Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МЧБХ их хурлаа хойшлуулж, А.Сүхбат нэрээ татахаа мэдэгдлээ

Зуны олимпын наадам болж өнгөрснөөс хойш 90 хоногт багтаан спорт холбоод их хурлаа хийдэг жишиг бий. Гэвч Бээжингийн олимпын дараа их хурлаа хийлгүй удирдах зөвлөлийнхний хүрээнд 2008-2012 онын үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, шинэ дүрмээ баталсан хэмээн буруутгагдаж байгаа Монголын чөлөөт бөхийн холбоо өнгөрсөн бямба гарагт их хурлаа хийв. Гэвч энэ удаагийн хурал мөн л хэл амтайхан болж асуудлаа шийдэлгүй хойшиллоо. .

Учир нь, хурлын өмнөх өдөр буюу арваннэгдүгээр сарын 18-ны өдөр Спортын төв ордонд байрлах Монголын чөлөөт бөхийн холбооны албан өрөө, холбооны эд хөрөнгө, иргэний эрх чөлөөнд халдсан үйл явдал гарчээ. Энэ өдөр хурлын мандат олголт 14.00 цагаас эхлэхээр товлогдсон байсан боловч Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Цогтбаяр, Ц.Хосбаяр, дасгалжуулагч Л.Энхбаяр нарын хэсэг дасгалжуулагч, БХЯ-ны харьяа “Алдар” спорт хорооны тамирчид тухайлбал, гавьяат тамирчин Г.Мандахнаран, С.Цэрэнчимэд, олон улсын хэмжээний мастер П.Орхон, Б.Одончимэг, Э.Цэвэгмид нарын хорь гаруй тамирчин хүч түрэн дайрч орсон гэх мэдээллийг тус холбооныхон өгсөн. Ийн дайрч орохдоо хурлын төлөөлөгчдийн мандат, хурлын материал зэргийг хүчээр булаан авч, ширээ сандал, компьютер, принтер зэрэг эд зүйлсийг эвдлэн бусниулжээ. Түүгээр ч барахгүй гавьяат тамирчин О.Пүрэвбаатар согтуугаар МЧБХ-ны албан өрөөнд орж хурлын төлөөлөгчдийн бүртгэлийг урж танхайрсан аж. Ийм нөхцөл байдлаас шалтгаалан холбооны хурлын төлөөлөгчдөд мандат олгох боломжгүй байдалд хүрч, иргэний үнэмлэхээр нь бүртгэж хуралд оролцох боломжоор нь хангасан байна. Төрийн ордонд болох байсан их хурал “Blue sky” цогцолборт болж, аймаг тус бүрээс нэг төлөөлөгч, спорт хороод, Нийслэл, дүүргийн спорт хороо, Монголын чөлөөт бөхийн мастеруудын холбоо, Мэргэжлийн сургалттай биеийн тамир, спортын дунд сургууль, чөлөөт бөхийн төрөлжсөн сургалттай сургууль, Биеийн тамирын их дээд сургууль, оюутны шигшээ баг, спорт клуб тус бүрээс нэг хүн төлөөлөгчөөр оролцжээ.

Гэвч ид үедээ яваа тамирчдын амьдралыг шийдэх гэж байж тив, дэлхий, олимпын наадамд оролцсон тамирчдыг багш нарынх нь хамтаар хуралд оролцуулахгүй гэж үзсэн ч эцэстээ бүтэлгүйтэв. Учир нь, тэд хүч түрэмгүйлэн хуралдаа сууцгаасан юм. Уг нь, энэ хурлыг Монголын чөлөөт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, “Хасу-Мегаватт” компанийн ерөнхий захирал, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Ж.Түмэн-Аюуш  удирдан зохион байгуулах байсан ч Ц.Цогтбаяр ярьсаар байгаад таарав. Түүүний хувьд хурлын өмнөхөн хуралд нэр бүхий тамирчид, дасгалжуулагчдыг оролцуулахгүй байх шийдвэрийг эсэргүүцэн Төрийн ордоны өмнө өөрийгөө шатааж эсэргүүцлээ илэрхийлнэ гэдгээ мэдэгдсэн. Энэ үйлдлээ Монголын чөлөөт бөхийн холбоог бүрдүүлж буй үе үеийн дасгалжуулагч, тамирчдыг шахан гадуурхаж байгааг эсэргүүцэж буй хэрэг хэмээн тайлбарласан юм.

Ц.Цогтбаяр:Шүүхийн шийдвэр гарсны дараа хуралдах ёстой


-Сумъяабазар, Чинбат хоёр холбоог шинээр үүсгэн байгуулсан бичиг баримтын асуудал шүүх дээр явж байгаа. Бид Монгол Улсын шүүхийг хүндлэх ёстой. Энэ асуудал эцэслэн шийдэгдээгүй байхад бид хурал хийж болохгүй. 55 жилийн түүхтэй холбоог 2011 онд үүсгэн байгуулагдсан болгосон асуудлыг эцэс болгох хэрэгтэй. Одоо хурлаа хийчихдэг. Гэтэл шүүхээс буруутай нь тогтоогдвол энэ удаагийн хурал хүчингүй болно гэдгийг санах хэрэгтэй. Алтан үеийнхнийг бид үгүйсгэж болохгүй. Тэдний ачаар бид өдий зэрэгтэй яваа. Тэгээд ч хэдэн хүн удирдах зөвлөлд байдаг талаар мэдээлэл өгөх хүн алга. Удирдах зөвлөлийн нэг ч гишүүн 2015 онд бидэнтэй нүүр тулж уулзаагүй, дэмжлэг ч үзүүлээгүй. 2016 онд ч мөн ялгаагүй хэн нь ч ирээгүй. Үнэндээ бид улсын жаахан төсвөөр л аргацаасан.

Ийм байдалтай байх байсан л юм бол яах гэж холбооны ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийнхөн гэж явж ирсэн юм бэ. Ахмад үеийнхнийхээ гаргасан амжилтыг давтчих юмсан гэж зүтгэсэн шүү дээ, энэ залуучууд. Тэгэхээр шүүхийн шийдвэр эцэслэн гарсны дараа бүгдээрээ цуглаж энэ мэт асуудлаа ярилцаж хурлаа хийе, тамирчдынхаа ирээдүйг гэгээлгээр харж зөв шударга хүмүүсээ гаргаж ирье. Холбооныхоо цаашдын ирээдүйн талаар хоёргүй сэтгэлээр зүтгэцгээе. Надад бол тамирчидтайгаа бэлтгэлээ хийгээд явж байх нь жаргал байдаг. Бусдаар бол дарга болох гээд ингэж эсэргүүцэл зарлаад байгаа хэрэг биш юм шүү” гэлээ.
Ийн эхэлсэн хурлын уур амьсгал таатай биш байснаас гадна багш, дасгалжуулагч нар холбоон дотор болохгүй бүтэхгүй байгаа асуудлын талаар нэлээд нухацтай ярьж, тайлбар хүссэн. Мөн олсон орлогууд хаашаа алга болдогт ч гайхаж буйгаа нуугаагүй. Хоорондоо үл ойлголцлоор дүүрэн байсан хурлын үеэр удирдах зөвлөлийн гишүүн, УИХ-ын гишүүн А.Сүхбат  “Албан ёсны ээлжит их хуралд цаг заваа зориулж ирсэн хүмүүст баярлалаа” хэмээн үг хэлэхийнхээ өмнө тодотгосон.

А.Сүхбат:Шүүхийн шийдвэрийг хүлээвэл их цаг хугацаа орно

-Багш, дасгалжуулагчдын хэлж буй зарим үг үнэн. Холбооны аль ч шатанд доголдол байна уу гэвэл байна. Үүнтэй санал нийлнэ. Хуралд бэлтгэх комиссынхон ямар журмаар хуралд оролцогчдыг сонгосон талаар би сайн мэдэхгүй байна. Миний хувьд 30 жилийг чөлөөт бөхийн амьдрал, цаашдын хөгжлийн төлөө зориулж явна. 2003 оноос холбооны дотоод ажилд оролцож ирлээ. Одоо харин энэ удаагийн хуралд оролцоод өөрийн нэрээ татна. УИХ-ын гишүүн болж хууль батлалцаж, бодлогыг зангидаж байгаагийн хувьд та нөхдийнхөө цаашдын аж, амьдрал, жилийн төсөв батлах, уралдаан тэмцээн зохион байгуулахад чинь дээрээс санаа тавьж байх болно. Өнгөрсөн жилүүдэд МЧБХ-ны Удирдах зөвлөлийнхөн маш сайн ажилласан гэж бодож байгаа. Нэг зүйлийг хүсэхэд бүх багш, тамирчдынхаа үгийг сонсдог болох хэрэгтэй. Гэхдээ багш, тамирчид бас зарчимтай байх хэрэгтэй. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэдэг үг бий. Шүүхийн байгууллага ямар удаан хугацаанд ажилладаг билээ. Тэдний шийдвэрийг хүлээвэл их цаг хугацаа орно. Холбооны ажил унах гээд байна. Үүнээс улбаалаад тамирчид, тэмцээн уралдааны асуудал хэрхэхээ хүлээгээд шийдвэрлэгдэж чадахгүй шүү дээ” хэмээн санаа бодлоо хуваалцсан.

Ямартай ч анхнаасаа хэл ам дагуулсан хурлаас дорвитой шийд гарахгүй байсан болохоор энэ долоо хоног хүртэл хойшлуулсан. Энэ хугацаанд холбооны дүрмийн шинэчилсэн найруулгыг ерөнхийлөгчийн түвшинд дахин нягтлах ажлын хэсэг байгуулагдан ажиллахаар болов. Дашрамд сонирхуулахад тус холбооны ерөнхийлөгчид  “МАК” компанийн ТУЗ-ийн дарга “алтны магнат” Б.Нямтайшир, “Алтай констракшн” ХХК-ийн захирал, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Бүргэдаа, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, “Хасу мегаватт”-ын захирал Ж.Түмэн-Аюушийн нэр сонстож байсан ч хурлаар гурван хүн мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн байна.
Тухайлбал, “Зэс эрдэнийн хувь” компанийн гүйцэтгэх захирал Д.Алтанхуяг, “Женко” клубийн ерөнхийлөгч, ОУХМ Х.Баттуул, УИХ-ын гишүүн, ОУХМ Д.Сумъяабазар нар мөрийн хөтөлбөрөө ирүүлжээ. Тэдний хэн нь тус холбооны ерөнхийлөгч болох нь энэ долоо хоногт шийдэгдэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан