Б.БАДРАЛ
Энэ тухай Германы Үндсэн хуулийг хамгаалах холбооны албаны тэргүүн Ханс-Георг Маассен мэдэгджээ. Тэрээр “Ройтер” агентлагт ярилцлага өгөхдөө, Оросын эрх баригчид хэвлэл мэдээллийн хэрэгслээр хуурамч мэдээлэл түгээх замаар дараа жил Германд болох парламентын сонгуулийн үр дүнд нөлөөлж болзошгүй гэсэн байна. Ханс-Георг Маассен нь нөлөөлөх оролдлогын жишээ болгож өнгөрсөн жил Берлин хотноо сири цагаачид орос охиныг хүчиндсэн гэх хуурамч мэдээг дурдсан байна. Тухайн үед Германы орос цагаачдын гэр бүлээс гаралтай 13 настай охин өөрийг нь сири цагаачид хулгайлан хүчиндсэн гэсэн мэдээлэл олны анхаарлыг маш ихээр татаж байв. Гэвч Германы цагдаа нар нарийвчилсан шалгалт явуулаад охиныг хулгайлсан эсвэл хүчирхийлсэн гэх нэг ч шинж тэмдэг илрүүлээгүй гэж байсан юм. Үүний дараа Герман дахь орос цагаачдын дунд эсэргүүцлийн жагсаал цуглаан болж цагаачдын тухай таагүй мэдээ Орос ба Германы зарим хэвлэлээр тархаж байсан.