Б.МЯГМАРЖАВ
Мал аж ахуй эрхлэн амьдралаа залгуулдаг монголчуудын хувьд мал, малын гаралтай түүхий эд борлуулах нь орлогын эх үүсвэр болдог. Гэтэл сүүлийн жилүүдэд уул уурхай хөгжихийн хэрээр мал аж ахуйн салбарыг хойш тавьж байгаа гэхэд хилсдэхгүй. Наанадаж малын гаралтай түүхий эд үнэгүйдэж, гадагш гаргах урсгал хомсдсон. Нөгөө талаар малын халдварт өвчин, үржил шим өгөөжийг сайжруулахын төлөө бус тооны хойноос л малчид хөөцөлдөж байгаа нь малын гаралтай бүтээгдэхүүний борлуулалт цаашлаад экспортод сөргөөр нөлөөлсөөр байна. Үнэндээ монгол малын бүтээгдэхүүнийг байгалийн, бэлчээрийн органик үйлдвэрлэл гэдгээр нь олон улсын зах зээлд таниулах боломж бий. Тухайлбал, Хангайн сарлагийн самнасан хөөвөр, Алтайн торомны ноосыг дэлхийн зах зээлд хоёр дахин өндөр үнээр худалдан борлуулах боломжтой гэнэ.
Архангай аймгийн “Баянлиг хангайн сор” дундын хоршооны тэргүүн С.Жамбалдорж “Манай хоршоо одоогоор дотоодын үйлдвэрүүдэд ноос нийлүүлж ,Англи улсын “Тенгри” компанид самнасан хөөвөр, торомны ноос нийлүүлэх урт хугацааны гэрээ байгуулан ажилладаг. Бид малчдынхаа боловсруулсан бүтээгдэхүүнийг үндэсний үйлдвэрлэгчид шууд нийлүүлэх, цаашлаад дэлхийн зах зээлд чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн гаргах талаар хичээн ажиллаж байна” хэмээсэн юм.
Нөгөөтэйгүүр малын гаралтай бүтээгдэхүүн махыг экспортод гаргахад хөрш улсуудын мал эмнэлгийн шаардлагыг хангадаггүй. 2010 оноос хойш манай улсад малын гоц халдварт өвчин гарах нь ихэссэн. Гэтэл мал эмнэлгийг хувьчилснаар малчид малаа тэр бүр вакцинд хамруулахгүй болсон аж. Уг нь, мал эмнэлгийг төрийн мэдэлд байлгаж нэгдсэн байдлаар малаа эрүүлжүүлэх вакциныг хийх хэрэгтэй. Дээр нь, мал эмнэлгүүдэд төлбөр мөнгийг нь шилжүүлэхгүй байгаагаас малын вакцинжуулалт удааширсан байна.
Энэ талаар Сүхбаатар аймгийн Дарьганга сумын малын эмч М.Батчулуун “Манай аймагт хонины цэцэг өвчин, шүлхий байнга гардаг. Малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортод гаргах гэхээсээ илүүтэйгээр малаа эрүүл байлгах талаар арга хэмжээ авах хэрэгтэй. Манайд суманд зургаан мал эмнэлэг үйл ажиллагаа явуулдаг. Уг нь, манай сум боомттой ойр болохоор малын гаралтай бүтээгдэхүүнээ экспортод гаргаж, малчдын орлогыг нэмэгдүүлэх боломжтой. Шүлхий өвчин гарсан сумдаа мал эмнэлгийн газрууд хувааж аваад жилд хоёр удаа тарилга вакцин хийдэг.
Гэтэл хавар тарилга хийхэд төрөөс жилийн эцэст тооцоо хийж мөнгөө шилжүүлдэг. Мал эмнэлгүүд мөнгөгүйдэж сумдаар явах шатахуунаа хүртэл зээлээр авдаг” гэж ярилаа.
Б.Очирбат: Үйлдвэрүүд дулааны аргаар боловсруулах технологи нэвтрүүлэх хэрэгтэй
Малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авч, хэрхэн ажиллах талаар Монголын махны холбооны гүйцэтгэх захирал Б.Очирбатаас зарим зүйлийг тодрууллаа.
-Малын гаралтай бүтээгдэхүүн тухайлбал, махыг экспортод гаргахад ямар бэрхшээл байна вэ. Малын халдварт өвчнөөс гадна?
-Малын махыг экспортод гаргахын тулд хамгийн түрүүнд малын өвчинтэй тэмцэх шаардлагатай. Сүүлийн жилүүдэд малын төрөл бүрийн өвчин нэмэгдэх болсон. Өмнө нь нэгдэл сангийн аж ахуйн гэсэн зохион байгуулалтаар явдаг байлаа. Гэтэл одоо бүх мал хувьчлагдаж, нэг малчин нэг уулын аманд амьдрах болсон. Иймээс уулын ам бүрт очиж вакцинжуулалт тарилга, туулга хийхэд хүндрэлтэй. Дээр нь мал эмнэлгийг хувьчилсан. Сумдын малын эмнэлгийн эмч нар захиалгаар л үйлчилдэг. Малчид ч тэр бүр малын эмч нарт дуудлага өгөхөө больсон. Болж өгвөл өөрсдөө янз бүрийн тарилга эм тарих болсон. Түүнчлэн улсаас хангадаг малын эм тариа,туулга, вакцины нийлүүлэлт багассан. Урьдчилан сэргийлэх ажил ч хийж чадахгүй байна. Малын өвчин дэгдлээ гэхэд л вакцин тарина.
-Малын өвчинтэй тэмцэхэд зөвхөн төрийн оролцоо гэхгүй малчдын өөрсдийнх нь үүрэг чухал байх?
-Мал сүрэг үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна гэж хуульд заасан. Энэ үүрэг малчдад ч оногдож байгаа нь тодорхой. Нэгэнт үндэсний баялгийг эзэмшиж ашиглаж байгаа малчид малаа эрүүлжүүлэх тал дээр онцгой анхаарах ёстой. Төрийн хамгаалалтыг малчид малын гоц халдварт өвчин дэгдсэн болон зуд болсон үед хүснэ. Гэтэл малын гоц халдварт өвчин гарсан үед төрийн хамгаалалтыг хэрэгжүүлэгч гол хүч мал эмнэлэг. Гэсэн ч энэ үйл ажиллагааг хэрэгжүүлэх гол хүчээ хувьчилсан.
-Малын гаралтай түүхий эд үнэгүйдэж байгаа талаар малчид гомдоллодог. Үүнийг та хэрхэн харж байна вэ?
-Түүхий эдийн үнэ унаж байгаа нь малчдын өөрсдийнх нь буруу. Учир нь, нэгдүгээрт малыг үйлдвэрийн аргаар нядлахгүй үс ноостой нь хольж арьсыг нь цоолдог. Мөн тарилга, угаалга хийхгүй байгаагаас хачиг шалзанд баригддаг. Ингэж арьсанд нь шарх, гэмтэл үүсдэг. Энэ мэт шалтгаанаас боловсруулалт хийж болохгүй гологдол болж, малын арьсны үнэ унаж байна. Энэ талаар малчдыг сургах хэрэгтэй. Гэвч сургалт хийх боломжооо бид алдсан. Учир нь, малчдын дипломыг олгохдоо малын гаралтай бүтээгдэхүүнийг хэрхэн бэлтгэх, бизнесийн анхан шатны бүсчилсэн сургалт хийх байсан юм. Гэтэл зүгээр гэрт нь очоод гардуулчихсан.
-Манай малыг өвчтэй гээд авахгүй байгаа үед бид ямар технологи нэвтрүүлэх хэрэгтэй юм бэ?
-Манай улсад малын гаралтай өвчин гарч хорио цээр тогтоочихсон болохоор түүхий болон хөлдүү мах экспортод гаргахгүй байгаа. Зөвхөн адууны мах бага хэмжээгээр БНХАУ-д гаргадаг. Гэхдээ манай компаниуд биш хятадууд өөрсдөө бэлтгээд компанийн нэр дээр гаргадаг. Харин дулааны аргаар боловсруулсан махыг зөвшөөрдөг. Таван компани мах чанаж боловсруулаад экспортод гаргаж байна. Манай орны нөхцөлд мах экспортод гаргах гол чиглэл дулааны аргаар боловсруулах. Дэлхийн аль ч улс авна. Тиймээс энэ технологи стандартыг бүх үйлдвэр аж ахуйн нэгжүүд нэвтрүүлэх учиртай. Манай холбоонд мал нядлах үйлдвэр болон мах махан бүтээгдэхүүн боловсруулдаг 50 гаруй компани харьяалагдаж байдаг.