөөлнө. Мөн эдийн засгийн цус хэмээн нэрлэгддэг мөнгө эргэлдэхээ больсны илрэл. Тэгвэл мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сард есдүгээр сараас 54 тэрбум төгрөгөөр өсөхөд гадаад валютын харилцах дансны үлдэгдэл 193 тэрбум төгрөгөөр буурсан явдал нөлөөлсөн хэмээн Монголбанкнаас үзжээ. Нөгөө талаар гадаад валютын болон төгрөгийн хадгаламж, хадгаламжийн байгууллагаас гадуурхи мөнгө 247 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь мөнгөний нийлүүлэлт өсөхөд нөлөөлсөн аж.  Он гарснаас хойш төв банкнаас 806 тэрбум төгрөг гүйлгээнд гаргаад байна. Энэ нь өнгөрсөн жилийн аравдугаар сарынхаас 66 тэрбум төгрөг буюу есөн хувиар өссөн үзүүлэлт. Манай улсын эдийн засаг дахь бэлэн мөнгө ийнхүү өсч байхад жижиглэн худалдаа буурсан үзүүлэлттэй гарав.

Ингээд эдийн засгийн цусны эргэлт болох мөнгөний нийлүүлэлт энэ онд нэмэгдсэн дүнтэй хэдий ч хаана очоод гацав гэдэг асуулт урган гарна. Хэн нэгэн этгээд боодол боодлоор нь сейфэндээ хийж түгжээгүй, хав дараад мөнгөө тоолоод суугаагүй л байх.  Монголбанк бодлогын хүүгээ өнгөрсөн наймдугаар сард 15 хувь болгож түүхэнд байгаагүйгээр чангалсан. Мөнгөний энэ чанга бодлогын үр дагавар одоо гарч эхэлж байна гэхэд хилсдэхгүй. Төв банк бодлогын хүүгээ өсгөхөд зах зээл дэх мөнгө аажимдаа авдарт нь төвлөрдөг жамтай. Иймд  ажилгүй, орлого нь буурсан, гар дээр ирэх бэлэн мөнгө нь багассан иргэдийн амьдрал улам дордож худалдан авах чадваргүй шахам болоход хүрлээ. Иймд инфляц өнгөрсөн сард хасах утгатай гараад байгаа юм. Ирэх сард ч энэ байдал нэг их дээрдэхгүй л байх.  Энэ байдал удаан үргэлжилбэл зөвхөн үйлдвэрлэгчид дефолт буюу дампуурлаа зарлаад зогсохгүй. Улс даяараа дампуурч мэдэх юм. Нэг ёсондоо сүйрлийн дохио улам чангаар дуугарч буй илрэл юм.

Бэлэн мөнгө элсэнд асгасан ус шиг ор мөргүй шингэн алга болсон талаар зарим эдийн засагч байр сууриа илэрхийлсээр байгаа. Тухайлбал, эдийн засагт эргэлдэх ёстой мөнгө хаа нэг газар түгжигдэж жижиглэн худалдаа буурсан. Энэ мөнгийг чөлөөлж эргэлдүүлэх  жор нь татвар хэмээнэ. Иймд банкны хадгаламжийн хүүний орлогоос татвар авах ёстой гэж буй. Учир нь монголчуудын нийт хадгаламж 8.2 их наяд төгрөгт хүрсэн. Үүний 2.5 их наяд төгрөг нь гадаад валютынх. Энэ хадгаламжийн 95  хувь нь цөөн тооны томоохон хадгаламж эзэмшигчдэд ногдоно. Тэгэхээр 100 дээш сая төгрөгийн хадгаламж эзэмшигчдийн хүүний орлогоос шатлалтайгаар 25-35 орчим хувийн татвар ногдуулах ёстой гэж зарим эдийн засагчид хэлэх болов. Яагаад гэвэл өнгөрсөн 26 жилийн хугацаанд өндөр хэмжээний хадгаламж эзэмшигчид улсын төсөвт нэг ч төгрөгийн татвар төлөлгүй ирсэн. Эдийн засагч жилд нэг их наяд төгрөг эдийн засагт шинээр хийх учиртай аж. Ингээд хаа нэг газар гацсан эдийн засгийн цусны эргэлт болдог  мөнгө хөдөлгөөнд орж хямралтай тэмцэх нэг боломж бүрдэнэ гэж эдийн засагчид үзэж байгаа билээ. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах бодлоо орхихгүй” гэсэн. Ирэх оноос дахин гарган тавьж магадгүй юм. Ямартай ч эдийн засагчид хадгаламжийн хүүгийн орлогоос шатлалтай татвар авах нь хамгийн зөв шийдэл гэдэгт санал нэгдэж байгаа билээ.

Эцэст нь хэлэхэд, эдийн засгийн дээрх гинжин урвалын хурдыг багасгаж хямрлыг даван туулахыг  иргэд эрх баригчдаас хүлээсээр. Хэзээ вэ гэдэг асуулт хариулт нэхсээр байна. Өөрөөр хэлбэл, найдвартай ажлын байртай, амьжиргаагаа хангалттай залгуулах орлоготой байхыг иргэд хүсч байгаа юм.

0 Сэтгэгдэл
Irgediin halaas nimgereh bish toriin bodlogo dutagdaj baina shuu dee? buh baraa buteegdehuun ni heden chynjuudiin gart orchihoson durtai unee heleed baij baidag
БҮХ МӨНГӨ БАЯЧУУДЫН ГАРТ БАЙГАА. МӨНГӨ БАЙХГҮЙ БИШ БАЙГАА
ene mongoliin undesnii statistikiin gazar gej hiih ajil oldohgui end tend ogt hudlaa taamgaar medee medeelel hiigeed yavdag gazariig tatan buulgaachee.tednii yariad yavdag bodit amidral hoyor dalain us gorhinii us hoyor shig yalgaatai baihad end tend l hudlaa shaasan yum bicheed medeelel taviad ajil hiij baigaa dur uzuuleed suuh hend ch hereggui novshnuud baina shd
өрхийн сарын дундаж орлого 853000 гэдэг арай л аймаар өндөр гарсан үзүүлэлт байх юм. ажаад байхад ихэнх айлд ажил хөдөлмөр эрхэлдэг ганц л хүн байгаа гэх. тэгвэл ажилчдын сарын цалин тийм өндөр болсон юм уу. Одооажилчдын сарын цалин нь 300-500,000-ийн хооронд л байх шиг харагдаад байгаа юм. Тэгэхээр их өндөр цалин, хамгийн бага цалин хоёрыг дундачлахаар иймэрхүү дүн гарч байгаа нь үнэнд нийцэхгүй мэт санагдана
Хамгийн их уншсан