Б.БАДРАЛ
Зөвлөлт ба Америк гэсэн хоёр улс дэлхийг хуваан захирч байсан цагт аль улсад ямар дэглэм тогтоох, хэний нөлөөллийн хүрээнд байхыг тэд л шийддэг байв. Зөвлөлт өөрт “сайн дураар нэгдсэн” гэгддэг 14 бүгд найрамдах улсаас эхлээд Унгар, Польш, Чехословак, Монгол гээд олон оронд өөрийн хүмүүсээр төр бариулж, өөрийн улс төр, эдийн засгийн эрх ашгийг хамгаалдаг, хэрэгтэй гэж үзвэл хэлмэгдүүлэлт явуулдаг байсан.
Зөвлөлт үгүй болоход тун удахгүй дэлхий даяар цэнгэлийн манлайд хүрч жаргана гэдэгт бараг бүгд шахуу итгэсэн. Гэвч Америк тэргүүтэй өрнөдийн орнууд дангаар ноёлдог боллоо гээд эзэн ноён солигдсон, бүгд нэг их ардчилал ба эрх тэгш байдал ярих болсон, олон арван жил тайван амгалан байсан бүс нутаг дайн тулаан, алан хядлагын давалгаанд дарагдсан, байсхийгээд эдийн засгийн хямрал үүсчихдэг, хямралаар ядуус улам ядуурч, баячуул улам баяждаг болсон гэхээс өөр онц өөрчлөлт гарсангүй гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх. Энэ байдал дэлхий даяар жирийн иргэдэд таалагдахгүй болж эхэлсэн тухай яриа явсаар хамгийн эхний эрс том бөгөөд онцгой өөрчлөлт гарлаа. Тэр нь Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон явдал. Трамп гарч ирснээр Зөвлөлт сүйрсний дараах шилжилтийн эрин дуусч улс орнуудын хоорондын харилцааны шинэ үе эхэлнэ гэж бодож байгаа хүн олон байна.
Хэн сууж хэн унахыг шийддэг хүчирхэг гүрний тэргүүн цаашид ардчилал, хүний эрхийн төлөө энд тэнд төр эргүүлж, дайн тулаан хийх сонирхолгүй, ард иргэдийнхээ амьдралд голлон анхаарна гэж амалсан болохоор аргагүй биз. Гэвч юм үзэж хашир суусан судлаачид Трамп гарлаа гээд байдал онц өөрчлөгдөхгүй гэцгээж байна. Шалтгаан нь улс оронд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газар солигдож болох ч эдийн засаг ба улс төрийн эрх ашиг мөнхөд байдаг.
Ямар ч улс, ямар ч засаглалын үед түүнээ хамгаалдаг. Иймд Америк шинэ Ерөнхийлөгчтэй боллоо гээд дэлхийд цэрэг арми, улс төр, эдийн засаг гээд бүх л салбарт тэргүүлэгчийнхээ байр суурийг алдахыг хүсэхгүй нь мэдээж. Харин эрх ашгаа хамгаалахын төлөөх тэмцэлд ардчилал, хүний эрх энэ тэр тийм ч чухал биш зүйл, гол төлөв халхавч бамбай төдий л байдаг.
“Манай талын новш”
АНУ тэргүүтэй өрнө дахин урьдын дангаар ноёлох нэг өөрчлөлт гарсан. Тэд хаа нэгтээ төрийн эргэлт хийж, өөрийн хүнээ томилчихоод “Цаадах чинь новш нь новш л доо, гэхдээ манай талын новш” гээд ил цагаан яриад явж болохгүй болж таарсан. Хуучин ингэж хэл болдог, америкчууд, өрнөд европынхон үүнд дургүйцээд байдаггүй байв.
“Манай талын новш”-ууд гэхээр Чилийн Пиночет, Никарагуагийн Сомос, Экваторын Гвиней Мбасого, Филиппинийн Маркос, Заирын Секо, Боливийн Бансер, Парагвайн Стресснер, Грек дэх “хар хурандаа нарын засаглал”, Бразилийн цэргийн хунт, Кубын Батиста гээд захаас авахуулаад жишээ олон. Дарангуйлагч Зөвлөлтөөс нэг их дутахгүй байсан хэрэг. Харин Зөвлөлт сүйрч “коммунизмын хий үзэгдэл дэлхий даяар хэрэн тэнэж” улс орон хүн амьтныг айлгадгаа болиход байдал өөрчлөгдсөн. Өмнөх шигээ Зөвлөлтийн эсвэл улааны аюул гээд айлгахад итгэдэг хүн үгүй болсон.
Мөнхийн ашиг сонирхол
Гэвч улааны хий үзэгдлийн аюул үгүй боллоо гээд дэлхийн хаа нэгтээ өөрийн эдийн засаг, улс төрийн эрх ашгийг хамгаалах шаардлага үгүй болоогүй, урьдын адил байсаар. Энэхүү эрх ашгаа хамгаалах хамгийн найдвартай арга нь улс төрийн хямрал бий болгон дэмжих эсвэл шууд зэвсэг хэрэглэх явдал гэдгийг хүн төрөлхтний түүх харуулна. Цаашид ч тийм байсаар байх биз. Өрнө дахины хувьд илэрхий дайсан үгүй болсон үед юуны өмнө өөрийн сонгогчдод үнэмшилтэй, итгэл төрүүлэхүйц тайлбар өгөх шаардлага гарсан. Ардчилсан засаглалтай улсууд тул өөр арга байхгүй. Сонгогчдод хангалттай үнэмшилтэй тайлбар өгч чадаагүй нам, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч дараагийн сонгуулиар ялахгүй. Тэгээд ч интернэт, үүрэн телефоны харилцаа бий болсноор мэдээллийн хүртээмж, ач холбогдол асар ихээр нэмэгдсэн нь үнэн ярьж байгаа гэдгээ нотлох баримт бий болгохоос эхлээд олон бэрхшээл бий болгосон.
Ийм нөхцөлд “ардчилал”, “хүний эрх”, “авлигын эсрэг”, “мэдээллийн чөлөөт байдал” гэх мэт ямар ч нийгэмд амин чухал, ямагт анхаарлын төвд байдаг зүйлсийг ашиглах нь хамгийн зөв гэсэн шийдвэр гаргасанд гайхах зүйлгүй. Тэгээд ч Зөвлөлт нуран унасны дараа шинээр үүссэн, хараат бус болсон улсууд дахь “ардчилал”, “хүний эрх”, “авлигын эсрэг”, “эрх тэгш байдал” нь Америк тэргүүтэй өрнөдийн улсуудтай зүйрлэх аргагүй доор, бараг үгүй шахуу хэмжээнд байсан тун ашигтай зүйл байжээ. Үнэхээр засах, өөрчлөх, шинэчлэх зүйл асар их байна гэсэн үг. Ингэснээр өрнөдийнхөн өөрийн эрх ашгаа хамгаалах үйлдлээ ардчилал, хүний эрхийн төлөө, авлигын эсрэг, нийгмийн эрх тэгш байдлын төлөө, мэдээллийн чөлөөт байдлын төлөө хийж байна гэх болсон. Эрх тэгш байдал, ардчилал, хүний эрхийн эсрэг байгаа талд дуртай хүн нэг ч байхгүй.
Эрх ашгаа хамгаалсан жишээ
Эрх ашгаа хамгаалахын тулд илэрхий давуу тал байхад ашиглахгүй бол нүгэл. Яаж ашигласныг дэлхий даяар сайн мэдэж байгаа ч дахиад нэг тоочиход илүүдэхгүй байх. Америк тэргүүтэй өрнөдийн орнууд эрх ашгаа хэрхэн яаж хамгаалсныг бүгд мэднэ. Хамгийн эхэнд үгүй болсон Югославын тэргүүн асан Милошевич, дараа нь Иракийн Саддам, Ливийн Каддафи гээд бүгдийн мэддэгээс эхлээд Украйны Янукович, Гүржийн Шевардназе, Пакистаны Мушараф мэтээр тоочоод байвал олон хүн байдгийг улс төр судлаачид хэлээд өгнө. Харин Трамп ялснаар нэг ялгаа гарч магадгүй болсон. Тэр нь: Америк цаашид ардчиллын төлөө олон тэрбум ам.долларыг үргүй зарцуулахаа болино. Өөрөөр хэлбэл, ардчилал, хүний эрх чухал ч гэлээ америкийн татвар төлөгчдийн мөнгө илүү чухал. Амин чухал шаардлагагүй л бол мөнгө зарахгүй.
Мөнгө чухал ч бүр илүү чухал зүйлс бий
Гэхдээ мөнгө чухал гээд улс төрийг орхигдуулж болохгүй тул өмнөх жилүүдэд элдэв хувьсгал, төрийн эргэлтээр уначихалгүй тогтож үлдсэн цөөн хэдэн “дарангуйлагчийн” асуудлыг Трамп ба түүний баг гарцаагүй шийдэх ёстой болно. Тэдний нэрийг нь бүгд мэдэх болохоор тоочих нь илүүц байх. Гэхдээ үнэн хэрэг дээрээ Трампын шийдэх ёстой ээдрээг Америкийн эрх ашгийг хамгаалахын төлөөх цөмийн зэвсэг, ашигт малтмал, улс төрийн нөлөөллийн асуудал гэж нэрлэж болно.
Нэн тэргүүнд Орос ба Америкийн асуудал гарч ирнэ. Трамп өмнөх Ерөнхийлөгч нартай адил Оросыг илэрхий дорд үзсэн эсвэл дайсагнасан бодлого явуулахгүй, дэлхий дахины өмнө тулгарсан чухал асуудлыг шийдэхийн тулд хамтрахад бэлэн гэсэн. Гэвч Америкийн мөнхийн эрх ашгийг хамгаалах дээр тулахаар амлалт юу ч болж хувирч магадгүй. Тэгээд ч 2018 онд Орост Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Өрнөдөд төдийгүй улсынхаа дотоодод дарангуйлагч энэ тэр гэж хэлэгдэж байгаа Путин ба түүнийг дэмжигчдийг нэг мөр унагах сайхан боломж. Оросын нөлөөний асуудлыг шийдээд авбал нэг зэрэг олон асуудлыг шийдэх боломж нээгдэнэ. Иймд 2018 оны Оросын Ерөнхийлөгчийн сонгууль дэлхий дахины ирээдүйн хувьд Америкийн сонгуулиас дутахааргүй чухал болж хувирна. Тэгээд ч Америкийг бүрэн устгаж чадах цорын ганц улс нь ОХУ. Мөн газрын тос ба шатдаг хийгээр Өрнөд Европын хангадаг төдийгүй ирээдүйн гол өрсөлдөгч Хятадын хувьд зэвсгийн хамгийн том түнш.
Дараагийн чухал асуудал нь Хятад. Хятадад өрнө дахиныхны үзэн яддаг коммунист нам төр барьсан хэвээр байгаа. Иймд Хятадыг хүний эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа тухай яриа байсхийгээд гардаг нь мэдээж. Түүнээс гадна Хятад нь цөмийн зэвсгийн хүчин чадлаараа Орос, Америкийн дараа гуравдугаарт ордог улс. Газрын тосноос эхлээд нүүрс, зэс гээд ашигт малтмалын хамгийн их худалдан авагч, хэрэглэгч. Эдийн засаг ба цэрэг зэвсгийн чадвар нь өдөр хоногоор өсөн нэмэгдэж байгаа тул гарцаагүй зөрчилдөх хэрэг гарна. Тэгээд ч Трамп манай урд хөршийг “валютын луйварчин” гэж нэрлээд цаашид тогтоон барих арга хэмжээ авч эхэлнэ гэсэн. Дээр нь өрнөдийн бүх том компани энэ улс руу үндсэн үйлдвэрлэлээ гаргасан. Тиймээс Трамп амлалтаа биелүүлэн Америкийн үйлдвэрүүдийг эгүүлэн Америк руу татах боллоо гэж бодоход л том ээдрээ үүснэ.
Трампын шийдэх ёстой дараагийн нэг асуудал нь Хойд Солонгос. Энэ улс цөмийн зэвсэгтэй, дундын тусгалын пуужинтай болсноор Солонгосын хойгт тун ээдрээтэй байдал үүссэн. Сири эсвэл Ирак, Ливи шиг цэргийн хүчээр асуудлыг шийдэх боломжгүй болсон хэрэг. Ким Чен Уны цөмийн зэвсгийн аюулаас хамгаалахын тулд Өмнөд Солонгосын урилгаар пуужингийн дайралтаас хамгаалах ТНААD системийг өмнөдөд байршуулах болоод байгаа. Хятад ба Оросын хувьд энэ тун таагүй мэдээ.
Дараагийн асуудал нь Иран. Барак Обама Ираны цөмийн хөтөлбөрийг хэсэгчлэн хаасны хариуд эдийн засгийн хориг арга хэмжээг цуцалсан явдлыг Трамп маш ихээр шүүмжилсэн. Ираныг нууцаар цөмийн зэвсэг үйлдвэрлэсэн хэвээр байгаа, бүс нутгийн аюулгүй байдалд хамгийн их заналхийлж байгаа орон гэсэн утгатай мэдэгдэл хийж байсан. Иран нь Сири, Йемен гэх мэт улсууд дахь шиит босогчдыг байнга дэмждэг бөгөөд бүс нутаг дахь Америкийн гол холбоотон Саудын Аравийн өрсөлдөгч. Иймд Трампыг цөмийн станц, чухал объектуудыг нь бөмбөгдөж магадгүй тухай ч яригдаж байгаа. Иран нь газрын тос шатдаг хийн асар их баялагтайг мартаж болохгүй. Казахстан, Туркменистан гэсэн хоёр улсын асуудал бас байгаа. Назарбаев, Бердымухамедов хоёрыг дарангуйлагчид гэж өрнө дахин ямагт шүүмжилдэг. Тэгээд ч энэ хоёр газрын тос, шатдаг хийнээс эхлээд зэс хүртэл янз бүрийн ашигт малтмалаар баялаг бөгөөд Орос, Хятадын хувьд шатдаг хий, газрын тосны асар том нийлүүлэгч. Хятадын явуулж байгаа шинэ торгоны замын бодлогын хувьд нэн чухал тул хоёр улсад их бага гэлтгүй өөрийн хяналтаа тогтоох шаардлага зайлшгүй гарч ирнэ. Дээр нь, Европыг Оросын шатдаг хийн хамаарлаас чөлөөлөх тухай олон жил яригдаж байгаа төслийг хэрэгжүүлэхэд Туркменистан маш чухал үүрэг гүйцэтгэх ёстой гэж тооцогддог. Соёлтой, боловсон, ардчилсан үзэлт Хиллари Клинтоныг ялвал энэ бүх ээдрээг эдгээр улсын дотоод асуудалд оролцох хэмжээг эрс нэмэгдүүлэх, ялангуяа Оростой холбоотой асуудлыг зэвсгийн хүчээр шийдэх тухай яригдаж байсан. Иймд бүдүүлэг, эрээ цээргүй, арьсын өнгөөр гадуурхагч, Путиний тагнуул гэгдсэн Трамп энэ бүхнийг хэрхэн шийдэх нь сонин.