Т.ЖАНЦАН
МУИС-ийн Нийгэм, соёлын антропологийн танхимын докторант, судлаач И.Бямбабаатартай монголчуудын эдийн засгийн харилцааны талаар ярилцлаа.
-Өнгөрсөн 26 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн бодлогыг ямар замаар явж ирсэн гэж та дүгнэдэг вэ?
-Би зөв, буруу замаар явсан эсэхийг дүгнэж хэлэхгүй. Эдийн засаг нь олон хэвтэй гэдгийг л онцлоод байгаа юм. Зөвхөн социалист, националист, капиталист маягийн байх албагүй. Тухайлбал, манай улс өнөөдөр капиталист маягийн эдийн засагтай. Үүнд монголчуудын уламжлалт аж амьдралын харилцаа гэж бий. Хүмүүс “хүнээ, монголоо алдаж юм бүрийг хөрөнгө мөнгөний төлөөх нүдээр харлаа” гэдэг. Эсвэл манай нийгэм авлигад автлаа гэж байгаа. Энэ бүхний үр урхаг юунд байна вэ гэдгийг тогтоохын тулд бид эдийн засгийн харилцаагаа эргэн харах ёстой. Капиталист маягийн эдийн засаг, хүний зан чанар, үнэт зүйл, үнэлэмж нь бусад улс оронд зөв байж болно. Харин монголчуудад тохирохгүй байгаа юм. Урд нь уламжлалт эдийн засгийн харилцаа байсан. Энэ нь ёс суртахуун, хүн чанар дээр үндэслэсэн юм. Үүнээс гадна социалист нийгмийн үед коммунизмын төлөө гэсэн үзэл санаанд тулгуурласан эдийн засагтай байлаа. Эдийн засгийн уламжлалт харилцаа заавал ил тод байдаггүй.
Энэ бүгд нь урд нь, одоо ч манай эдийн засгийн харилцаанд бий. Тэгээд хоорондоо мөргөлдөөд эхлэхээр хүний зан чанар өөрчлөгдсөн, эдийн засгийн харилцаа муудсан гэж харагдах болсон. Жишээ нь чи бид хоёр хөдөө саахалт буугаад мал маллаад амьдарч байсан гэж бодъё. Тэгээд бие биедээ өвс тэжээл бэлтгэх, хонь хургаа хяргах зэрэг ажилд нь туслаад явж байж. Улаанбаатар, төв суурин газарт ялгаагүй монголчууд хэн хэндээ тус дэм болж амьдарч ирсэн. Гэтэл капиталист маягийн эдийн засгийн үед бие биендээ туслахаа больж зөвхөн өөрийн төлөө, ашиг орлого олохын тулд ажиллаад эхэлсэн. Ингээд капиталист эдийн засгийн хэв маяг ороод ирэхээр чи, бид хоёр энэ ер нь болохоо болилоо, арай хэтэрч байна, ёс зүй, хүн чанар алга, амин хувиа хичээсэн, Монголоо алдсан гээд хараагаад эхэлдэг. Гэтэл Монгол ахуй соёлоос өөр аж амьдралтай, хөрөнгөтөн нийгэм хөгжсөн хүмүүсийн хувьд хүн өөрийн сайн сайхан амьдралын төлөө хөрөнгө босгох, өөрийн ашиг орлогоо бодох нь зөв. Хөрөнгө босгох ёстой, хуримтлуулах учиртай. Ингэж байж улсынхаа эдийн засгийг чирч явдаг жамтай. Тэгэхээр эдийн засгийн харилцаагаа өөрөөр харах ёстой болоод байгаа юм.
-Тэгэхээр энэ хямралын үндэс нь засаглал, эдийн засгийн тогтолцоо гэж байгаа. Иймд эдийн засагтаа шинэчлэлт хийх нь зөв юм байна гэж хэлж болох уу?
-Би бол эдийн засгийн өөр өөр хэлбэрүүд байгааг манай эрх баригчид, шийдвэр гаргагчид олж хараасай гэж хүсч байгаа юм. Өөрөөр хэлбэл уламжлалт маягийн харилцаан дээр тулгуурласан эдийн засгийн хэлбэрийг олж хараад өнөө цаг үед тохирч байгааг нь сонгон хөгжүүлэх учиртай. Тэгэхдээ ард түмний амьдралд тус дэмтэй эдийн засгийн харилцааг нь дэмжээд явах хэрэгтэй гэж хэлэх байна. Эдийн засгийн олон хэлбэр байхад ганцхан өнцгөөс харж бүхнийг шийдэх гэж оролдох нь үр дүнгүй. Тухайлбал, зах зээлийн буюу эрэлт, нийлүүлэлтээр бүх асуудлыг шийдэхээ л больчих гээд байгаа юм. Энэ эрэлт, нийлүүлэлтийн хууль нь магадгүй тохирох газраа тохирно. Бас тохирохгүй үе ч байна гэсэн үг. Үүнийг л бид өөр өөрөөр харах ёстой.
-Та монголчуудын ёс заншил, аж амьдралд тохирсон эдийн засгийн тогтолцоог л гаргаж ирэх ёстой гэж хэлээд байна аа даа?
-Үгүй. Би эдийн засгийн загвар яриагүй. Эдийн засаг гэдэг зүйлийг арай өөрөөр хардаг болъё гэж байгаа юм. Аливаа зүйлийг загварчлаад ирэхээр бурууддаг. Учир нь бүгдийг нь нэг хэвэнд багтаах гээд асгаж цутгаад байж болохгүй. Өөрөөр хэлбэл чи, бид хоёр хоорондоо адилгүй. Гэтэл адилхан болгох гээд хүчлээд байх нь утгагүй юм. Ийм учраас л манай эдийн засаг болохгүй байна. Дахин хэлэхэд эдийн засаг гэдэг бол олон хэлбэртэй. Үүнийг бодож тунгааж тохирсон хэв, хэлбэрийг нь сонгодог болоосой гээд байгаа юм.
-Монголчуудын амьжиргаагаа залгуулж ирсэн хэлбэр мэдээж мал аж ахуй. Тэгвэл зах зээлийн эдийн засгийн үед хэрхэн өөрчлөгдөв. Одоо ямар байна гэж та дүгнэж байгаа вэ?
-Дэлхийн банкны 1990-ээд онд хийсэн судалгаанууд бий. Эдгээр судалгаанаас үзэхэд 1996 оны үед хүн амын гуравны нэгээс дээш хувь нь амьжиргааны баталгаажих түвшинээс доогуур амьдарч байна гэсэн. Ийм судалгаа олон байдаг. Би монголчуудын амьжиргаагаа залгуулж байгаа хэлбэрүүд ямар байсан тухай судалгаа хийсэн. Тэгвэл монголчуудын бие биендээ туслаж дэмжиж ирсэн харилцаа нь мөнгөөр хэмжиж болшгүй зүйл. Жишээ нь, цэцэрлэгт яваагүй 1970, 1980-аад оны маш олон хүүхэд бий. Тэд цэцэрлэгт заавал явах ёстой. Эсвэл хэн нэгэн хөршид мөнгө төлж харуулах ёстой юу гэвэл үгүй л гэнэ. Айл хөрш хүмүүс бие биедээ тус дэм болоод л гэрт үлдсэн хүүхдүүдийг нь харж амьдардаг байсан. Гэртээ үлдсэн хүүхдүүд шүдэнз галаар тоглож байвал айл, хөршийнхөн нь “боль болдоггүй юм” гэдгийг хэлж ухааруулдаг байлаа. Эцэг эх нь үр хүүхдээ гэртээ орхиод л ажилдаа явна. Хөршүүддээ ч тэр бүр харж байгаарай гэж захидаггүй. Энэ бол “Саахалт айлын санаа нэг” гэдэг монгол үгийн биелэл, хэн нэгэндээ санаа тавьж амьдарч ирсэн харилцааны уламжлалт хэлбэр юм. Одоо бол бүгдийг мөнгөөр хэмжээд эхэлсэн. Тэгэхээр энэ бүгдийг мөнгөөр хэмжих нь буруу юм. Хэмжих газраа хэмж. Хэмжихгүй газраа хэмжихгүй л байх ёстой гэж хэлээд байна.
-Өнөөгийн эдийн засгийн хямралаас гарах ямар гарц байна. Үүнд монголчуудын уламжлалт харилцаа яаж нөлөөлөх бол?
-Одоогийн эдийн засгийн хямрал нь өр, дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ унасан гээд олон хүчин зүйлээс боллоо гэж ярьдаг. Энд капиталист эдийн засгийн ойлголтууд яригдаж байна. Хувь хүн дээр энэ нь хэрхэн тусч, яаж даван гарах гэж хичээж байна вэ гэдгийг судлах хэрэгтэй. Урьд нь хийсэн судалгаанаасаа харж байхад эдийн засаг хямрах үед капиталист маягийн харилцаанаас илүү бие биендээ тусалдаг уламжлалт зүйл нь тодрон гарч ирдэг юм билээ. Хүмүүс ямар ч үед амьдрах аргаа олдог. Үүнд төр саад болох уу эсвэл чиглүүлэх, туслах ёстой юу гэдгээ л сайтар бодох хэрэгтэй гэж үзэж байна.
-Монгол Улсын эдийн засаг социалист нийгмээс ардчилсан нийгэмд шилжсэн 1990-ээд онд айхтар хямарсан. Энэ хямралаас гарах гарц нь юу байсан гэж та судлаач хүний хувьд үзэж байна вэ?
-Энэ хямралыг даван туулхад тусалсан үндсэн гурван зүйл бий. Эхнийх нь уламжлалт хөдөө аж ахуй. Хоёрдугаарт, байгалийн дагалдах нөөц бүтээгдэхүүн. Үүнд, самар, жимс түүнийг зарж борлуулж байсан явдал орно. Гуравдугаарт хаягдал түүхий эдийн экспорт юм. Тэгэхээр хаягдал төмөр, зэс, гууль зэргийг Хятад руу гаргасан. Оросын цэргийн баазад асар их хөрөнгө оруулсан байв. Түүнийгээ орхиод явахад үнэлэмж нь багасч хаягдал болсон. Энэ бүх зүйл дээр манай эдийн засаг сэргэж босч ирсэн байдаг. Үүнээс гадна Хятад, Монгол, Оросын хооронд наймаа хийдэг хүн ч олон болсон. Өнөөдөр ийм тохиолдол, үйл явц давтагдана гэж байхгүй. Түүх болоод л үлдсэн юм. Одоо хүмүүс амьжиргаагаа залгуулах, хямралаас гарахын тул хоршсон хэлбэрүүд бүхий эдийн засгийн харилцаа гарч ирэх л байх. Хамгийн гол нь бидний хувьд ямар бололцоо боломж байгааг олж харах хэрэгтэй.
-Тэгвэл таны хувьд хямралаас гарахад тус дэм болох эдийн засгийн хоршсон ямар харилцаа ажиглагдаж байна вэ?
-Жишээ нь, байгаль хамгаалалтай холбоотой асуудлууд байна. Байгалийн нөөц баялгийн хуваарилалтын асуудал бий. Тухайлбал, төрөөс эсвэл лиценз эзэмшигч компаниуд тухайн орон нутгийн иргэдийг хохироохгүй үйл ажиллагаа явуулах ёстой. Ингэж чадахгүй бол хүмүүс тэр баялгаа өөрсдөө авах оролдлого гаргаж байна. Иймээс орон нутагт нинжа гэдэг хүмүүс олширсон. Үүнийг буруутгах аргагүй. Хүмүүс амьжиргаагаа залгуулах аргаа олох гээд л үзэж байгаа юм. Нэг ёсондоо бидэнд баялаг хуваарилахгүй юм бол өөрсдөө авчихъя л гэж байгаа хэрэг. Үүнээс гадна байгаль хамгаалах асуудал гарч ирсэн. Ингээд ард түмэн байгаль орчин доройтуулж буй хүмүүсээс хөрөнгө босгож авах сонирхолтой болсон. Энэ нь буруу зүйл ч бас биш. Орон нутгаа хамгаалахын зэрэгцээ амьжиргаагаа залгуулах мөнгө босгох гэж байгаа арга юм. Ийм маягаар янз бүрийн хэлбэрүүд гарч ирэх байх.
-Та 1990 онд эдийн засгийн хямралаас гарахад хаягдал түүхий эд тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэлээ. Энэ талаар тодруулж өгнө үү?
-Антрапологийнхон хүний түүхийг яриулж судалдаг. Гэхдээ хувь хүний нууцтай холбоотой баримтыг олонд дэлгэдэггүй. Ерөнхийд нь яръя. Социализмын үед түүхий эдийн агентууд гэж байлаа. Хүмүүс зэс, гууль тушаадаг. Үүнд, үндэслэж хаягдал төмөр, зэс, гууль зэрэг түүхий эдийг хятадуудад зарж мөнгө олж амьжиргаагаа залгуулсан хүмүүс ч бий. Мөн Монголд ажиллаж амьдарч байсан оросууд нутаг буцахад эдэлж хэрэглэж байсан зүйлээ “дэлбэлээд” орхиод явсан. Тэр үлдсэн зүйлийг нь манайхан цуглуулан зарахыг нь зарж түүхий эд болгон тушаахыг нь тушаасан юм. Эдгээрээс гадна Монголын төрөөс өмч хувьчлал явуулсан. Ялангуяа хөдөө аж ахуйн ашигладаг, ашигладаггүй маш их тоног төхөөрөмж, машин тэрэгийг иргэд авсан. Өөрөөр хэлбэл хэрэгтэй хэрэггүй ажиллахаа больсон маш олон тоног төхөөрөмж хаягдал төмөр байсан. Тэр бүгдийг хятад руу зарсан байдаг. Тухайн үед төр засаг хил гаалиа нээж өгчээ. Амь зуулгын ийм хоршсон үйл явц 1990-ээд онд болсон юм. Нийгэм өөрчлөгдөж бүх зүйл нуран унасан, Хятадад төмрийн хэрэгцээ маш их байсан учраас хүмүүс энэ дундаас амьдрах аргаа л олсон гэсэн үг.