Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Сумъяа: Байртай болчихвол түрээсэнд өгдөг мөнгөө тэмцээнийхээ зардалд зориулна


А.АКЭРКЭ

“Лиллехаммер-2016” залуу­чуудын өвлийн II олимпын наадамд Олон улсын хэмжээний мастер Б.Сумъяа гэх шавилхан биетэй охин түрүүлж, Монгол Улсаас төрсөн анхны өвлийн олимпын аварга болсон. Тэрээр холимог хосын төрөлд Итали, БНХАУ, БНСУ-ын тамирчидтай хамт оролцон, алтан медалиар энгэрээ мялаасан билээ.

Хэдийгээр тив, дэлхий, олимпын наадамд амжилт гаргасан тамирчдадаа холбогдох байгууллагууд, нутаг усныхан нь, спортыг дэмждэг албан байгууллагууд орон сууц өгдөг бичигдээгүй хуультай ч 17-хон насандаа ийн олимпын аваргын алтан медаль зүүсэн түүнийг “Хүндэт иргэн”, хүндэтгэлийн зоог зэргээр л аргацаагаад өнгөрсөн.

Авсан цалингаа түрээсийн байранд өгчихөөд ихийг мөрөөдөж суугаа отгон шавийнхаа өмнөөс Монгол Улсын тэшүүрийн спортын ууган гавьяат тамирчин, спортын мастер, дасгалжуулагч Л.Цэнд гуай л санаа зовинон суудаг аж. Тэрээр хэдхэн хоногийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Энэ амжилтыг үнэлэх ёстой. Олимпын аварга болоод ирж байхад нь сайхан хүлээж аваад, хоёр өрөө орон сууц өгчих болов уу гэж дотроо бодож л байсан. Олимпын аварга гэдэг бол хэн дуртай тамирчинд нь олддог алдар, амжилт ч биш. Бусад спортын төрлийг хараад байхад олимпын наадмаас медаль авсан тамирчиндаа байр өгөөд, дэмжээд байгаа харагддаг. Гэтэл тэшүүрийн тамирчинд  маань таг. Манай холбоо муу ажиллаж байгаагийнх л байх. Хөөцөлдвөл болохгүй юм гэж үгүй. Хөөцөлдөхгүй л байна.

Отгон шавийг маань үнэлэхгүй байгаад жаахан гоморхож л явна” хэмээн ярьжээ. Олимпын аварга хэмээх эрхэм алдрыг хүртэж, Монгол Улсын насанд хүрэгчдийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, улс, аймаг орон нутгийнхаа нэрийг дэлхийн хэмжээнд дуурсгаж яваа Дархан нутгийн унаган охин Б.Сумъяад дарханчууд, нутгийн зөвлөлийнхөн нь, УИХ-д сонгогдон ажиллаж байгаа гишүүд нь урам хайрлана  гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Маргааш  “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцохоор эх орноосоо мордох гээд бэлтгэлээ базааж байсан түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Өвлийн олимпын аварга болсноос тань хойш уулзаагүй юм байна. Энэ хугацаанд ямар тэмцээн, уралдаанд оролцов. Маргааш “Дэлхийн цом”-д явна гэж сонссон. Бэлтгэлээ хэр базаав?
-Залуучуудын өвлийн олимпоос хойш эх орондоо зохиогдсон тэмцээнүүдээс гадна олон улсын уралдаанд ч оролцсон. Мөн зуны бэлтгэлээ базаалаа. Харин саяхан Хятад руу 21 хоногийн цугларалтад яваад ирсэн. Дэлхийн залуучуудын цомын тэмцээн энэ сарын 26, 27-нд Беларусьт болно. Бэлтгэлээ базааж л байна.

-Та нарт тулгардаг нэг бэрхшээл нь бэлтгэл хийх газар. Эх орондоо бэлтгэлээ базаах боломж хомс. Тэгэхээр гадаадад бэлтгэл хийхэд холбооны зүгээс ямар тусламж дэмжлэг үзүүлдэг вэ?
-Гадаадад бэлтгэл сургуулилт хийх үед зарим тохиолдолд холбооноос, зарим үед Үндэсний шигшээ баг замын зардал гаргадаг. Саяхан болсон 21 хоногийн цугларалтад оролцох зардлыг Үндэсний шигшээ багаас гаргаж, дөрвөн тамирчин, нэг дасгалжуулагчийн хамт яваад ирлээ. Манай улсад стандартын мөс байдаггүй л дээ. Тийм болохоор зуны бэлтгэл хийхэд л тохиромжтой. Гадаадын ихэнх тамирчин наймдугаар сараас эхлээд гулгаж, бэлтгэлээ базаадаг. Гэтэл бид өнгөрсөн аравдугаар сараас л мөсөн дээр гарч байх жишээтэй. Энэ мэт бага зэрэг хүндрэлтэй асуудал бий. Жишээ болгож хэлэхэд бид гадаад руу очиж мөсөн дээр гарахгүйгээр Монголдоо бэлтгэлээ хийе гэвэл арванхоёрдугаар сард л боломжтой байдаг. Энэ үед л мөс тавигддаг юм. Гурван сар хүрэхтэй, үгүйтэй хугацаанд тэр мөс нь хайлчихдаг. Тиймээс энэ хугацаанд бэлтгэл хийдэг гэсэн үг.

-“Дэлхийн цом”-ын эхний сорилоо хэр өгөв?
-Гайгүй шүү. Хамгийн анхны мөсний бэлтгэлээ хийгээд сорил өгөхөд өмнөх амжилтаа ахиулсан байсан. Энхбаяр багшийн удирдлага дор бид бэлтгэл хийдэг. Багш маань спортын мастер, Үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч. Дээрх амжилтаас харахад бидний зуны бэлтгэл их үр дүнтэй байсны илрэл юм болов уу. Ер нь, тамирчдын маань өнгөрсөн жилийн амжилт эхний сорил дээрээс ахисан, өөрчлөгдсөн байсан.

-Зардал мөнгө жаахан асуудалтай байгаа сураг дуулдсан. Энэ асуудлаа хэрхэн шийдвэрлэв?
-Манай Тэшүүрийн холбооноос зардал, мөнгө гаргах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр нь Үндэсний шигшээ багт хүсэлт тавьсан чинь төсөв мөнгө хүрэлцэхгүй байна, гаргаж өгч чадахгүй гэсэн хариу хэлсэн. ОУХМ Зоригтбаатар бид хоёр ярьж байгаад багшийнхаа зардлыг хувааж гаргахаар болсон. Ер нь бид гурав өөрсдийнхөө мөнгөөр зардлаа даагаад явна гэсэн үг.

-Дэмжиж, туслах албан байгууллага, компани олдохгүй байгаа хэрэг үү?
-Тийм байгууллагууд байдаггүй ээ. Тэр бүү хэл тэшүүрийн спортыг ч сайн мэддэггүй. Тиймдээ ч тэр үү туслая, дэмжие гэдэг бай­гууллага олддоггүй. Өнгөр­сөн жил Зоригтбаатар бид хоёр олимпын эрх авахаар арваннэгдүгээр сард болсон залуучуудын хоёр ч тэмцээнл амжилт гаргасан болохоор “саяхан Олон ул­сын Тэшүүрийн холбооноос тэтгэлэг ирсэн. Тэрнээсээ илүүчлээд энэ удаагийн тэмцээний зардлаа гаргаж байгаа.

-Тэшүүрийн спортыг сайн мэддэггүй гэлээ. Харин ч чамайг өвлийн олимпын аварга болсны дараа хүмүүс илүү сонирхдог болсон юм шиг санагддаг?
-Монголчууд бид чинь өөрсдийгөө цас мөсний оронд амьдардаг гэж ярих дуртай ч цана, тэшүүрээ ялгаж мэддэггүй. Намайг өвлийн олимпын аварга болсны дараа хүмүүс нэлээд мэдээлэлтэй болж, сонирхсон гэдэг нь үнэн. Гэхдээ тэрхэн үедээ л шуураад өнгөрсөн. Одоо бараг мартсан байлгүй. Үнэндээ өвлийн спортыг хаа хаанаа хаячихсан шүү дээ. Хүмүүсийн мэддэг нь жүдо, чөлөөт бөх, бокс. Тэшүүр гэхээр “өө нөгөө цана уу” гэдэг.

-Ямар ч тамирчинд урам хамгийн их дэм өгдөг. Тухайн үед өөрөө чамлахааргүй амжилт гаргаад ирсэн болохоор дотроо урам, урамшуулал нууцхан хүлээж байсан болов уу?
-Дарханчууд маань намайг Хүндэт иргэн болгосон. МҮОХ болохоор тэмцээнд оролцох зардал, мөнгийг гаргаснаас гадна ирсний дараа тодорхой хэмжээний урамшуулал өгсөн. Мөн “Алдар” спорт хороо хүлээж авсан. Засгийн газраас мөн урамшуулал олгосон. Өөрөөр урамшуулсан газар байхгүй. Би өөрөө гайгүй амжилт үзүүлчихлээ гэж баярлаад байдаг, харин хүмүүс ойшоохгүй болохоор гомдмоор ч юм шиг санагддаг. Тэгээд хүмүүст заавал мэдрүүлэх ёстой биш шүү дээ гэж өөрийгөө тайвшруулдаг.

-Паралимпын наадмаас хүрэл медаль хүртсэн Э.Содномпилжээ гэхэд саяхан байртай болсон. Тэр өөрөө энэ сэдлийг фэйсбүүк хуудсаараа дамжуулж өгсөн шүү. Харин өөрийн тань хувьд дэндүү даруухан байна уу, даа?
-Угаасаа даруухан талдаа. Яахав одоохондоо өөрийгөө аргалаад л явж байна. Ахтайгаа хамт түрээсийн байранд амьдардаг болохоор байр авна гэсэн зорилго бий. Сард авдаг цалингийнхаа ихэнхийг байрныхаа түрээсэнд өгдөг. Хэрвээ байртай болчихвол түрээсэнд өгдөг мөнгөөрөө хуримтлал үүсгэж, зарим тэмцээн уралдааныхаа зардлыг гаргана гэсэн бодолтой явдаг. Ийм боломж гарч ирэх байх аа. Мэдээж хүн болсон хойно, хэцүү үе тохионо. Мөнгөгүй үедээ ээж, ааваасаа, ах эгч нараасаа гуйна. Энэ мэтээр өөрийгөө болгож л байна.

-Өөрийн тань гаргасан амжилтыг урамшуулаагүй явдалд багш тань нэлээд жинтэй үг хэлж, хэвлэлүүдэд ярилцлага өгсөн байсан?
-Тийм байна билээ. Гэхдээ Залуучуудын олимпын талаар хүмүүс төдийлэн мэддэггүй. Мөн энэ их азтай охин, хүчтэй багт хуваарилагдаад зүгээр явж байгаад алтан медаль авсан гэх нэгэн ч байсан. Энэ мэтээр миний хөдөлмөрийг үгүйсгэсэнд жаахан гомддог. Урам өгөхгүй байж, ингэж үгүйсгэсэн нь сэтгэл зүйн дарамтад оруулдаг юм билээ. Тамирчин хүнд сэтгэл зүй хамгийн чухал байдаг. Жаахан магтаалд баярлаж, урамшдаг. Харин муу хэлүүлэхдээ сэтгэлээр уначихдаг.

-Ингэхэд сэтгэл зүйг чинь хэн бэлддэг вэ?
-Багш. Манай багш бүх зүйлийг хариуцдаг. Бэлтгэл сургуулилт хийлгэнэ, сэтгэл зүйг бэлтгэнэ гээд л. Үнэндээ хүүхэд бүрт хүрч ажиллаж, бэлтгэлийг нь тааруулах хэцүү байдаг байх.

-Уг нь, тухайн тамирчныхаа бэлтгэлийг базаах газар, тэмцээнд оролцох зардалд холбоо санаа тавьдаг байх ёстой биз дээ?
-Холбооны ажил муу байгаа нь тамирчдад хүнд, дарамт болдог юм. Хамгийн наад захын жишээ гэхэд тамирчдын хэрэглэл, материал байна. Төсөв, хөрөнгөөрөө тамирчдынхаа хангамж, хэрэглээг сайжруулах тал дээр ер санаа тавьдаггүй. Бид чинь аль 2008, 2009 онд авч байсан хувцсаа өмсч бэлтгэлээ базаадаг. Аль гайгүйг нь хоорондоо дамжуулж өмсч тэмцээнд оролцдог. Энэ нь үнэхээр хүндрэлтэй байдаг юм.

-Хамгийн гол нь гадаад улс оронд зохиогдох тэмцээнд Б.Сумъяа гэж хувь хүн очихгүй. Монгол Улсын тамирчин гэж л хэлнэ. Ний нуугүй хэлэхэд ичих тохиолдол гардаг л байх?
-Ичих үе нэг биш гарна. Бидний өмсч уралддаг хувцас гэхэд энд, тэндээ уранхай, цоорхойтой. Мөн нэг хувцсаа гандтал өмсөнө. Харин өнгөрсөн жил Солонгосоос тусламжаар ирсэн цэнхэр өнгөтэй хувцсыг бидэнд өгсөн. Тэр нь бас чанарын шаардлага хангадаггүй. Тиймээс тэмцээнд оролцохдоо гадаадын тамирчидтай өөрсдийгөө харьцуулж үзэх бүртээ ичдэг. Тэд чинь тэмцээн бүрт шинэ хувцастай ирдэг юм. Цаашлаад хэрэглэл, материал гээд зөндөө юм бий.

-Тэгвэл хэрэглэл, мате­риалыг чинь хамгийн сүүлд хэзээ шинэчилж өгсөн бэ?
-2009 билүү 2010 онд. Гэхдээ бид гадаадын тэмцээн, уралдаанд оролцохдоо тэшүүрээ ирлэдэг билүү чулуугаа хувиараа мөнгө нийлүүлээд авчихдаг юм.

-Одоо оролцох тэмцээндээ ямар хувцас өмсөх юм?
-Цэнхэр хувцсаа өмсөнө. Хүүхдүүдэд байгаа хувцаснуудаас аль гайгүйг нь шилж, сонгоод авч явна даа.

-Холбооны зүгээс зардал мөнгөөр тусалж чадахгүй гэдгээ мэдэгдэж. Өөрөөр туслая гэх юм уу?
-Ямар ч хэлбэрээр тусалж дэмжиж чадахгүй гэсэн. Гайхаад л байгаа. Өнгөрсөн жилийн өдийд ч гэсэн хэл амтайхан явсан. Ер нь, манай холбооныхон хувийн ашиг сонирхол ихтэй байдаг юм шиг санагддаг. Дотроо ч жаахан зөрчилтэй байдаг юм шиг ээ. Уг нь, манай тамирчдад санаа зовох зүйлгүйгээр бэлтгэлээ базаагаад байвал амжилт ойрхон байгаа. Гэтэл бүхий л зүйлд санаа зовохын хажуугаар холбооны дотоод асуудлыг ч гэсэн боддог жишээтэй. Өнгөрсөн долдугаар сард Үндэсний шигшээ баг байгуулагдахад дасгалжуулагчийн сонгон шалгаруулалт хийхдээ бөөн асуудал болсон. Арай л гэж манай дасгалжуулагч сонгогдсон. Ер нь, тамирчдадаа нэмэр болоод байдаг зүйл байдаггүй шүү дээ, манай холбооныхонд. Мөнгөгүй ч гэсэн хөрөнгө оруулагч олох, тамирчдаа аль нэг байгууллагын харьяаллынх болгох ажил хийж болмоор доо. Үнэндээ холбоо тамирчдад хаалттай байдаг, төсөв мөнгө нь юунд зарцуулагддагийг бид мэдэхгүй. Энэ мэт асуудал олон бий.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан