Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын зээлжих зэрэглэл дахиад буурлаа

Үндэсний статистикийн хорооны мэдээллээс үзвэл манай улсын ДНБ 11 их наяд 372 тэрбум төгрөг байна. Энэ нь  өнгөрсөн оныхоос 213 тэрбум төгрөг буюу 1.8 хувиар буурсан үзүүлэлт юм. Эдийн засагчид энэ оны сүүлчээр Монгол Улсын эдийн засгийн өсөлт 1.3 хувьтай гарах төсөөлөл гаргаад байгаа. Эдгээр тоо нь Монгол Улсад орж ирэх мөнгөн урсгал татарч санхүүгийн хүнд байдалд ороод буйг илтгэнэ. Засгийн газар Олон улсын валютын сан, Хятадаас хөнгөлөлтэй зээл авахаар яриа хэлцэл хийж байгаа ч олон улсын санхүүгийн үнэлгээний байгууллагууд Монголыг эергээр харахгүй байна.

Олон Улсын санхүүгийн үнэлгээний Moody"s агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг өнгөрсөн ёсдүгээр сард В2-оос B3 болгон бууруулсан. Энэ нь Монголд хөрөнгө оруулалт хийхэд эрсдэлтэй гэсэн ангилалд оруулсан явдал юм. Тэгэхдээ ирэх гурван сард дахин буурах хандалгатай хэмээн тодорхойлж байв. Зээлжих зэрэглэлийг бууруулснаа тус үнэлгээний байгууллага “Монгол улсын гадаад валютын нөөц багассан, актив хөрөнгийн хөрвөх чадвар суларсан, төсвийн алдагдал өндөр байгаа” хэмээн  тайлбарласан билээ. Учир нь Moody’s-ийн мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар манай улсын Засгийн газрын өр ирэх онд ДНБ-ий 71 хувьтай тэнцэж найман хувиар өснө гэдэг тооцоо гаргасан. Өнгөрсөн онд Засгийн газрын өр ДНБ-ий 63 хувь тэнцэж байжээ.

Тухайн үед мөн л олон улсын санхүүгийн үнэлгээний байгууллага “Stan¬dard & Poor’s”, “Fitch” агентлаг манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг B-болгон бууруулж байв. Энэ ангилал нь  Монгол Улсын бизнес, санхүү, эдийн засаг нь эзмзэг гэсэн илэрхийлэл билээ. Гэтэл Moody"s агентлагын таамаглал биелэж манай улсын зээлжих зэрэглэлийг дахин буурууллаа. Тухайлбал, тус агентлаг  өнгөрсөн 18-ны өдөр дахин нэг шат бууруулж Саа1 болгоод байна.  Уг ангилал нь санхүүгийн чадвар муу эрсдэл тун өндөр гэдгийг илтгэнэ. Тэгэхээр Монгол Улс, аж ахуйн нэгжүүд гадаад зах зээлд бонд гаргаж мөнгө босгох боломжгүй шахам боллоо гэсэн үг. Үүгээр ч зогсохгүй Moody"s агентлаг бас Монгол Улсын зээлжих зэрэглэл дахин буурах магадлал тун өндөр гэдгийг онцолж байгаа юм. Үүнд ирэх оны төсөв, мөнгөний бодлого, улсын орлого гээд олон хүчин зүйл нөлөөлөх нь тодорхой.

Засгийн газар мөнгө олох арга сүвэгчилж байгаа ч одоогоор бүтсэн нь алга. Монголд мөнгө ору ирээгүй л байна. Олон улсын валютын сангийн төлөөлөгчид Монголд ажиллаад буцсан. Гэхдээ мөнгө өгөс эсэхийг тус сангийн Захиралуудын зөвлөл ирэх сарын эхээр шийдэх учиртай. Мөн Хятадын Засгийн газраас жилийн хоёр хувийн хүүтэй 20 жилийн хугацаатай дөрвөн тэрбум ам.долларын зээл авах талаар ярилцаж буй. Энэ зээл хэзээ бүтэх эсэх талаар тодорхой мэдээлэл одоогоор алга. 

Өнөөдөр улсын төсөв бүрдэхгүй хэцүүхэн байгаа. Улсын төсвийн алдагдал өндөр, зарлага тэлсэн, гадаад валютын ханш савалгаа ихтэй байгаа тул Монголбанк мөнгөний бодлогоо чангалсан. Ирэх онд эдийн засгийн нөхцөл байдал сайжрахгүй, улсын төсвийн орлого, зарлага нь мөнгөний бодлогыг сулруулах чиглэлд хөтлөхгүй гэж эдийн засагчид дүгнэж буй билээ. Мөн дэлхийн зах зээлд ашигт малтмалын үнэ өсөхгүй тул төсөв бүрдэхгүй бас л санхүүгийн гачигдалд орж Засгийн газар мөнгөний эрэлд мордоно гэж байгаа. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялсанаас хойш манай улсын төсвийн орлогод чамгүй жин дардаг  зэсийн үнэ тонн тутамдаа 1000 ам.доллараар суга өссөн. Энэ нь манай улсын хувьд гэрэлтэй сайн мэдээ хэдий ч зах зээлийн шинжээчид үнийн уг өсөлт удаан хадаглагдахгүй. Дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал тун тааруу байгаа тул зэс төдийгүй бусад ашигт малтмалын үнэ өсөх бус буурах чиглэлд байна гэсэн төсөөлөл хийж буй. Зарим эдийн засагчид ирэх онд төсвийн орлого нэмэгдэх хэдий ч зарлага нь өндөр, алдагдал буураагүй тул Монгол Улс мөнгөний гачаалаас гарахгүй гэж байгаа. Тэгэхээр Moody"s агентлагын төсөөлж буйгаар манай улсын зээлжих зэрэглэл дахин буурах магадлал тун өндөр юм.

 Олон улсын санхүүгийн үнэлгээний байгууллагууд манай зээлжих зэрэглэлийг бууруулж буй гол шалтгаан нь “Монгол Улсын эдийн засаг байгалийн баялагт тулгуурласан, үйлдвэрлэгч орон биш. Энэ  нь эдийн засаг, санхүүгийн зах зээлийн тогтворгүй байдал үүсгэсэн” гэдэгт оршино.  Нөгөөтэйгүүр өнгөрсөн намар Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч нарын удаа дараагийн мэдэгдэл хөрөнгө оруулагчид “Монголыг бараг дампуурсан” гэдэг нүдээр харахад хүргэсэн нь тодорхой. Тухайлбал, төсвийн орлогын таван төгрөг тутмын дөрвийг нь өрөнд өгнө, гадаад валютын албан нөөцгүй боллоо гэсэн мэдэгдэлүүд хийж байв. Төрийн өндөр, хариуцлагтай албан тушаалтануудын амнаас унасан үг ямар үнэтэй байдагийг монголчууд одоо яруу тодоор мэдэрч байгаа гэхэд хилсдэхгүй. Гэтэл дэлхийн зах зээлд манай улсын экспортын гол бүтээгдэхүүн зэс, төмрийн хүдэр, алт, нүүрс, газрын тосны үнэ өсөх хандлага ажиглагдахгүй байгаа өнөө үед бусдаас бадар барьж мөнгө олохоос өөр арга үлдээгүй. Нөхцөл байдал ийм байхад улсын зээлжих зэрэглэл буурна гэдэг нь монголчуудын хэлдэгээр “Дарин дээр давс нэмэх”-тэй адил зүйл.

Moody"s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэг шатаар бууруулсан тул Засгийн газар, Монголбанкнаас хамтарсан мэдэгдэл өнгөрсөн баасан гарагт гаргав. Уг мэдэгдэлд “Зээлжих зэрэглэл тогтоогч Мүүдийз байгууллага 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Монгол Улсын зээлжих зэрэглэлийг нэг шатлал бууруулсныг бодит байдалтай нийцэхгүй гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газар, Монголбанк эдийн засгийг богино хугацаанд тогтворжуулах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. УИХ-аас Монгол Улсын 2017 оны төсөв, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2017 онд баримтлах үндсэн чиглэлийг хэлэлцэж батлаад байна. Батлагдсан төсвийн дагуу ирэх оны төсвийн алдагдал ДНБ-ий 9.1 хувь буюу 2016 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс хоёр дахин буурахаар байна.

УИХ-аар “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөрийг хэлэлцэж байна. Тус хөтөлбөр нь богино хугацаанд эдийн засгийг тогтворжуулах, дунд хугацаанд өрийн тогтвортой байдлыг хангах, эдийн засгийн бүтцийг олон тулгуурт болгоход чиглэсэн. Хөтөлбөрийн хүрээнд эдийн засагт ач холбогдолтой томоохон төслүүдийн үйл ажиллагааг ойрын хугацаанд эрчимжүүлэхээр тусгасан.
Монгол Улсын экспортын гол бүтээгдэхүүнүүдийн дэлхийн зах зээлийн үнэ өсч, гадаад худалдаанд эерэг хандлага гарч эхэлсэн нь дээрх бодлогын арга хэмжээний үр дүнг сайжруулахад нөлөөлнө.  Үүний зэрэгцээ Засгийн газар болон Монголбанкнаас Олон улсын валютын сан /ОУВС/-гийн хөтөлбөрийг авч хэрэгжүүлэх хэлэлцээрийг үргэлжлүүлж байгаа бөгөөд ОУВС-гийн ажлын хэсэг урьдчилсан байдлаар энэ оны 12 дугаар сард Монгол Улсад ирж ажиллана. Засгийн газар бусад олон улсын санхүүгийн байгууллагуудтай улсын төсөвт санхүүгийн дэмжлэг авах талаар үр дүнтэй хамтран ажиллаж байна. Эдгээр шат дараалсан арга хэмжээний үр дүнд Монгол Улсын эдийн засаг богино хугацаанд тогтворжиж, цаашдын төлөв эерэг болохоор байна” гэжээ.

Тэгвэл ирэх оны мөнгөний бодлогод туссан маргаан дагуулж буй нэг асуудлын талаар өгүүлье. Засгийн газар, Монголбанкнаас монголчуудад дутагдаад байгаа мөнгө санхүүгийн асуудлыг шийдэх нэг гарц нь гадаадын банк оруулж ирэх явдал гэж үзсэн. Ийм ч учраас “Ирэх онд төрөөс баримтлах мөнгөний бодлого”-д гадаадын банк оруулж ирэх талаар тусган батлав. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт УИХ-аар батлагдсан 2017 оны мөнгөний бодлогод   “Гадаадын банк, түүний салбар, нэгж болон бусад төрөлжсөн банкны үйлчилгээг нэвтрүүлэх боломжийг судалж, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох” гэсэн дэд заалт оруулсан билээ.  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын мэдээлсэнээр гадаадын дөрөв, таван банк Монголд салбараа нээх хүсэлт тавиад байгаа аж. Тэгвэл гадаадын банк оруулж ирхэд эсрэг байр суурьтай эдийн засагч, иргэд бий. Тэд гадаадын банк орж ирвэл Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн аюулгүй байдал алдагдана гэж буй. Харин дэмжигчид нь эдийн засгийн хямралыг даван туулхад чухад нөлөө үзүүлнэ. Мөн арилжааны банкуудын зээлийн өндөр хүү буурна гэсэн байр суурь илэрхийлж байна.  Ямартайч дийлэнх нь улсад орж ирэх мөнгөн урсгал татарсан өнөө үед гадаадын банк Монголд орж ирэх нь хямарсан эдийн засагт тус дэм болно гэж байгаа билээ. Эцэст нь хэлэхэд манай улсын төсөв, мөнгөний бодлого зөв байж эдийн засгийн хямралыг даван туулах хөтөлбөр нь үр дүнтэй хэрэгжвэл Монгол Улсын зээлжих зэрэглэл өсөх нь тодорхой. Үүнээс гадна монголчуудын амьдрал дээшилж улс төдийгүй энгийн ард нь өрнөөс гарч нуруу тэнийх цаг ирнэ гэсэн үг юм. Хамгийн гол нь эрх баригчдын бодлого зөв эсвэл буруу байсныг шүүх ганц шүүгч нь цаг хугацаа болоод байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан