Т.ЖАНЦАН
Монгол Улсын өр гэдэг “Хадний мангаа” гарч ирсэн тухай эрх баригчид удаа дараа мэдэгдэж байсан. Ингээд Засгийн газар, хувийн хэвшлийн өр ямар хэмжээнд хүрсэн талаар эдийн засагч Х.Батсуурьтай ярилцлаа.
-Таны судалгаа дүгнэлтээр Монгол Улсын өр ямар хэмжээнд хүрээд байгаа юм бол?
-Өнөөдөр манай улсын хувийн хэвшлийн болоод Засгийн газрын бүх өрийг оруулаад 73.4 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь ДНБ-ий 303 хувьтай тэнцэж байгаа. Гэхдээ үүнээс анхаарах гол зүйл нь бидний орхигдуулсаар ирсэн хувийн хэвшлийн өр юм. Хувийн хэвшлийн өр дангаараа 51 их наяд буюу ДНБ-ий 211 хувьтай тэнцлээ. Тэгвэл Засгийн газрынх ямар байгааг бид бүгд мэдэж байгаа. ДНБ-ий 88 хувьтай тэнцэх болсон шүү дээ. Хувийн хэвшлийн өр дангаараа ДНБ-ий 100-150 хувийг давбал эдийн засагт ихээхэн хүндрэл учруулж улсаараа дампууралд хүргэх нөхцөл үүсгэдэг. Гэтэл улсын өрийн асуудал яригдахад бид бүх л анхаарлыг Засгийн газрын өрд хандуулдаг. Ингээд эдийн засагт хамгийн их нөлөөтэй байдаг, дарамт үзүүлдэг хувийн хэвшлийн өрийг орхигдуулсаар ирсэн нь том алдаа юм. 2017-2018 оноос манай хувийн хэвшлүүд уул уурхайн өсөлтийн жилүүдэд авсан их зээл, өрийн үндсэн төлбөрүүдээ төлж эхэлнэ. Одоогоор манай хувийн хэвшилд энэ их өрийн асуудлыг хүндрэлгүйгээр даван туулаад гарах нөөц бололцоо харагдахгүй байна. Цаашид эдийн засагт учрах дарамт, хүндрэл улам нэмэгдэх бөгөөд чухам ямар арга замаар яаж, энэ хүндрэлийг давах нь тодорхой бус байгаа юм. Өр эзэмшигчид, тэдний төлөөллүүд нь төр засагт байгаа, засгийн эрхэнд байгаа л бол эдгээр өр шууд буюу шууд бус байдлаар Засгийн газрын үүрэх хариуцлага болон үлдэх магадлалтай.
-Тэгэхээр өрийн хямралд орсон гэж ойлгож болох нь. Ирэх оны төсөвт өрийн таазыг нэмэгдүүлсэн. Энэ талаар та ямар байр суурьтай байна вэ?
-Өрийн таазыг нэмэгдүүлсэн нь өөрөө, өөрсдийгөө хуурсан өнөө маргаашаа бодсон ухвар мөчид арга хэмжээ. Өмнөх жилүүдийн төсөвт өрийн тааазыг хуульд заасан 40 хувиас шат дараалан өөрсдийн эрх ашигт нийцүүлсэн хэлбэрээр нэмэгдүүлсээр ирсэн нь эрх баригчдад хэмжээ хязгааргүй зээл авах эрх зүйн орчинг бүрдүүлсэн юм. Мөн авсан зээлээ хаана, юунд зарцуулсан нь төдийлөн ил тод бус байгаа нь өнөөгийн энэ өрийн хямралд хүргэсэн гол шалтгаануудын нэг боллоо. Хуульд эдийн засгийн үндэслэл, тооцоотойгоор тогтоон суулгасан өрийн таазыг ямар ч үндэслэл, тооцоогүйгээр улс төрийн ашиг сонирхлын үүднээс өсгөсөн нь хамгийн бүдүүлэг алдаа. Ирэх онд төсвийн орлогыг 5.97 их наяд төгрөг гэж тооцсон. Гэтэл Засгийн газрын өрийн үйлчилгээний төлбөрт 5.27 их наяд төгрөг төсөвлөсөн байгаа нь нөхцөл байдал ямар болсныг тодорхой харуулж байгаа юм. Үүн дээр нэмээд Хөгжлийн банкны 600 сая ам.долларын өрөнд Засгийн газар баталгаа гаргаж өгсөн. Энэ мөнгөний үндсэн төлбөрийг ирэх оны эхний улиралд төлөх ёстой. Засгийн газар зээлийн өрийн үйлчилгээнд өмнөх жилүүдэд ойролцоогоор төсвийн 12-15 хувийг зарцуулдаг байлаа. Тэгвэл ирэх оноос зээлүүдийн үндсэн төлбөрийн хугацаа дуусч эхэлсэн тул төсвийн 90 орчим хувь, цаашилбал төсвөө бүгдийг нь өрөндөө өгөөд ч барахааргүй байдалд хүрээд байгаа юм.
-Улсын нийт өр ийм аюултай хэмжээнд хүрсэн юм бол дампуурал зарлалгүйгээр төлөх боломж байгаа юу?
-Ийм учраас л Засгийн газар ямар ч үнээр хамаагүй их хэмжээний, 4-5 тэрбум ам.долларын зээлийг хаа нэгтэйгээс авч өрөө дарах гарц хайж байна. Ер нь өр, зээл гэдэг нь эдийн засгийн өсөлтийн хурдасгуур, нэгэн хүчин зүйл яах аргагүй мөн. Орчин үеийн эдийн засгийг өр, зээлгүйгээр төсөөлөх аргагүй. Гэхдээ асуудлын гол нь өрийн хэмжээ, хязгаар, мөн өрийг хэн эзэмшиж байна вэ гэдэгт л байгаа юм. Тэгэхээр манайх шиг эдийн засгийн бүтэц, хөгжлийн түвшинтэй улсад Засгийн газрын өрийн дээд хэмжээ нь ДНБ-ий 56 хувиас хэтрэхгүй байх боломжтой. Энэ босгыг давбал юу болдгийг бид өөрсдөө мэдэрч эхлээд байна. Хувийн хэвшлийн өрд бас хязгаар бий. Би дээр дурдсан ДНБ-ий 100-150 хувийг давж болохгүй. Бидний өрийн тал дээр харьцуулах дуртай бусад улсуудын өрийнх нь ихэнх хувийг үндэсний мөнгөн тэмдэгтээр төлөх өр эзэлдэг. Жишээ нь Японы Засгийн газрын өр нь ДНБ-ий 240 хувьтай тэнцэхээр байдаг. Гэвч үүний 95 хувийг иенээр буюу Японы үндэсний мөнгөн тэмдэгтээр дотоодын аж ахуйн нэгжүүдэд төлөх өр байдаг. Харин манайд эсэргээрээ нийт өрийн 70 гаруй хувийг гадаадын харьяатад, ам.доллар, юанаар төлөх өр эзэлж байна. Ер нь гадаад өр, тэр дундаа гадаад валютаар төлөгдөх өр эдийн засагт хамгийн их хүндрэл учруулдаг, эдийн засгийг дампууруулдаг гэдгийг бид анхаарах ёстой. Нэгэнт өрийн хямралд орсон, эдийн засгийн нөөц бололцоо шавхагдсан, дампуурлын ирмэгт тулсан өнөө үед бид өрийг төлж барагдуулна гэхээсээ илүүтэй, цаашид нэмэгдүүлэхгүй байх, даван туулах арга зам, бусад сонголтуудын талаар ярих хэрэгтэй гэж бодож байна.
-Тэгвэл Монгол Улсын нийт өрийн хэдэн хувь нь богино хугацаат, хэд нь урт хугацааных гэж харж байна вэ?
-Ер нь бол энд яригдаж байгаа өр урт буюу нэгээс дээш жилийн хугацаатай зээлүүд гэдгийг анхаарах хэрэгтэй. Нийт өрийн дүнг гаргахад мэдээж богино хугацааны өр, зээл орсон байдаг. Гэтэл энэ нь нийт өрийн дөнгөж 20-30 хувийг бүрдүүлж байгаа юм.
-Та өрөө төлөх, нэмэгдүүлэхгүй байх бодлогын өөр сонголтууд хэрэгтэй гэлээ. Тэгэхээр өнөөгийн энэ их өрийг өрөөр дарахаас өөр гарц бий гэсэн үг үү?
-Өрийг өрөөр дарахаас өөр арга зам бол мэдээж байгаа. Гэхдээ энэ нь ихээхэн улс төрийн зориг мөн эрсдэл шаардсан шийдвэрүүд гаргахад хүрнэ. Гэтэл энэ нь төр засгийн эрх баригчдын хувьд ашиггүй юм.
-Засгийн газрын өр хүмүүсийн төлөх татвартай нь холбоотой тул ихээхэн сонирхдог. Хувийн аж ахуйн нэгжүүдийн өр бол тэдний өөрсдийн асуудал. Ард түмэнд хамаагүй гэдэг шүү дээ. Гэтэл та хувийн хэвшлийн өр нь анхаарах гол асуудал гэх юм?
-Хэдийгээр хувийн аж ахуйн нэгжүүдийн өр Засгийн газарт ямар хамаа байна гэж хэлэх хүмүүс байх ч бодит байдал дээр тийм биш л дээ. Өнөөдөр төр, засгийг хувийн аж ахуйн нэгжүүдийн эзэд, эсвэл тэдний төлөөлөл барьж байна. Тэд чинь өөрсдөө тэр муулаад байдаг, ашиггүй ажилладаг, “муу менежер” гэж нэрлээд байгаа төр чинь шүү дээ. Тиймээс хувийн аж ахуйн нэгжүүдийн өрийн асуудал төрийн, Засгийн газрын асуудал болон хувирах магадлал байж болно.
-Хувийн аж ахуйн нэгжүүд өрөө хугацаанд нь төлж чадаж байна уу?
-Хувийн аж ахуйн нэгжүүдэд данстай өрийн ихэнх нь 2010-2012 оны хооронд, уул уурхайн өсөлтийн жилүүдэд дунджаар 5-8 жилийн хугацаатай авсан зээлүүд байгаа. Тиймээс үндсэн төлбөрийн хугацаа нь 2017-2018 оноос эхлэх юм. Энэ үед л хүндрэл үүсэх болов уу гэж харж байна.
-Төсөв, мөнгөний бодлого нь тухайн улсын эдийн засгийг харах гол толь нь гэдэг. Тэгвэл УИХ ирэх оны бодлогуудаа тодорхойлчихлоо. Та эдийн засагч хүний хувьд ирэх оны төсөв, мөнгөний бодлогод ямар дүн тавьж байна вэ?
-Засгийн газрын өрийг улам нэмэгдүүлж ДНБ-ий 88 хувьд хүргээд байгаа нэг гол хүчин зүйл нь төсвийн алдагдал. Төсвийн алдагдал гэдэг нь орлогоосоо давсан зардал юм. Үүнийг хэрхэн санхүүжүүлдэг вэ гэвэл зээл. Тэгэхээр төсвийн алдагдлыг хичнээн өндөр батална, төдий чинээгээр өр тавих шаардлагатай болно гэсэн үг. Төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувь түүнээс илүүгүй байна гэсэн заалт нь эдийн засгийн үндэслэлтэй тоо, тооцоо. Харин өнөөдөр үүнийг “гарцаагүй” байдалд орлоо хэмээн бараг 10 хувь байхаар баталсан нь буруу. Өрийг даван туулах, улмаар түүний дээд хэмжээг он дараалан шатлалтайгаар бууруулна, ДНБ-ий 40 хувьд авчирна хэмээн тусгасан төлөвлөгөөгөө биелүүлэх боломжийг хаасан үйлдэл болсон.
-Та тэгэхээр өрийн зохистой хэмжээ алдагдсан гэж үзэж байх нь. Өрийн зохистой хэмжээ ДНБ-ий хэдэн хувьтай тэнцэх учиртай гэж үзэж байна вэ?
-Монгол Улсын Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, мөн сүүлд нь батлагдсан Өрийн удирдлагын тухай хуульд анх тусгасан Засгийн газрын өр ДНБ-ий 40 хувьтай тэнцэж байх босго бол харьцангуй зөв хязгаар юм. Үүнд алдаатай, буруу тооцсон, эндүүрсэн асуудал бий. Гэхдээ ямартай ч өрийг зохих түвшинд барьж тогтоож ирсэн ач холбогдолтой. Манай улсын эдийн засгийн бүтэц, чадавхи, боломжийн хувьд Засгийн газрын өр нь ДНБ-ий 56-60 хувь байх нь зохистой харьцаа, босго байсан. Гэхдээ сүүлийн жилүүдэд эрх зүйн орчиндоо өөрчлөлт хийх замаар өрийн босгыг дур мэдэн өөрчилж байгаа байдал, мөн эдийн засагт үүссэн хямрал нь өрийн зохистой хэмжээ, харьцаа босгыг ач холбогдолгүй болгоод байна.
-Тэгвэл ирэх онд төсвийн тодотгол хийх нөхцөл бас л бүрджээ гэж хэлж болох нь ээ?
-Тийм. Төсөвт тодотгол хийх нь манай улсын эрх баригчдын гэм биш зан болсон. Нэгэнт төсөвлөсөн баталсан төсвөө дахин засварлалгүйгээр явсан удаа сүүлийн он жилүүдэд лав байхгүй. Наад зах нь жилд нэг хоёр удаа тодотгол нэрээр засварладаг. Энэ нь төсвийг анхлан боловсруулахдаа ямаршуухан түвшингийн тооцоо, судалгаатай хийсэн бэ гэдгийг яруу тодоор харуулж буй хэрэг юм. Мэдээж зардал, зарцуулалтаа эхэлж гаргаад түүндээ тааруулж орлогоо тооцохоор тийм л үр дүн гарна шүү дээ. Гэтэл орлого гэдэг чинь хязгаартай, зардал шиг дураараа өсгөөд байж болдоггүй эд л дээ. Хэт өндөр зардал гаргаж ирж байгаа нь төсвийн алдагдлыг өсгөх шалтгаан болсон юм.
-Гадаад өрнөөс гадна Засгийн газрын дотоод бондын өр бий. Энэ өр жилээс жилд нэмэгдсээр байгаа. Энэ нь бас л сөрөг үр дагавар авч ирэх байх даа?
-Өрийн хамгийн гол асуудал бол гадаад өр. Мөн гадаад валютаар төлөгдөх өр юм. Дотоод өр асуудал мөн үү гэвэл мөн. Гэхдээ энэ нь гадаад валютаар төлөх өртэй харьцуулбал арай хүндрэл багатайгаар шийдвэрлэх боломжтой. Үүнийг хэрхэн зохицуулах нь эрх баригчидын, тэр дундаа, төв банк, Сангийн яамны төлөөллийн ашиг сонирхол, санаачилга, ур чадварын асуудал юм.
-Олон улсын санхүүгийн үнэлгээний Moody’s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэг шатлалаар буурууллаа. Зээлжих зэрэглэл ингэж дор орсон явдлаас гарах ямар гарц байна вэ?
-Засгийн газар урьд нь В3 гэсэн үнэлгээтэй байхдаа олон улсын зах зээлээс өнгөрсөн тавдугаар сард 11 хувийн хүүтэй 500 сая ам.долларын бонд гаргаж мөнгө босгосон. Энэ бол маш өндөр хүү, өндөр өртөгтэй мөнгө. Бусад улс орнууд ийм өндөр хүүтэй зээл авах нь дампууралд хүргэх эрсдэлтэй гэж үзээд авдаггүй. Тэгэхээр манай Засгийн газар олон улсын санхүүгийн зах зээлд бонд гаргаж дахиад мөнгө босгоно гэвэл бүр дордоно. Зээлийн хүү нь 15-аас дээш хувийн хүүтэй байх магадлалтай юм. Иймд зээлжих зэрэглэлийг В3-аас Саа1 болгон бууруулсан нь нэг талаас манай улсын Засгийн газрын дахин зээл авах эрхийг нь “хаасан” гэсэн үг. Өндөр өртөг зардалтай зээл авч болохгүй шүү гэдгийг сануулсан асуудал гэж ойлгож болно. Улс, эх орноо боддог хэн ч гэсэн ийм нөхцөлд олон улсын санхүүгийн зах зээлээс зээл авах гэж оролдохгүй нь тодорхой.