Б.БАДРАЛ
Хэвлэл мэдээллийн салбарт дэлхийд тэргүүлэгчдийн нэг гэж тооцогддог Британийн “ВВС” агентлаг 11 хэлээр мэдээлэл цацдаг шинэ албад байгуулахаар болсноо албан ёсоор зарлажээ. Энэ бол “ВВС”-ийн түүхэнд 1940 оноос хойш хийгдэж байгаа хамгийн өргөн цар хүрээтэй өргөтгөл. “ВВС” корпорацын Ерөнхий захирал Тони Холл “Энэ бол “ВВС”-ийн хувьд түүхэн өдөр. Бид 1940 оноос хойш Дэлхийн мэдээний албыг хамгийн өргөн цар хүрээтэй томруулж байна. Дэлхийн мэдээний алба нь “ВВС”-ийн төдийгүй Британи улсын титэм дэх алмаз эрдэнийн чимэг. Бид удахгүй 100 жилийнхээ ойг тэмдэглэнэ. Би “ВВС”-г дэлхий даяар хагас тэрбум хэрэглэгчдэдээ эрх чөлөөт бөгөөд объектив сэтгүүл зүйн хамгийн шилдэг болгоныг хүргэсэн, өөртөө итгэлтэй, нээлттэй хэвээр явна гэж харж байна” гэжээ.
Шаардлага
Өрнөдийн орнууд Сирийн иргэний дайн, Украйны асуудал, Крымийн хойг, Лалын алан хядагчид гээд олон зүйл дээр Орос ба түүнийг дэмжигч орнуудтай ам зөрөх болсон нь иймэрхүү арга хэмжээ авахад хүргэсэн гол хүчин зүйл болсон. Оросын мэдээллийн агентлагууд, телевизийн сувгууд мэдээллийн дайн явуулж, өрнөдийн үзэгчид, уншигчдын толгойг эргүүлж байгаа тухай, энэ дайралтаас хамгаалах арга зам, өөрийн мэдээллээ улам олон хүнд хүргэх сэдвийг Их Британи, АНУ ба Европын холбооны мэдээллийн агентлагууд онцгой анхаарах болсон. Мэдээллийн дайны хүрээнд дэлхийн хэмжээний төдийгүй бүс нутгийн улс төр, эдийн засагтай холбоотой мэдээнд түлхүү анхаарах шаардлага гарсан тухай яригдаж байсан. Тухайлбал, Крымийн хойгийг нэгтгэсэн асуудал дээр өрнөдийн агентлагууд нь Оросын явуулж байгаа мэдээллийн дайралтад дарагдсан гэж болно. Учир нь, Крым гэж хаана байдаг, ямар түүхтэй гэх мэт олон зүйлсийг их гүрнүүд төдийгүй бүс нутгийн улс орнууд мэддэггүй нь энэ хойгийг Орос өөртөө тайван замаар нэгтгэх гол хүчин зүйлийн нэг гэсэн яриа байв. Энэ мэт яриа “ВВС”-ийн дэлхийн мэдээний албыг томруулах шийдвэр гаргасанд багагүй нөлөөлсөн байх.
“ВВС”-ийн дэлхийн мэдээний албаны захирал Франческа Ансуорт “Дайн тулаан, хувьсгал ба глобал өөрчлөлтийн цаг үед дэлхий даяар хүмүүс хараат бус, итгэл төрүүлэх, объектив мэдээлэл авахын тулд манай албанд хандаж байна. Маш олон газар хүсэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нэмэгдэх биш улам бүр хумигдаж байгаа энэ үед бид хараат бус мэдээлэл түгээгчийн хувьд XXI зуунд ч анхаарлын төвд хэвээр байх болно. ...Улам бүр олон хүн Дэлхийн мэдээний албанаас бэлтгэж байгаа мэдээг зурагтаар үзэж байгаа төдийгүй гадаад хэл дээрх олон агентлагууд зөвхөн интернэтэд үйл ажиллагаа явуулдаг. Иймд бид тоон өөрчлөлтөө, ялангуяа залуучуудад зориулсан тоон өөрчлөлтийг хурдасган мэдээний видео хураангуй үйлдвэрлэхэд хөрөнгө оруулалт хийх болно” гэжээ.
Ингэснээр “ВВС”-ийн Дэлхийн мэдээний алба 2017 оноос ахмар, гужарати, игбо, солонгос, маратхи, оромо, пижин, панжаб, телугу, тигринья, йоруба гэсэн хэл дээр тогтмол мэдээ, мэдээлэл явуулж эхэлнэ. “ВВС”-ийн мэдээлэл цацдаг хэлийн тоо 40 хүрнэ гэсэн үг. Шинээр нэмэгдсэн хэл дотроос солонгосоос бусдыг хүмүүс бараг мэдэхгүй. Гэвч эдгээр хэлийг зүгээр сонгож аваагүй нь харагдаж байна.
Сонголт
Тухайлбал, гужарат хэл нь Энэтхэгийн Гужарат мужийн албан ёсны хэл ч Пакистан, Арабын нэгдсэн Эмират, Саудын Арави, Өмнөд Африк гэх мэт улсад нийт 45 сая гаруй хүн ярьдаг. Панжаби хэл нь Пакистаны зүүн нутаг, Энэтхэгийн баруун хойд нутагт өргөн тархсан байдаг бөгөөд энэ хэлээр Энэтхэгт 28 сая, Пакистанд 76 сая, Британид 2 сая хүн ярьдаг. Энэтхэг Пакистан хоёр нь газар нутгийн маргаантай, байнга их бага хэмжээний зэвсэгт мөргөлдөөн хийж байдаг, цөмийн зэвсэгтэй улс гэдгийг бүгд мэддэг болохоор ийм сонголт хийж байгаад гайхах зүйлгүй.
Йоруба хэл нь Африкийн Нигери, Гана, Того, Бенин гэх мэт улсад амьдардаг йорубчуудын хэл бөгөөд нийт 30 сая гаруй хүн энэ хэлээр ярьдаг. Игбо хэл бол Нигерийн хамгийн олон хүнтэй үндэстний ярьдаг хэл. Ахмар гэдэг нь Этиопын үндэсний хэл. Сүүлийн үед БНХАУ нь Нигери гэх мэт Африкийн ядуу орнуудад олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, байгалийн баялгийг нь өөрийн болгож байгааг зарим судлаачид шинэ хэлбэрийн колоничлол гэж шүүмжлэх, энэ талаар ул үндэстэй судалгаа явуулах, хариу арга хэмжээ авах асуудалд дэлхийн нийтийн анхаарлыг хандуулах гээд удаж байгаа ч бодит үр дүнд хүрээгүй л байгаа.
Пижин нь хоорондоо гарал өөр, харилцан ойлголцох боломжгүй хэлээр ярьдаг хоёр ба түүнээс олон үндэстэн амьдардаг газар үүсдэг хялбаршуулсан хэл. Пижин хэл нь хэрэглэж байгаа нэг ч бүлгийн хувьд төрөлх хэл биш гэсэн онцлогтой, юуны өмнө арилжаа наймаатай холбоотой мэдээлэл солилцох зориулалттай хялбар хэрэгсэл болж өгдөг. Англи хэлний “business” гэдэг үгийн хятад дуудлагаас үүссэн болохоор “пижин” гэсэн нэр авсан. XVIII-XIX зууны Кантон хотод наймаа хийж байсан англичууд, хятадууд, португальчууд ашигладаг байсан ярианы хэл. Гэхдээ пижин хэл одоо ч ач холбогдлоо алдаагүй, эдийн засгийн чухал ач холбогдолтой боомт хотуудад хүмүүс ярьсаар. Энэ хэлээр нэвтрүүлэг цацна гэхээр ямар бүс нутагт амьдардаг хүмүүст зориулагдсан нь ойлгомжтой байх.
Үүнээс гадна “ВВС” нь Оростой хил залгаа орнуудад зориулсан бүс нутгийн мэдээ бүхий орос хэл дээрх мэдээллийн хураангуйг тараадаг болно. Африк тивд Сахарын цөлөөс өмнө зүгт байрласан бүх улс орнуудад зориулсан 30 гаруй хөтөлбөр гаргана. Хойд Солонгост зориулсан радио нэвтрүүлгийг өдөр болгон явуулж байхаар болсон төдийгүй олон нийтийн сүлжээ, вэб сайтуудад Хойд Солонгост зориулагдсан мэдээллийг солонгос хэл дээр байрлуулж байхаар болжээ. Мөн англи хэл сургах, сэтгүүлчдийг бэлдэх, гадаад мэдээ түгээлтийг сайжруулахад онцгой анхаардаг болно гэсэн байна.
Зорилт
Энэ бүх өргөтгөлийн дараа “ВВС”-ийн Дэлхийн мэдээний алба 2022 он гэхэд 500 сая хүнд тогтмол мэдээлэл хүргэдэг болох аж. Их Британийн Засгийн газар энэ зорилгоор тус корпорацид 289 сая фунт стерлингийн төсөв баталж өгчээ. Мэдээллээ хүргэж байгаа хэлний тоо, мэдээллийн байнгын хэрэглэгчдийн тоо, хамардаг бүс нутаг зэргээр “BBC” дэлхийн бусад мэдээллийн агентлагтай зүйрлэхээргүй хүчирхэг болно гэсэн үг. Дэлхийн хоёрдугаар дайн дуусах хүртэл Их Британи нь хамгийн өргөн уудам газар нутгийг захирч байсан их гүрэн юм. АНУ, Канад, Австрали, Энэтхэг, Пакистан, Хонконг, Африк тивийн ихээхэн хэсэг бүгд л нэгэн цагт энэ гүрний мэдэлд багтдаг колони байсан. Харин мэдээлэл нэн чухал болсон орчин үед дэлхийг бүрхсэн мэдээллийн хүчирхэг гүрэн бий болгох нь гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх.
Дэлхийн хамгийн хүчирхэгийн тоонд ордог өөр нэг агентлаг болох “Agence France Presse” (AFP) нь Франц ба дэлхийд болж байгаа үйл явдлын талаар зургаан хэл дээр 24 цагийн турш дэлхий даяар мэдээлэл түгээдэг. Мэдээллийн өөр нэг аварга агентлаг “Cable News Network” (CNN) нь АНУ ба дэлхий даяар болж байгаа үйл явдлыг найман хэл дээр 24 цагийн турш цацаж байдаг. Европын холбоо ба дэлхийн мэдээ хүргэдэг Европын холбооны 24 цагийн мэдээллийн “Euronews” суваг нь мэдээгээ 9 хэл дээр хөрвүүлэн цацдаг.
“Reuters” агентлаг нь 2500 гаруй сэтгүүлч, фото сурвалжлагч, зураглаач нарыг багтаан 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж, 14 хэлээр мэдээ, мэдээлэл бэлдэж цацдаг гэдгээрээ “ВВС”-гийн цар хүрээнд дөхөж магадгүй.
Дэлхийн хэмжээний мэдээллийн агентлагууд нь өрнөдийнх гэсэн онцлогтой. Бүр тодруулбал, АНУ, Их Британи, Франц, Герман гэсэн дөрвөн их гүрэн олон улсын мэдээллийг дэлхий дахинаа түгээх салбарт ноёлдог, бүрэн хяналтадаа байлгадаг гэж болно. Хятад, Орос, Энэтхэг зэрэг улсын мэдээллийн агентлагууд үндсэндээ өөрийн орны иргэдэд мэдээлэл түгээхэд голлон анхаардаг онцлогтой байгаад сүүлийн үеэс л байр сууриа дэлхий дахинд өөрт ашигтайгаар цацаж, түгээхэд анхаарч эхэлсэн.